Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

  2020           04           10                                      2020/ШЦТ/351

 

 

 

     

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.Н- түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас И овогт Б-ын Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 188021000922 тоот хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... олон улсын дээд сургуулийн ... дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ....тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И овогт Б-ын Н-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Н- нь Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.О-гийн “Н.О-” нэртэй facebook хэрэглэгчийн, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн М.О-ийн “М.О-э” нэртэй facebook хэрэглэгчийн, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Б-гийн “Б-” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн Н.О-, М.О-э, Г.Б- нарын цахим мэдээлийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилсөн, сүлжээг ашиглах боломжгүй болгосон,

2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл буюу Н.О-гийн facebook хаягийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” худалдааны төвд ажил дээрээ байсан иргэн Т.Сайнзаяаг “...зээлээ төлөх гэсэн юм, эгчдээ мөнгө шилжүүлээч, маргааш өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг Дота.мн сайтын Хаан банкны 5000760838 дугаарын данс руу шилжүүлэн тус сайтаас 60.000 төгрөгийн үнэ бүхий цахим тоглоомын айтем гэх хэрэгслийг авч залилсан,

2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл буюу М.О-ийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвд ажил дээрээ байсан иргэн Ч.Г-г “...дүүдээ 100.000 төгрөг зээлээч, банкны зээл төлөх гэсэн юм. ...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшилийн Хаан банкны 5751198078 дугаарын дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл буюу Б.Б-гийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрийн орчимд байсан иргэн Д.О-г “найздаа 80.000 төгрөг зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751198078 дугаарын дансаар 80.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл буюу иргэн Б.Б-гийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ачлал” их дэлгүүрийн орчим явж байсан Х.А-гийн facebook хаяг руу “80.000 төгрөг зээлээч” гэж бичиж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 80.000 төгрөгийг Хаан банкны 5751198078 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд хүний цахим хэрэгсэлийг нэвтрэх боломжгүй болгосон гэж байна. Анх сайтыг ашиглахад хүний цахим хэрэгслийн нууц үгийг эвдэж ордог учир сайтыг ашиглаж байх үед нууц үг солигдсон байх боломжтой. Би нууц үгийг солиогүй. Сайтыг ашиглаж буй хүмүүс линкэн дээр дарснаар тухайн хүний цахим хэрэгсэл рүү нь нэвтрэх боломжтой болдог. Яллах дүгнэлтэд хүний чат устгасан гэж байна би зөвхөн хүнээс мөнгө залилахдаа бичсэн чатыг устгасан. Хувь хүний чат устгаж, мэдээллийг нь өөрчлөөгүй. Баянгол дүүргээс миний үйлдсэн нэг хэрэг илэрсэн. Шалгагдаж байх хугацаандаа буруу зүйл хийсэн гэдгээ ухаараад өөрийн дансны хуулгыг банкнаас гаргаж, цагдаа нарт өгсөн. Дансны хуулгаас миний залилж мөнгө авсан хоёр хэргийг илрүүлж хохирогчдыг тогтоосон” гэв.

         

1. Шүүгдэгч Б.Н- нь Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.О-гийн “Н.О-” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч    иргэн Н.О-гийн цахим мэдээлийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл оруулсан, үйл ажиллагааг хязгаарласан,

