Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 13

 

 

Г, О, Д, Б

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Ариунжаргал

Шүүгдэгч Г

Шүүгдэгч Г-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Г, О, Д, Б нарт холбогдох 201707000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

МГ, О, Д, Б нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрээс хохирогч С, Бнарын 2 тооны тэмээг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж нийт 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, Б нь Г, О,  нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г, Жалайр овогт Г-ын Д, Жалайр овогт П-ийн О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тооцож,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг болгон өөрчилж,

 Шүүгдэгч Б-ийг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдийг баримтлан эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Г-г 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д-г 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч О-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Г-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Д-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхийг дурдаж, 

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  Д-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцууж, 

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 150.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, Иж планета 5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын хорооны 5-22 тоотод байрлах 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 7657 м2  газартай гурван тал хашааг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тэмээний 1 ширхэг толгой, 5 ширхэг хөл, толгойны арьс зэргийг устгаж, 3150012 маркийн 51 28 ГАА улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг 00605993 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0274268 дугаартай  албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 001108804 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээний хамт Б-д буцаан олгож, Д, О, Б нарын цахим үнэмлэхийг өөрсдөд нь буцаан  олгож, ялтан Г-ын цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Энэ хэрэгт ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн, мотоцикль бичиг баримтгүй зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д, О, Б нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Ялтан Г-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г давж заалдах гомдол, тайлбартаа: Г миний бие 2017 оны 06 дугаар сарын 23-ны Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож ял шийтгэл авч улмаас хүнд эрх чөлөө гэж ус агаар мэт хэрэгтэй байдгийг маш сайн ойлгож авлаа. Г миний биед мөнгө олох хялбархан ашиг сонирхол байгаагүй. Тухайн үед банкинд зээлийн мөнгө хийх хугацаа болсон тул улс орноо хохиролгүй болгохын тулд хөнгөн гоомой хэрэг хийсэндээ маш их гэмшин харуусаж байна. Г миний бие ууц нуруугаар, хоёр бөөрөөр их чилж өвддөг. Өвдөг тохойгоор, үе мөчөөр өвддөг, даралт маш бага байдаг тул энэ байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээр оногдуулсан ял шийтгэлийг тэнсэн харгалзаж хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ эхнэр, хүүхдээ татан оролцуулсандаа маш их гутарч, харамсаж байна.

Миний бие цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж, нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөн төлөвшиж, хүмүүжих болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг тэнсэн харгалзаж хөнгөрүүлж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан тайлбартаа: Г-ын хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож байна. Хууль зүйн мэдлэг бага, мөнгө амар хялбар аргаар олох үүднээс энэ гэмт хэрэгт холбогдсон байгаа. Ам бүл зургуулаа. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоогийн байдлаар өөрийн гэсэн гэр оронгүй, ажилгүй, зун нь барилга дээр, өвөл алтанд явж амьдрал ахуйгаа залгуулдаг. Хүүхдийн сургалтын төлбөрт зээл авсан байсан нь нэхэгдээд зээлийг төлөх боломжгүй байдлаас болоод энэ гэмт хэрэгт холбогдсон байгаа. Анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон хохирлыг сайн дураараа барагдуулсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа энэ хүний хувийн амьдралыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. 1998 онд гэмт хэрэгт холбогдоод 2002 онд суллагдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж болохоор байгаа гэв.

Прокурор Д.Ариунжаргал тайлбартаа: Г, О, Д нартай бүлэглэж ашиг олох зорилгоор  2017 оны 01 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс хохирогч С, Б нарын хоёр тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг оруулж байна гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ. 

Шүүгдэгч Г, О, Д нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс хохирогч С-ын улаан атан тэмээг, Т-ийн хөх атан тэмээг хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн. 

Шүүгдэгч Б, Г, О, Д нарын үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт гэдгийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хохирогч С-ын “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тэмээгээ бөөгнүүлэхээр очиход манай улаан ат, Б-ын зөв чих урд талаасаа ухам, имтэй буруу талын чих хулгардуу хөх ат алга болсон байсан.  …Тэмээний мөрийг дагаж явтал аймгийн төвөөс хойш 15 км орчим газарт Б-ынхөх атыг алаад 4 шийрийг нь үлдээсэн байсан. Тэндээс би нэг хөлийг нь авсан. Тухайн газарт машины мөр гарсан байсныг дагаад явтал зүүн хойд зүгт уул толгод дунд бас нэг тэмээ алсан байсан. Тэнд 4 хөлийг нь үлдээсэн байсныг харсан чинь манай улаан атны хөл байсан. Би тэндээс хоёр хөлийг нь аваад эргэн тойронд нь хайсан чинь толгойных нь арьсыг хуулаад хаясан байсан…” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

Хохирогч Т-ийн “Манай нөхөр Б, С ах нар тэмээгээ халиун сумын хоолой гэдэг газраар хайсан боловч олоогүй. …С ах тэмээгээ хайж яваад манай нэг, өөрийнх нь нэг тэмээг алаад хээр хаясныг мэдээд бид нарыг хөдөөнөөс дуудсан. …Хэргийн газар үзлэг хийж байхад Г надтай уулзаад уучлаарай ах нь муухай юм хийчихлээ гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг,  /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

Гэрч Б-ын “…Нэг цагаан өнгийн УАЗ-469 маркын машин байсан. Мөн 3 хүн харагдаж байсан. Тухайн газарт нэг тэмээг алаад махыг нь машинд ачиж явсан. Нөгөө тэмээг нь унаад явсан. Хулгай хийгээд тэмээ алж байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

