Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2018/0001/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Манхан толгой 1-45 тоотод оршин суух Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад  холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                          Н-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                          Т.Мөрөн нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирал ажилтай Н- би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авсан учраас Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 тоот захирамжаар томилогдож тухайн үед үүрэгт ажлаа хийж байгаад улсын төрийн зорилгоор үндэслэлгүйгээр мөн аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/191 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн. Шүүх үндэслэлгүйгээр ажлаас халсныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай захирамжаар тогтоож, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон.

Гэтэл Боловсрол, соёл урлагийн газар /Р.Батжаргал/ 2016 оны 07 дугаар сарын 07-н өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр байтал надад урьдчилан мэдэгдэлгүйгээр миний ажлын байрны /Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн захирал/, албан тушаал дээр сул орон тоо гарсан мэтээр үзэж албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарласныг миний бие 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу шүүхээс уг нэхэмжлэл дээр хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа гүйцэтгэж байх явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн дагуу баталж шүүгчийн захирамж гарсан.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатаас 15 дугаар сургуулийн захирал Н- надтай хамтран ажиллах Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан байхад Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин А/63 дугаартай хууль бус шийдвэрээ давтан гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга /Р.Батжаргал/-ын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг шүүхийн шатанд байх хугацаанд хууль уншиж үзэхэд Захиргаааны ерөнхий хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэхээр байгаа тул  илт хууль бус  болохыг тогтоолгох гэж  өөрчлөж байна хариуцагч энэхүү актыг гаргаж байгаа нь дараа нь намайг ажлаас халах санаатай гэдгийг би мэдэж байна. Мөн хариуцагч сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод байгаа нь улс төрийн шугамаар цаанаас нь шахаж ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна миний эрх цаашид зөрчигдөж болзошгүй байгаа  гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батжаргалын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н-ын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт нь ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 4.2 дахь хэсэг “Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” заалтыг зөрчсөн тул дээрх сонгон шалгаруулалт хүчингүй болно гэжээ.

 

         Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөрөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт нь ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 4.2 дахь хэсэг “Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” заалтыг зөрчсөн тул  Боловсролын тухай хуулийн 281.1.7-д заасны дагуу хүчингүй болгосон  нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус  болохыг тогтоолгох гэж өөрчилсөнтэй холбогдуулан нэмэлт тайлбар хийхгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад илт хууль бус  болохыг тогтоолгох гэж  өөрчилсөн болно. 

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот “Сонгон шалгаруулалт хүчингүй болгох тухай” тушаалаар Сонгон шалгаруулах комиссын  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсугай гэж шийдвэрлэхдээ Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1.4.3 дахь, “Дөрөв”-ийн 4.1, 4.2 дахь заалт, Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны Зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 84 тоот албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот албан бичиг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-1873 тоот албан бичгийг тус тус үндэслэжээ.

 

Хариуцагчийн зүгээс Дархан сумын 15 дугаар сургуулийн Захирлын албан тушаалын сул орон тоонд 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг  Боловсрол соёлын газрын хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарах асуудалд Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны Зөвлөлийн салбар Зөвлөлийн гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 1.4.3 дахь “Дөрөв”-ийн 4.1, 4.2 дахь заалтыг зөрчиж зохион байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д ”орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” эрхийг аймгийн боловсролын газар хэрэгжүүлэхээр заасны дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь  2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Сонгон шалгаруулах комисс томилох” тухай 24 дүгээр тушаалаар Дархан сумын 15 дугаар сургуулийн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж /хэзээ болох сонгон шалгаруулалтын комисс болох нь тодорхойгүй/, уг комисс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар сургуулийн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар нэхэмжлэгч Н- тэнцэж, хариуцагч Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлд  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 265 тоот албан бичгээр “Шалгалтын илтгэх хуудас”-ыг хүргүүлсэн, Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлаар Н-ыг томилсон зэргээс үзэхэд хариуцагч нь дээрх хуульд заасан болон “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын дагуу уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь тогтоогдож байгаа болно.

 

          Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д ”орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахэрхийг аймгийн боловсролын газар хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмыг дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

 

          Гэтэл хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын “нэг”-ийн 1.4.3-т заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа “дөрөв”-ийн 4.2-т заасан “сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” гэснийг зөрчиж зохион байгуулсан гэх үндэслэлээр  Сонгон шалгаруулах комиссын  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалаар хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1 - 281.1.9-д заасан  бүрэн эрхээс өөр, өөрийн  чиг үүрэгт үл  хамаарах  асуудлаар мөн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 4.1-4.3-т заасан эрх бүхий байгууллагын /боловсролын газрын даргын/ шийдвэрийг тухайн үед үндэслэлгүй гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, Сонгон шалгаруулах комиссын шалгалтын нэгдсэн үнэлгээг  хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй байхад Төрийн албаны Зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 84, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-1873 дугаартай албан бичгийг тус тус үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ” Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т ”Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх” зарчим болон Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д заасантай нийцээгүй байна.

 

          Мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалд заасан үндэслэлүүдээр Сонгон шалгаруулах комиссын  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээг 2017 оны 06 дугаар срын 09-ны өдрийн А/35 дугаар тушаалаар хүчингүйд тооцож байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/52 дугаар тушаал гаргаж байсан,  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4-1873 дугаартай албан бичгийг хүлээн авсны дараа хариуцагч  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалыг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

         Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалаар  Сонгон шалгаруулах комиссын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээг хүчингүйд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Мөн энэхүү захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Н-ын захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