2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл буюу Н.О-гийн facebook хаягийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” худалдааны төвд ажил дээрээ байсан иргэн Т.Сайнзаяаг “... зээлээ төлөх гэсэн юм, эгчдээ мөнгө шилжүүлээч, маргааш өгье” гэж цахим  хэрэгсэл ашиглаж төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг Дота.мн сайтын Хаан банкны 5000760838 дугаарын данс руу шилжүүлэн тус сайтаас 60.000 төгрөгийн үнэ бүхий цахим тоглоомын айтем гэх хэрэгслийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Сайнзаяагийн “Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажил буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Макс худалдааны төв дотор байж байхад манай нагац эгч Н.О- гэсэн хаягнаас миний Т.Сайнзаяа гэсэн facebook хаягийн чат руу  байна уу, гэж бичихээр нь байна гэхэд 60.000 төгрөг зээлээч зээлээ төлөх гэсийн гээд гуйхад нь маргааш өгөөрэй сэлбэг авах мөнгө шүү гээд би дансны дугаарыг нь асуухад 5000760838 гэсэн Анхлхагва гэх хүний дансны дугаар өгсөн. Тэгээд гүйлгээний утга дээр нь RT56L9 гэж бичээрэй сунгах код шүү гэсэн. Тэгээд би данс руу нь мөнгө хийсэн. Тэгээд таг чимээгүй болохоор нь О- эгчийн 88842686 дугаарын утас руу залгаад яасан болсон уу гэхэд урдаас юу болсон уу гэж асуусан. Тэгэхээр нь би болсон явдлыг хэлэхэд юун мөнгө би facebook ороогүй байна, чамайг хэлэхээр шалгаж үзлээ, би чамаас мөнгө аваагүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай эгч хааяа мөнгө зээлээд аваад буцаагаад өгдөг юм. Өөрийнхөөр facebook хаягнаас бичээд байсан болохоор нь найдвартай л байх гэж бодсон юм. Би 5000760838 гэсэн данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Би алдсан мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр хуудас/

Гэрч Б.С-ын “Энэ данс бол миний эхнэр Анхлхагвын данс байгаа юм. Би энэ дансыг өөрийн ажиллуулдаг Dota.mn сайтын үйл ажиллагаанд ашигладаг юм. Манай сайт нь Дота 2 гэдэг тоглоомын айтем гэх хэрэгслийг худалдаж авч буцааж борлуулдаг сайт байгаа юм. Манай сайтын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Толя Сайнзаяа гэх хүнээс 60.000 төгрөг орж ирсэн байсан. Энэ мөнгөнд Item авсан хүнийг одоохондоо мэдэхгүй байна. Тэгэхдээ хандсан хаяг манай сайт дээр бүртгэлтэй мэдээллийг гаргаж өгч болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 12 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн “... Тухайн компьютерт интернэт орчинд хийсэн зүйлийг харах зорилгоор Desktop хэсэгт байх Google Chrome-ыг дарж түүний History хэсгийг шалгаж ямар зорилгоор хэрэглэдэгийг тодруулахад ... 3. Z-Shadows.us /facebook-ийн нэвтрэх нэр нууц үгийг авахад хэрэглэдэг link/ ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 16-17 дугаар хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн “... Хохирогч Сайнзаяагийн facebook хуудас руу нэвтэрч орон О- гэх хүнтэй зурвас илгээсэн хэсэг рүү ороход “... О-: 60.000 төгрөг зээлэх боломж байна уу, маргааш өгье. Сайнзаяа: Маргааш өгвөл байгаа, маргааш гарч сэлбэг авна гэсэн машины, О-: Ашгүй банкны мөнгөн хийх ёстой, данс явуулъя, бичээд аваарай, Сайнзаяа: Маргааш данс руу хийнэ шүү, О-: Тэгнээ, өглөө 10 цагаас болно биз дээ, тэрнээс эрт чадахгүй байх, Сайнзаяа: Дансаа явуул, О-: 5000760838 ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 18-20 дугаар хуудас/

Хас банкны 5002356271 тоот дансны хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 24-25 дугаар хуудас/

