Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0418

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00343 0383 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Д.Б, Монгол Улсын иргэн, *** оны *** сарын ***-ны өдөр Увс аймгийн *** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, “***" ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн *** дугаар байр *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Х-ийн *** тоотод амьдрах Д.Ж-ын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж гэрээс нь гарч явахдаа түүний эзэмшлийн “Samsung А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 555,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Д.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Х-ийн *** тоотод байх Д.Ж-ын гэрт архи согтууруулах ундаа хэрэглээд гарч явахдаа түүний эзэмшлийн “Samsung А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 555,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи уусан, согтуу байх үедээ найзынхаа гар утсыг авч гарсан байсан. Би сайн санахгүй байна, гар утсыг нь авчхаад алга болгосон байсан. Гэхдээ хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би баяжуулах үйлдвэрт механик Х-ийн ажил хийдэг тул надад ажлаа хийх боломжтой ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхрийн багын найзууд болох Б, А нар гэрт ирэхээр нь хоол унд хийж өгөөд Соёрхол нэртэй 0.75 литрийн архи авч өгсөн. Тухайн архийг хувааж ууж дуусгаад нөхөр бид хоёр унтсан. Харин тэр хоёр суугаад юм ярьж байсан. 17 цагийн орчим намайг сэрэхэд Б, А нар байхгүй, байшингийн хаалга онгорхой байхаар нь би хаалгаа хаачхаад буцаад унтсан. Шөнийн 22 цагийн орчим сэрээд хүнтэй ярих гээд “Samsung А-50” маркийн гар утсаа хайтал олдоогүй. Би тэр даруй нөхрөө сэрээгээд Б-ын гар утас руу залгуулж, “Samsung А-50” маркийн гар утас авсан уу гэж асуутал А-ийг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь А рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. 4-5 хоногийн дараа дахин залгаж асуутал А би аваагүй, юу яриад байгаа юм бэ гээд уурлаад утсаа тасалсан. Хэсэг байж байгаад А залгаад Б авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Б руу залгатал миний гар утсыг авснаа хэлээд надаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хх-19-20 дугаар хуудас);

3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Samsung А-50” загварын гар утас нь 550,000 төгрөг, гар утасны гэр нь 5,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 22-23 дугаар хуудас);

4. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Х, 3-9 тоот байх багын найз Б-ийн гэрт очиход эхнэр Ж-ын хамт гэртээ байж байсан. Тэнд хоол идэж архиа хувааж уугаад бид нэлээн согтсон. Б эхнэртэйгээ хамт амарсан. Харин Б бид хоёр 16 цагийн орчим санагдаж байна, Б-ийн гэрээс нь гараад шууд салаад гэр гэртээ харьж амарсан. 4-5 хоногийн дараа Б-ийн эхнэр Ж над руу залгаад чи миний “Samsung А-50” маркийн гар утсыг аваад явсан юм уу, Б чамайг авсан гээд байна гэхээр нь уур хүрээд юун утас яриад байгаа юм бэ гээд шууд дуудлагыг нь тасалсан. Тэгээд тэр даруй Б руу залгаад чи яагаад Ж-д намайг гар утсыг нь авсан гэж хэлсэн юм бэ гэхэд би тухайн үед Ж-аас санаа зовоод чамайг авсан гэж хэлсэн гэж байсан. Тэгээд би Б-т үнэнээ хэл, намайг эвгүй байдалд оруулчихлаа гэж хэлсэн. Сүүлд Б-той уулзахад үнэнээ хэлээд Ж-аас уучлалт гуйсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Д.Б-ын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлж, хэлж ярих зүйл байхгүй. Би буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Би Д.Ж-ын гар утсыг гэрийнх нь ширээн дээр байхаар нь хүн харж байгаад авсан. Надад руу хохирогч Д.Ж залгахаар нь санаа зовоод утсыг чинь А авсан гэж худлаа хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung А-50” загварын гар утсыг 550,000 төгрөгөөр, гар утасны гэрийг 5,000 төгрөгөөр, үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 555,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Ж-д 600,000 төгрөг төлсөн буюу бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн талаарх баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...Тэнсэх хугацааг богиноор тогтоож өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг санууллаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-т гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Д.Б-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА