Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0417

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01029 0446 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн З.Б, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Завхан аймгийн С суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “***” ХХК-д ачигч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Дэнжийн *** тоотод гэртээ “Архи уусан байна гэж үглэлээ” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Г-ийг цээжин тус газар өшиглөж унагаан түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн З.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Дэнжийн *** тоотод байх гэртээ “архи уусан байна гэж үглэлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Г-ийн цээж рүү өшиглөж унагаан, түүний бие махбодод “дагзны хуйханд шарх, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч З.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй..” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- бид 2 гурван хүүхэдтэй. 2020 оны 2 дугаар сарын 10-ны орой намайг гэртээ байж байхад манай нөхөр гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Би нөхөртөө “чи яах гэж архи уусан юм” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд хөлөөрөө цээж хэсэгт өшиглөхөд би хойшоо саваад гал тогооны тавилга руу толгой хэсгээрээ унасан. Энэ үед миний толгой хэсгээс цус гарсан. Хэрэг 2020 оны 2 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн *** тоотод болсон. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Б хөлөөрөө өшиглөх үед би дагз хэсгээрээ хойш савж унаж гал тогооны тавилга мөргөснөөс учирсан гэмтэл байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2548 дугаартай “...Б.Г-ийн биед дагзны хуйханд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29-30 дугаар хуудас);

4. Шүүгдэгч З.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар хуудас);

 

5. Шүүгдэгч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн *** тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо *** байх түүхий эд борлуулдаг газар очиж хуванцар сав тушаасан. Тэгээд би буцаж гэртээ харих гэж явж байгаад *** ортол танил Батбаяр дэлгүүр дотор байсан. Батбаяр бид хоёр *** нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт байх Х гэх газар гудамжинд уусан. Тэгээд оройн 21 цагийн орчимд гэртээ очиход эхнэр Г ганцаараа байсан. Эхнэр намайг “чи архи уусан юм уу, яагаад архи уугаад байгаа юм” гээд үглээд байхаар нь би цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл эхнэр толгойн ар хэсгээрээ гал тогооны тавилга мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг (хх 38-41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч З.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч З.Б-, хохирогч Б.Г нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч З.Б нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч З.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан болно.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс нь өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хуулийг буцааж хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч хууль тогтоогч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Иймд шүүгдэгч З.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч З.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч З.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА