Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0370/З |
Дугаар | 221/МА2021/0562 |
Огноо | 2021-10-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2021/0562
М.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0527 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор М.О-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0527 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс “... Ц.Х-ыг хангаж, нэхэмжлэгч М.О-тай сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх ба хариуцагчийн зүгээс дээрх дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн хүрээнд биелүүлсэн болно.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0258 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0396 тоот магадлалыг дурдагдсанаар Ц.Х, М.О нарын хооронд сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан байх ба уг шийдвэрүүдийг биелүүлж Ц.Х, М.О нарын хооронд сонгон шалгаруулалт хийсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар” урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй байна.
Маргаан бүхий шүүхийн шийдвэрт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдол нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил бичигдсэн байхыг шаардахгүй” гэж дүгнэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх зохицуулалтаас үзэхэд захиргааны актад холбогдуулан заавал гомдол гаргах шаардлагыг дурдсан байх ба анхан шатны шүүхээс хуулийг илтэд гуйвуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн гэсэн агуулгаар дүгнэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэх ба шүүхээс уг асуудлыг зөвтгөн тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй буюу ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь тодорхойгүй байна.
Тодруулбал, ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгосон тохиолдолд сонгон шалгаруулалт дахин явагдах эсэх, аль эсхүл сонгон шалгаруулалт үр дүн шаардахгүйгээр нэхэмжлэгчийн албан тушаалд томилох эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль заасан шаардлагад нийцүүлэн бүрэн тодорхойлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч М.О-аас Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй” болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрт[1] “Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан үндэслэл, шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тус бүрээр, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах бүрэн эрх хариуцагчид байна” гэх үндэслэлээр “... Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн М.О-г ажлаас чөлөөлсөн Б/32 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “2 дугаар хороонд ажиллаж байсан М.О, Ц.Х нарын хооронд шалгаруулалт явуулж, Ц.Х-ыг ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байна” гэж дүгнэлт гаргасан гэх боловч тухайн үед Ц.Х нь өөрийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байжээ.
Хариуцагч нь шийдвэрт заасан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар шалгаруулалтад оролцох байсан тухайн албан тушаалыг эрхэлж байсан нэг албан хаагч нь төрийн албанаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад тухайн нөхцөл байдалд тохирсон, дээрх хуулийн заалтад заасан албан тушаалыг эрхэлж байсан нөгөө албан хаагч болох М.О-г үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Улмаар хариуцагч нь дээрх хуулийн заалтад заасан албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг хангалгүй, төрийн албанаас чөлөөлөгдсөн этгээдтэй сонгон шалгаруулалт явуулж, томилогдох боломжгүй тухайн этгээдийг шалгаруулсан нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хуулийн заалт, шүүхийн шийдвэрийг гуйвуулан, тодорхой үр дагаваргүй ажиллагаа явуулж дүгнэлт гаргасан нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг зарчмыг[2] зөрчжээ.
Иймд давж заалдах гомдолд “... анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн хүрээнд биелүүлсэн” гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй.
Хариуцагч нь гомдолдоо “... дүгнэлтийг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй буюу ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь тодорхойгүй” гэжээ.
М.О нь тухайн албан тушаалыг эрхэлж байсан, орон тоо цөөрсөн гэх шалтгаанаар чөлөөлснийг анхан шатны шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, тухайн хугацаа өнгөртөл дахин шинэ акт гаргаагүй бол чөлөөлсөн шийдвэр хүчингүй болохыг зааснаас гадна Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан тухайн орон тоо цөөрсөн боловч тухайн албан тушаалд ажиллаж байсан нэг албан хаагч байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг ямар үр дагавар үүсгэх нь тодорхойгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн гомдолд “урьдчилан шийдвэрлүүлээгүй” гэх боловч “нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан 2016 оны Б/32 дугаар тушаалын улмаас төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхээ зөрчигдсөн гэж үзэж, хамгаалуулахаар шүүхэд болон Төрийн албаны зөвлөлд удаа дараа хандаж байснаас үзвэл дээрх гомдлыг хүлээж авч хангах үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