Иргэн Б-ын цагдаагийн байгууллагад өгсөн “Баарангийн давааны ард цагаан машинтай 3 хүн тэмээ алж байна” гэсэн мэдээллийн дагуу 51-28 ГАА улсын дугаартай цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд бод малын мах ачсан, махны доод талд цагаан уутанд хийсэн тэмээний толгой байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/ 

Хэргийн газарт үзлэг хийхэд “...цус гоожиж борлосон, тэмээний гурван ширхэг хөл, сэвс байсан бөгөөд тухайн газраас явсан тээврийн хэрэгслийн мөрийг дагаж явахад тэмээний арьсыг нь хуулсан толгой, 2 ширхэг хөл байсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудас/ хоёр тэмээг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ,

Шүүгдэгч Г-ын: “Банкны зээл хийх  асуудалтай байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой хүүгээрээ Халиун сумын Олонбулагт хүргүүлээд хоёр тэмээ барьж аваад 2 дугаар сарын 1-ний өглөө хүү, эхнэр хоёроо дуудаад тэмээгээ гаргасан. Б бид хоёр ах дүүсийн хүүхдүүд тэмээгээ буцаагаад аваачаад өгсөн гэж худлаа мэдүүлэг өгүүлсэн.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг руу хоёр тэмээг аваад явах болсон. Аав түрүүлж мотоциклтой аймагт ирсэн. Хоёр тэмээгБ ах өөрөө барьж өгсөн” гэж, шүүгдэгч О нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Манай нөхөр бэр эгч Л-аас борлуулахаар тохиролцоод 2 тэмээ авсан. Дээрх 2 тэмээний нэгийг замдаа хээр нядалсан. Үлдсэн нэг тэмээ нь одоо аймгийн хойд талын хадаасан гэх газарт байгаа” гэж болсон үйл явдлыг зориуд, илт гуйвуулж Г-ыг хаацайлсан тайлбар өгч байснаар Г тэмээ хулгайлж байгааг мэдээгүй гэсэн шүүгдэгч Д, О нарын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь: хохирогч Т, С нарын Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт тус тусдаа  гаргасан “Г нь тэмээний үнэ болох 1.200.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 03-нд өгч хохиролгүй болгосон тул цаашид Г-ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б-ийг эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт яллахаар шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж Б-ийг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан байна. 

Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний обектив тал нь үнэн зөв гэрчлэх үүрэгтэйг болон худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдсан баримтаас харвал Б нь эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шалгах явцад тайлбар өгөхдөө болсон үйл явдлыг гуйвуулж, “Г нь надаас тэмээ авсан” гэсэн тайлбар өгсөн бөгөөд тухайн тайлбарыг авахдаа түүнд үнэн зөв гэрчлэх үүрэгтэйг болон худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулаагүй. 

Тиймээс Б-ийн үйлдэл нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна.

Харин Б, Г, О, Д нар машин механизм ашиглан тэмээ хулгайлсан үйлдлийг лавтай сайн мэдэж байсан боловч уг гэмт хэргийг нуун далдлах, илрүүлэхэд саад учруулах зорилгоор “Г нь надаас  уг тэмээг худалдаж авсан.” гэж цагдаагийн байгууллагад тайлбар өгсөн байх бөгөөд түүний энэхүү тайлбарыг үндэслэн Г-ын тэмээний мах ачиж явсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б нь: “Г надаас тэмээ аваагүй, авна гэж ярьж байгаагүй. Намайг нэг ирэхэд тэмээний хэрэгт холбогдсон. Энэ дотор тэмээтэй чи байна. Цагдаад очоод мэдүүлэг өг гэсэн.  Сүүлдээ манайд өдөр болгон шахуу ирээд хангинаад байхаар нь болох юм уу гэсэн чинь болно гэсэн. Чи очоод гарын үсэг зурчих гэсэн. Би гарын үсэг зурах юм байх гээд яваад орсон чинь надаас байцаалт авсан. Г байцаалт авбал ингэж хэлээрэй гээд явуулсан болдог юм байх гэж бодоод ингэж хэлсэн.” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 

Б нь гэмт хэргийг нуун далдлах идэвхтэй үйлдэл хийсэн боловч хулгайн гэмт хэргийг үйлдэхээс өмнөх шатанд урьдчилан тохиролцоогүй болох нь тогтоогдож байна.

Тиймээс Б-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолын энэ хэсгийг хүчингүй болгож зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 

Г, О, Д нарын үйлдсэн 2002 оны эрүүгийн хуулийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан” гэмт хэргийн шинжтэй тохирч байна. 

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар Г, О, Д нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хэмжээ нэмэгдсэн байна.

Иймд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Г, О, Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Харин Прокуророос Б-ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын: 

“2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй гэснийг хүчингүй болгож, “Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б-д холбогдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын: Шүүгдэгч Б-ийг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б-г цагаатгасугай” гэж өөрчилсүгэй. 

 

2. Шийтгэх тогтоолын 4, дүгээр заалтаас Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, 5 дугаар заалтаас “Ялтан Б-д оногдуулсан 1 жилийн хорих ял” гэснийг тус тус хассугай.

3. Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, ялтан Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан “Г-д оногдуулсан 2 жил 2 сарын, Д-д оногдуулсан 2 жил 1 сарын, О-д оногдуул сан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, Г-г 2 жилийн хугацаагаар,Д, О нарын тус бүрийг  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцуулсугай.”  гэж өөрчилсүгэй. 

 

4. Г нийт 80 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ

 

                              ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                    Ч.ЭНХТӨР