          Хаан банкны 5000760838 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

          Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ facebook  орж байсан юм. Ингээд youtube сайтаас Z-Shadows.us гэсэн сайтыг олоод орж үзсэн. Ингээд Z-Shadows гэсэн линкийг өөрийнхөө facebook-т тавьсан чинь О- гэж хүн миний facebook-тээ тавьсан программыг үзсэн байсан. Тэгсэн чинь тэр О- гэх хүний facebook-ийнх нь  нууц үг, нэрийнх нь талаархи мэдээлэл Z-Shadows программ дээр ирсэн. Ингээд тэр хүний мэдээллийнх нь дагуу би О-  гэх хүний facebook рүү нэвтэрч ороод Сайнзаяа гэж найз руу нь чат бичээд 60.000 төгрөг зээлээч гэсэн чинь дансаа явуулчих гэхээр нь би Анхлхагва гэж Дота.мн тоглоомын сайт ажиллуулдаг хүний дансыг өгсөн. Тэгсэн чинь тэр данс руу 60.000 төгрөг явуулсан. Тэгээд би явуулсан мөнгөөр нь Дота.мн сайтаас айтем гээд дота тоглоомын хэрэгсэл худалдаж аваад тоглоомоо тоглосон. Тэгээд би цагдаад баригдаж магадгүй гэж бодоод дахиж Z-Shadows программыг ашиглаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          2. Шүүгдэгч Б.Н- нь Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн М.О-ийн “М.О-э” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн М.О-ийн цахим мэдээлийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулсан, үйл ажиллагааг хязгаарласан,

          2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл буюу М.О-ийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвд ажил дээрээ байсан иргэн Ч.Г-г “... дүүдээ 100.000 төгрөг зээлээч, банкны зээл төлөх гэсэн юм. ...” гэж цахим  хэрэгсэл ашиглаж төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшилийн Хаан банкны 5751198078 дугаарын дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хаан банкны 5019280560 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар хуудас/

Хохирогч Ч.Г-гийн “2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт ажил дээрээ байхад ажлын хүний facebook хаягнаас “байна уу анай, сайхан амарч байна уу, та дүүдээ 100.000 төгрөг зээлээч, дүү нь өнөөдөр банкны мөнгөтэй” гэж хэлэхээр нь би “орлого байна, үдээс хойш орлого явуулна” гэж бичсэн. Над руу “за” гэж явуулахаар нь би “дансаа” гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс “анай таньд 100.000 төгрөг байхгүй юу” гэж асуухаар нь “дансаа явуул” гэтэл “одоо юу, тийн, над руу за анай 100.000 төгрөг шүү” гэж явуулаад “за анай би зээл төлөх дансаа явуулах уу” гээд 5751198078 гэсэн данс явуулсан байхаар нь би “утга дээр нь юу гэж бичих вэ” гэж асуухад “О-э” гээд биччих гэж хэлэхээр нь би мөнгөө интернэт банкаар шилжүүлэхэд Н- гэсэн нэр гарч ирсэн. Би мөнгөө шилжүүлээд О-э рүү залгаад “эгч нь мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлэхэд “би ажил дээрээ байна ш дээ, би мессэж бичээгүй” гэж хэлсэн. Тэгээд Хаан банк руу ярихад цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Би нийт 100.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 104-105 дугаар хуудас/

“... О-ийг л юм байх гэж бодоод 100.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Би иймэрхүү залилан гадуур үйлдэгдээд байгааг ёстой мэдсэнгүй ээ. О-ийн facebook мессенжер хаягаас мөнгө байвал яаралтай шилжүүлээч, банкны лизингийн мөнгө хийх гэсэн юм гэхээр нь итгээд шилжүүлчихсэн юмаа. Хохирол төлөгдөөгүй байгаа. 100.000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулаад авчих юм бол гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 106 дугаар хуудас/

М.О-ийн гэрчээр өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн үед манай нөгөө ээлжний худалдагч эгч миний 96001386 гэсэн утас руу залгаад “мөнгө шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь би “юун мөнгө бэ” гэж асуухад андуурчихаж гээд гар утсаа салгатал удалгүй ахиж залгаад “чи над руу сая чатаар 100.000 төгрөг гялс явуулчих” гэж хэлсэн биз дээ гэхэд “би тэгэж хэлээгүй ш дээ” гэж хэлчихээд өөрийн facebook хаяг руугаа орж чатаа шалгах гэтэл орж болохгүй нууц код нь солигдсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дүгээр хуудас/

