Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 455 506 164 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Сумъяа, Д.Тамир,

Хариуцагч: Ч.Уранбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сумьяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нар тус банктай 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1440000753 дугаартай зээлийн гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот хаягт байрлах орон сууцнуудыг барьцаалан 375 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийн төлөлтийг хийгээгүй 456 хоног хугацаа хэтрүүлсэн учраас банкны зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан бөгөөд гэрээ цуцалсаны улмаас манай банкинд зээлийн үлдэгдэл 369 789 385,81 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 85 611 871,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104 906,86 төгрөг нийт 455 506 164,66 төгрөгийн хохирол учруулаад байна. Банкны зүгээс гэрээг цуцалж хариуцагчид үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын сарын 30-ны өдрөөр тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нараас зээлийн гэрээний үүрэгт 455 506 164,66 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиололд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот хаягт байрлах орон сууцуудаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нараас 455 506 164,66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн 2202016732 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 17/2 дугаар байрны 36 тоот, 138.66 м.кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн 2205023179 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс 455 506 164,66 төгрөгийг гаргуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 435 480,82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нараас 2 435 480,82 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 375 000 000 төгрөгийг, 20 жилийн хугацаатай авсан. Нэг жил зургаан сарын хугацаанд зээлээс 100 000 000 төгрөг төлж барагдуулсан боловч тус банк нийт 455 506 164 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тайлбар гарган өгөөгүй, төлсөн талаар нотлох баримт өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрөөс 100 000 000 төгрөг төлсөөр байхад 6 000 000 төгрөг хасч нэхэмжлэл гаргасныг шүүх тооцоолон үзэлгүй нэхэмжлэлийн хэмжээгээр хангаж шийдсэнийг зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 455 506 164 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 455 506 164 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “455 506 164 төгрөг гаргуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх-ийн 19 дүгээр тал/

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа уг шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй болно.

 

Түүнчлэн хэргийн 27-28 дугаар талд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нарт шүүх хуралдааны товыг тэдгээрийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн тухай баримт байх боловч уг шууданг хэн хүлээн авсан нь тодорхой бус, хуулбар баримт байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

Хариуцагч нарт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсанаас хойш хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 29 дүгээр тал/

 

Мөн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх боловч шийдвэрээ шүүгчийн захирамжийн хэвмэл хуудсаар гаргасан алдаатай болохыг дурдаж байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2017/02952 дугаар захирамжаар хариуцагч нар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                                                           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                Г.ДАВААДОРЖ