Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2017/00003/И |
Дугаар | 00065 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 5-р хэсэгт оршин суух, /МБ:62120328/ Боржигон овогт Хоролдагва овогтой Цогдэлгэрийн хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Цогдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Цогдэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Одоо 55 настай. Надад төрсөн ах, эгч нар байхгүй, айлын ганц хүүхэд байгаа юм. Гэтэл 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэр болон төрсөн он, өдрийг 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Х.Цогтдэлгэр гэж буруу бичсэн байсан ба мөн ажиллаж байх хугацааны тушаалууд дээр Х.Цогтдэлгэр гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх болон бичиг баримт дээр 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Х.Цогдэлгэр гэж бичсэн байгаа. Тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний үнэмлэх бусад нотлох баримтыг үндэслэн 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Х.Цогтдэлгэр гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Х.Цогдэлгэр намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Хоролдагвын Цогдэлгэр нь1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ба Төв аймгийн Баянчандманийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээлгэж, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахилгаанчин мэргэжлээр төгссөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Х.Цогдэлгэр нь Төв аймгийн Баянчандмань техник мэргэжлийн сургуулиас 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Х.Цогтдэлгэр гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь МБ:62120328 гэсэн регистрийн дугаартай, Боржигон овогт Хоролдагвын Цогдэлгэр гэсэн иргэний үнэмлэхний хуулбар, ажиллаж байсан байгууллага болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ардын Их хурлын гүйцэтгэх захиргааны ажилд нь оруулах ба чөлөөлөх тухай захирамж, тухайн үеийн үйл баримтыг мэдэх З.Батболд, З.Энхтуяа, З.Энхжаргал нарын тодорхойлолт, гэрч З.Энхжаргал, З.Батболд, З.Энхтуяа нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х.Цогдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1962 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, /МБ:62120328/ Боржигон овогт Хоролдагвын Цогдэлгэр нь 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Х.Цогтдэлгэр гэсэн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянчандмань техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.