М.О-ий хохирогчоор өгсөн “Би Макс молл худалдааны төвд худалдагч хийдэг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед би Хорооллын салбар дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байтал манай нөгөө ээлжний худалдагч Г- өөрийн 99725127 дугаарын утсаар залгаад эгч нь 100.000 төгрөгийг нь шилжүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь би гайхаад юун 100.000 төгрөг вэ гээд асуутал чи сая над руу чатаар 100.000 төгрөг  зээлүүлээч гэж бичсэн биздээ, тэгээд би шилжүүлчихлээ гэсэн. Тэгээд би Г-д тэгэж хэлээгүй гэдгээ хэлээд утсаа таслангуутаа шууд өөрийн М.О-э гэсэн facebook хаяг руугаа орох гэтэл болохгүй байсан. Тэгээд би шинэ код аваад facebook-рүүгээ орсон чинь миний бүх чатууд устсан байсан. … Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 3 дугаар хуудас/

          Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “ ... Мөн Г- гэж хохирогчийн мөнгийг төлж барагдуулсан. ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний бие дахиж энэ төрлийн гэмт хэрэг хийхгүй. Сургуульдаа сайн сурч, сургуулиа төгсөөд нийгэмд хэрэгтэй хүн болох зорилго, тэмүүлэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Байгальмаагийн “Б-” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн Г.Б-гийн цахим мэдээлийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулсан, үйл ажиллагааг нь хязгаарласан,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл буюу Б.Б-гийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрийн орчимд байсан иргэн Д.О-г “найздаа 80.000 төгрөг зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5751198078 дугаарын дансаар 80.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.О-гийн “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний facebook хаяганд манай найз Б-гийн хаягнаас “80.000 төгрөг зээлээч” гэсэн мессеж ирэхээр нь 5751198078 гэсэн Хаан банкны Н- гэсэн хүний данс руу 80.000 төгрөг хийсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Б- руу залгаж асуухад “би мөнгө аваагүй, чамтай чатлаагүй, facebook хаягийг хакердсан байна” гэж надад хэлсэн. ... Хуулийн дагуу шийдвэрлэж миний хохирлыг барагдуулж өгөөрэй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 136-137 дугаар хуудас/

Хаан банкны харилцагчийн Дашзэвэгийн О-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 149 дүгээр хуудас/

Хаан банкны харилцагч Болдбаатарын Н-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 164 дүгээр хуудас/

          Г.Б-гийн хохирогчоор өгсөн “2019 оны 04 дүгээр сард гэж санаж байна, манай найз Отгонтуяа миний дугаар луу залгаад “найзаасаа авсан мөнгөө шилжүүлэх боломж байна уу” гэхээр нь би “юун мөнгө билээ” гээд гайхаад асуусан чинь “яагаав дээ миний найз чинь хоёр хоногийн өмнө facebook-ээрээ над руу яаралтай мөнгө хэрэг болчихлоо 80.000 төгрөг шилжүүлээч гээд мөнгө авсан ш дээ” гээд надад нэг банкны дансны дугаар хэлээд байсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би facebook-рүүгээ оролгүй их удлаа, би чам руу тэгж бичээгүй ш дээ, тэгээд ч би чиний хэлээд байгаа дансны дугаарыг сонсож ч байгаагүй юм шиг байна, эсвэл нөгөө хакер гээд байдаг нь орчихсон юм биш биз дээ” гээд найздаа хэлтэл гайхаад тасалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм шиг байна. ... Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 8 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Б-гийн “Б-” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн Г.Б-гийн цахим мэдээлийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулсан, үйл ажиллагааг нь хязгаарласан,

          2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл буюу иргэн Б.Б-гийн facebook хаягийг ашиглан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ачлал” их дэлгүүрийн орчим явж байсан Х.А-гийн facebook хаяг руу “80.000 төгрөг зээлээч” гэж бичиж, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж 80.000 төгрөгийг Хаан банкны 5751198078 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хаан банкны харилцагч Хандаагийн А-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 163 дугаар хуудас/

