Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 20-р байрны 29 тоотод оршин суух, 1977 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Боржигин овогт Раднаан Хурцэцэг /РД:МА:77052909, утас:86842528/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг 6-р хэсгийн Ар зүрх гэх газар оршин суух, 1963 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Дэлгэржавхлант овогт Цэндийн Будсүрэн /РД:УГ:63113009, утас:80601545, 89977545/-д холбогдох

 

             Зээлийн төлбөрт 3550000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Хурцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Ц.Будсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Хурцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний ээжийн дүү Батбаяр гэж хүнтэй Ц.Будсүрэн эгч 5-6 жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа юм. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Будсүрэн эгч над руу утсаар залгаж, “ах бид хоёр чинь Багануурт байр авах гэсэн юм. Хамаатныхаа хүнээс хямд авч байгаа юм. Гэтэл 5000000 төгрөг дутчихлаа. Эгчдээ зээлээч, байраа өөрийн нэр дээр шилжүүлэнгүүтээ буцааж, зээлийн барьцаанд тавиад мөнгийг чинь буцаагаад өгчихнөө” гэж гуйсан. Тухайн үед миний наймааны эргэлтийн мөнгө надад байсан тул “та удахгүй өгч чадах юм уу” гэхэд байр барьцаанд тавихад 14 хоног л хэрэгтэй байдаг юм байна. Хугацаандаа өгнө өө гэхээр нь би тус болох санаатай зөвшөөрсөн. Ингээд би Улаанбаатар хот орж, та хаана байна. Би хотод ирчихлээ, мөнгө зээлэх юм уу гэхэд Будсүрэн эгч нь авалгүй яахав, одоо Багануураас гарлаа гэхээр нь би “Тэгвэл тань руу би зам дөхье” гээд Офицеруудын ордны тэнд хүлээж байгаад Будсүрэн эгчийг ирэхээр нь ойрхон нотариат дээр орж, 14 хоногийн хугацаатай хүүгүй, хугацаа хэтэрвэл хоног гутам 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 5,000,000 төгрөг зээлүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, мөнгөө Будсүрэн эгчид хүлээлгэж өгсөн. Гэрээ байгуулах, мөнгө хүлээлгэн өгөх үед миний нөхөр О.Пүрэвжав, миний ээж Г.Цагаан, ээжийн дүү Батбилэг нар надтай хамт явж байсан.

Гэтэл Ц.Будсүрэн эгч харилцан тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр О.Пүрэвжавын Хаан банкны дансанд 2500000 төгрөг шилжүүлсэн ба дараа нь 2014 оны 5 дугаар сард Батбилэг ахын эхнэр Энхцэцэгээр 200000 төгрөг өгч явуулсан. Миний бие нь энэ хугацаанд Ц.Будсүрэн эгчээс удаа дараа мөнгөө нэхсэн боловч үлдэгдэл 2300000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж, шүүх хуралдаанд оролцож байна. Иймд үндсэн зээл 2,300,000 төгрөг, алданги 1250000 төгрөг нийт 3550000 төгрөгийг Ц.Будсүрэнгээс гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

