Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0656

 

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            шүүгдэгч И.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэх овогт ...гийн ...д холбогдох 2003000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тэх овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

И.... нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хангай” захын баруун замд өөрийн эзэмшлийн “Тоуоtа” маркийн “Рius” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1. Хэвтээ тэмдэглэл 1.2. /үргэлжилсэн өргөн шугам/ -зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц....ийн жолоодож явсан “Ноnda” маркийн “CBR929” загварын ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч Ц....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоциклд нийт 2.775.000 /хоёр сая долоон зуун далан тав төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Дүүхээ-2 төвийн уулзвараас төв зам руу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн орчимд эргэж орсон, төв зам руу ороод хойноосоо урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байтал баруун гар талаас Т.Приус маркийн автомашин гэнэт л гараад ирсэн учир тоормоз гишгэж амжаагүй автомашиныг тойрон гарах гээд зүүн тийшээ дарсан боловч гарч чадалгүй урд хэсгээрээ мөргөлдсөн. Мотоцикл миний эзэмшлийнх, 2019 онд 6 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. А, В ангилалтай. ... хохирлоо бүрэн авсан, цаашид гомдол, саналгүй ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,

2.Шүүгдэгч И....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо “Хангай” захын замынхаа эсрэг талд байх “Бат авто сервис” нэртэй засварын газарт би засварчин хийдэг. Засварын газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд хөдлөөд, “Хангай” захын баруун талд байх төв зам руу орж хойноосоо урагшаа явж байсан мотоцикптой мөргөлдсөн. Би урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа явсан зам руу, ертөнцийн зүгээр баруун талаас нь гэрэл дохиогоо өгөөд, хойшоо эргэх гээд орсон, энэ үед хойноосоо урагшаа явж байсан мотоцикл, миний автомашины зүүн урд хэсэг рүү урд дугуй хэсгээрээ мөргөсөн. Би хойноосоо урагшаа явсан 2 эгнээ замыг туулаад эсрэг урсгалын эгнээ рүү орох гэж байхад мотоцикл ирж мөргөсөн, осол хойноосоо урагшаа явсан замын 2-р эгнээнд болж, мөргөлдсөн. Дээрх мотоцикл осол болохын өмнө их хурдтай явж байсан. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шинжээчийн 10808 дугаар дүгнэлт:

            1.Ц....ийн биед баруун эгэм ясны далд хугарал, зүүн дунд чөмөг болон шаант ясны дотор булуу, үе дайрсан бяцарсан хугарал дотор менискийн арын эвэрийн хөндлөн урагдал, өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 42 х/,

 

          4.Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Мөнхдалайгийн гаргасан дүгнэлт:

              1.Т.Рius-11 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.Хэвтээ тэмдэглэл 1.2. /үргэлжилсэн өргөн шугам/ -зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг  хориглоно”, мөн дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

              2.Ноndа Сbг маркийн ... улсын дугаартай мотоциклын жолооч Ц.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

              3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх 65 х/,

 

            5.“Хос стандарт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан: эзэмшигчийн нэр: Ц...., Ноndа СВК929 маркийн ... тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, нийт 2.775.000 төгрөг /хх 46-49 х/,

              6.Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 8-9 х/,

              7.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 8-9 х/

              8.Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэгслэсэн эсэхийг шалгах хуудас /хх 16 х/

              9.“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 62 х/

              10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73 х/

              11.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 74 х/

              12.Жолоочийн лавлагаа /хх 75 х/

              13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 79 х/

              14.Хохирогч Ц....ийн “... хохирлоо бүрэн авсан, цаашид гаргах гомдол,саналгүй ...” гэх баримт /хх 110 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч И.... нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хангай” захын баруун замд өөрийн эзэмшлийн “Тоуоtа” маркийн “Рius” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2. /үргэлжилсэн өргөн шугам/ -зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц....ийн жолоодож явсан “Ноnda” маркийн “CBR929” загварын ... улсын дугаартай мотоциклотой мөргөлдөж, жолооч Ц....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоцикльд нийт 2.775.000 /хоёр сая долоон зуун далан тав төгрөгийн/ хохирол учруулсан болох нь:  

Хохирогч Ц....ийн “...Т.Приус маркийн автомашин гэнэт л гараад ирсэн учир тоормоз гишгэж амжаагүй автомашиныг тойрон гарах гээд зүүн тийшээ дарсан боловч гарч чадалгүй урд хэсгээрээ мөргөлдсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,

Шүүгдэгч И....ийн “...Би хойноосоо урагшаа явсан 2 эгнээ замыг туулаад эсрэг урсгалын эгнээ рүү орох гэж байхад мотоцикл ирж мөргөсөн, осол хойноосоо урагшаа явсан замын 2-р эгнээнд мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  Шинжээчийн 10808 дугаар дүгнэлт:

            1.Ц....ийн биед баруун эгэм ясны далд хугарал, зүүн дунд чөмөг болон шаант ясны дотор булуу, үе дайрсан бяцарсан хугарал дотор менискийн арын эвэрийн хөндлөн урагдал, өвдөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 42 х/,

           Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Мөнхдалайгийн гаргасан дүгнэлт:

              1.Т.Рius-11 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.Хэвтээ тэмдэглэл 1.2. /үргэлжилсэн өргөн шугам/ -зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг  хориглоно”, мөн дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

              ..., 3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх 65 х/,

            “Хос стандарт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан: эзэмшигчийн нэр: Ц...., Ноndа СВК929 маркийн ... тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, нийт 2.775.000 төгрөг /хх 46-49 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.

             Жолооч И.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2. /үргэлжилсэн өргөн шугам/ -зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг  хориглоно”, мөн дүрмийн 10.3-т заасан заасан заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Ц....ийн жолоодож явсан “Ноnda” маркийн “CBR929” загварын ... улсын дугаартай мотоциклотой мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, түүний улмаас үүссэн хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой.

 

              Шүүгдэгч И....ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна  ...” гэх дүгнэлт /хх 42 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, И....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

           

Хохирогч Ц....ийн хохирол төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргасан “хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол санал байхгүй” гэх баримт /хх 110 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

           Улсын яллагч: Шүүгдэгч И....д 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

 

           Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын ялын санал дээр хэлэх тайлбаргүй гэсэн.

 

           Шүүгдэгч И.... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улсаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, мөн хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан И....д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн И....ийн ВСЕ ангилалын 856851 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Тэх овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И....ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг И....д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг И....д мэдэгдсүгэй.

   5.И....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Хэрэгт хураагдан ирсэн ВСЕ ангилалын 856851 дугаартай жолоочийн үнэмлэхийг И....д буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