Хохирогч Х.А-гийн “2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Ачлал их дэлгүүрийн гадаа явж байхад миний facebook хаяганд Б- найзаас маань “80.000 төгрөг 5751198078 тоот данс руу шилжүүлээч” гэсэн мессеж ирэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5022280383 тоот данснаар 5751198078 гэсэн Н- гэх хүний данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд найз Б-гаас маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөнгөө авахаар асуусан боловч Б- найз “миний facebook хаягийг хакердсан байна, би мөнгө аваагүй, өөрийнхөө facebook хаяг руу орж чадахгүй байна” гэж надад хэлсэн. ... Мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 168-169 дүгээр хуудас/

          Б.Б-гийн хохирогчоор өгсөн “2019 оны 04 дүгээр сарын эхээр гэж санагдаж байна. Манай найз танил А- над руу залгаад “найзаасаа зээлсэн мөнгөө өгөх боломж байна уу” гэхээр нь би гайхаад “юун мөнгө вэ, би чамаас мөнгө аваагүй зээлээгүй ш дээ, андуураад байгаа юм уу” гэж хэлсэн чинь “чи өчигдөр над руу өөрийнхөө facebook хаягнаас 80.000 төгрөг яаралтай шилжүүлэх боломж байна уу гээд Хаан банкны дансны дугаар явуулахаар чинь би явуулсан, данс руу чинь 80.000 төгрөг шилжүүлсэн ш дээ, чи өөрөө надаас авахдаа маргааш өгье гэсэн биз дээ” гэхээр нь би “facebook хаяг руугаа ороогүй удаж байна, би чам руу тэгж бичээгүй, би шалгаж үзье” гээд орох гэтэл алдаа заагаад орохгүй байсан. Тэгээд би А-д “миний facebook-ийг хакердсан юм шиг байна, би facebook хаяг руугаа нэвтэрч чадахгүй байна” гэж хэлсэн. Тэрнээс би А-гаас ямар ч мөнгө зээлж аваагүй. Тэгээд надад хэлсэн. Хаан банкны дансыг нь би огт мэдэхгүй юм байна лээ. ... Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 248 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Н- нь Z-Shadows.us сайтыг ашиглан facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий линкийг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.О-гийн “Н.О-” нэртэй facebook хэрэглэгчийн, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн М.О-ийн “М.О-э” нэртэй facebook хэрэглэгчийн, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Байгальмаагийн “Б-” нэртэй facebook хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн Н.О-, М.О-э, Г.Б- нарын цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулж, үйл ажиллагааг нь хязгаарласан, дээрх иргэдийн facebook хаягийг ашиглан Т.Сайнзаяа, Ч.Г-, Д.О-, Х.А- нараас бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлсэн нь дээрх нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н- нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч Т.Сайнзаяад хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “20.000 мөнгөн дэвсгэрт 3 ширхэг нийт 60.000 төгрөг мөнгө хүлээн авсан хохирогч Т.Сайнзаяа” /хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар хуудас/ мөн хохирогч Д.О-д хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “10.000-тын дэвсгэрт 8 ширхэг /80.000 төгрөг/ мөнгө хүлээн авсан хохирогч Д.О-” гэжээ. /хэргийн 195 дугаар хуудас/

          Хохирогч Ч.Г-гийн “... би хохирлын 100.000 төг-өө хүлээн авлаа” гэсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр хуудас/, хохирогч Х.А-гийн “Хохирогч Хандаа А- миний бие хохирлын 80.000 төгрөг хүлээн авлаа” гэсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтас 194 дүгээр хуудас/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Н-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.        

 

          Хэрэгт  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг ял оногдуулахдаа харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, түүнийг оюутан бөгөөд орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 2 жилээр тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ын Н-ийг цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулсан, үйл ажиллагааг хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Н-ийг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.