      Хариуцагч Ц.Будсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Батбаяртай сүүлд танилцаж гэр бүл болоод Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хоёр өрөө байр авсан юм. Гэтэл 5000000 төгрөг дутахаар нь Баярын эгч Цагаанд хэлтэл та хоёр орох оронтой болж байвал болж байна. Эгч нь та хоёрт 5000000 төгрөг зээлүүлье гэж хэлсэн. Тэгээд удалүй өөрөө утсаар яриад чи Улаанбаатар хот руу ор, би Хурцэцэг, Пүрэвжав хоёрт машин авч өгөх гэж байна. Чи Улаанбаатар хот руу орж ирээд авчих гэхээр нь Офицеруудын ордны тэнд уулзаад нотариатаар гэрээ хийгээд Хурцэцэгээс 5000000 төгрөг авсан юм. Тэгээд 2500000 төгрөгийг нь төлсөн. 2014 онд мөнгө өгч чадаагүй болохоор Цагаан эгчтэй уулзаад хэлтэл та нар мөнгөө цувуулаад ч болов өгөөрэй гэж хэлж байсан. 2015 онд Хурцэцэг надаас оюутан хүүхдээ явуулах гээд мөнгө хэрэгтэй байна гээд нэхэхээр нь Улаанбаатар хотын урт цагааны тэр хавьд байрладаг Банкин дээр очиж 700000 төгрөг шилжүүлсэн. Тэрний нотлох баримт нь байхгүй байгаа. Ямар ч байсан хэн нэгнийх нь дансанд хийсэн юм. Дараа нь баахан дарамталсан мессэж бичсэн байхаар нь Батбилэг, Энхцэцэг гэдэг хүмүүсээр бэлнээр 300.000 төгрөг өгч явуулсан. Тэгтэл энд Хурцэцэг 200.000 төгрөг хүлээж авсан гээд бичсэн байх юм. Тэгээд Цагаан эгч Зүүнхараад хоёр гутал,  хоёр дээл захиалаад хийлгэчихлээ мөнгө хэрэгтэй гэхээр нь 600000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Цагаан эгч хэлэхдээ тэр мөнгө бол миний мөнгө. Хурцэцэг, Пүрэвжав хоёрт ямар ч хамаагүй. Хурцэцэгээр чамтай гэрээ л байгуулуулсан болохоос миний мөнгө байгаа юм гэж 600000 төгрөг аваад явахдаа хэлж байсан. Мөн нөхөр бид хоёрыг алтны тээрэм ажиллуулж байхад Цагаан эгч ирээд та хоёр надад хэдэн шуудай алттай шороо өг тэгээд та хоёроос авах өрийг дуусгая гэхээр нь 7-8 шуудай алттай шороо авч өгөөд өр дууссан гэж бодоод явж байтал ийм зүйл болчихлоо, ... үндсэн нэхэмжлэлээс 2300000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги гэх 1250000 төгрөгийг нь төлөхгүй  гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болох 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, О.Пүрэвжавын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Хурцэцэг нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч Ц.Будсүрэнгээс үндсэн зээлийн төлбөрт 2300000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1250000 төгрөг нийт 3550000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Будсүрэн нэхэмжлэгч Р.Хурцэцэгийн нэхэмжилсэн 3550000 төгрөгнөөс 2300000 төгрөгийг нь төлнө. Алданги 1250000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

 

Хариуцагч Ц.Будсүрэн нь нэхэмжлэгч Р.Хурцэцэгээс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5000000 төгрөгийг  зээлж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгчид буцаан төлөх үүрэгтэйгээр зээлийн гэрээ байгуулсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Р.Хурцэцэг иргэн Ц.Будсүрэнд 5000000 төгрөгийг шилжүүлж, хүү тооцохгүй, харин хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.

 

Зохигч гэрээг бичгээр үйлдсэн байх ба уг гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Хурцэцэг нь хариуцагч Ц.Будсүрэнгийн мөнгө зээлэх өөрийнх нь хүсэл зорилгын дагуу 5000000 төгрөгийг гэрээний дээрхи нөхцөлөөр зээлдүүлэх талаар Ц.Будсүрэнтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд алдангийн хэмжээг Ц.Будсүрэн зөвшөөрөхгүй байсан бол зээлийн гэрээг байгуулахгүй байх боломжтой байсан гэж дүгнэлээ.

 

Учир нь уг зээлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг албадсан, дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба хариуцагч Ц.Будсүрэн нь өөрийн үйлдэл холбогдлын хор уршгийг ойлгон ухамсарлаж хүсэл зорилгынхоо дагуу гэрээ байгуулсан байна.

 

Шүүх хариуцагч Ц.Будсүрэнд нэхэмжлэлийн нэг хувийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгч түүний эдлэх эрх, хүлээх үүргийг нь  танилцуулж өгсөн ба хариуцагч хариу тайлбараа 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлагаас үндсэн төлбөр болох 2300000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа харин алданги 1250000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа ч уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 1150000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.Будсүрэнгээс 3450000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Хурцэцэгт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 3550000 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 71750 төгрөг төлснийг Сэлэнгэ аймаг Мандал сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Будсүрэнгээс 70150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Хурцэцэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ц.Будсүрэнгээс 3450000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Хурцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Хурцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71750 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Будсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Хурцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.ЭРДЭНЭБАТ.