| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00388/И |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын 54 тоотод оршин суух, Шарнууд овогт Хүрлээгийн Ш /РИ:83020901/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын 54 тоотод оршин суух хаягтай, Их урианхай овогт Ганчимэдийн Х /МС:87031818/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ш, хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Г.Хтай 2008 онд анх танилцсан. Түүнээс хойш бид хоёр үерхэж байгаад 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болсоноос хойш бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Хос-Уянга нар мэндэлсэн. Г.Х нь гэр орондоо тогтдоггүй, архи уугаад алга болчихдог, байнга хэрүүл маргаан гаргадаг байсан учир 2015 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Бид гэр бүлээ авч үлдэхийн төлөө шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан боловч үр дүнд хүрээгүй. Одоо цаашид Г.Хтай хамт амьдрах ямар ч боломж нөхцөл байхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Х.Уранбэр, Х.Хос-Уянга нарыг миний асрамжинд үлдээн тэтгэлэгийг хуулийн дагуу эцэг Г.Хаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Х.Штай 2008 онд анх танилцсан. Түүнээс хойш бид хоёр үерхэж байгаад 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болсоноос хойш бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Хос-Уянга нар мэндэлсэн. Бид 2015 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш, хариуцагч Г.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Ш, хариуцагч Г.Х нар нь 2008 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Хос-Уянга нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 4-р тал/, 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч Х.Ш нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт тодорхой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 6-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Х.Ш, Г.Х нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Хос-Уянга нарыг эх Х.Шгийн асрамжинд үлдээж, эцэг Г.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба Г.Хаас ИХШХШТХуульд зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шарнууд овогт Хүрлээгийн Ш, Их урианхай овогт Ганчимэдийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Хос-Уянга нарыг эх Х.Шгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Уранбэр, 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Хос-Уянга нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Уранбэр, охин Хос-Уянга нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.
5. Нэхэмжлэгч Х.Ш тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1392 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Хаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Хушаат сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.