Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           17                                    2020/ШЦТ/376

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Т.Т-, Б.М- тэдгээрийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Ичинхорлоо,

хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол прокурорын газраас Б овогт Т-ын Т-, Н овогт Б-ын М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905045250153 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... нэртэй ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эх, эгч,хүүхдийн хамт .......... дүүргийн ... дүгээр хороо ....... байр .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Т-.

 

Монгол Улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл... , эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Б-ын М-.

 

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Т-, Б.М- нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.Б-ийг зодож тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн сарвуу, зулай, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б- мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ахтайгаа хамт хорооллын эцэст байрлах “Castle” гэх бааранд орсон. Тэндээс гарахын өмнөхөн манай ах хоёр залуутай маргалдаад зогсож байхаар би очиж салгасан бөгөөд Е- гэх залуу “за хөгшөөн уучлаарай, маргаан болчихлоо” гээд надтай гар барьсан. Тэгээд бид хоёр шөнийн 03 цагийн үед гараад явсан. Үүдэнд шүүгдэгч нартай таарсан. Манай ах түрүүлээд гарчихсан, би хувцасны өлгүүрээс хувцсаа авах гээд хүлээж байсан. Ах мөн л үүдэнд шүүгдэгч нартай маргалдаад зогсож байсан. Т- согтуу хэрүүл өдсөн. Нэг нэгээрээ үзье гэсэн болохоор нь М- бид хоёр хашааны буланд очоод хувцсаа тайлсан. Гэхдээ би шүүгдэгч нарыг янз бүрээр дуудаагүй. М-д би Төмөр замынх гэж гурван удаа хэлэхэд намайг цохиод, доошоо даран хүзүүвчилж аваад өшиглөсөн. Араас нь Т- намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үйл явдал камерын бичлэгт бичигдсэн. Хавтаст хэрэгт бичлэг нь байгаа. Миний нүдний доод ухархай цөмөрч, цус хурсан. Одоог хүртэл нүдний хөх арилаагүй, өглөө бүр сэрээд юмсыг давхардуулж хардаг. Би 1 сар эмнэлэгт хэвтэж, 2 сар ажилгүй байсан. Маш их гомдолтой байна” гэв.

 

Шүүгдэгч Т.Т-, Б.М- нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.Б-ийг зодож тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн сарвуу, зулай, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Б-ийн “2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжих шөнө би өөрийн ах Б-ий хамт Баянгол дүүргийн 12 дугаар хооронд байрлах Кастел нэртэй бааранд орж байж байгаад 03 цаг 30 минутын үед баарнаас гарч иртэл Б- урд таарсан хэсэг залуустай  мөрлөлцсөн юм. Тэгтэл нөгөө залуучууд манай ах Б-ийг хоргоогоод байхаар нь би явж очтол нөгөө залуучуудын М- гэгч нь намайг зүүн нүд рүү цохисон. Тэгээд намайг заамдаад доош нь дараад намайг чангаагаад байсан. Тэгээд тэр М- намайг доош нь заамдаж дарсан чигээрээ байлгаж байгаад М-тай хамт явж байсан бусад таван залуу нь намайг энд тэндээс бөөнөөрөө өшиглөж зодсон. Би М-д заамдуулаад хагас суугаа байдалтай босож чадахгүй өшиглүүлж байхад Т- гэгч нь миний зүүн нүд рүү болон толгой руу өшиглөсөн. Тэгээд миний нүд маш их өвдөөд нүдээ дараад орилсон чинь нөгөө залуучууд холдсон. Манай ах Б- цагдаа дууд гэсэн чинь тэр залуучуудын  арай урт үстэй залуу нь “цагдаагаа дууд, манай ээж цагдаа” гээд томроод байсан. Тэд нарт зодуулсаныхаа дараа нэрийг нь мэдэж авсан. Намайг М- гэгч нь гараараа зүүн нүд рүү цохиж заамдаж доош нь дарсан. Т- гэгч нь миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Бусад дөрөв нь намайг энд тэндээс тал бүрээс минь хөлөөрөө  олон удаа  толгой руу өшиглөсөн. Миний зүүн нүдний ухархайн хана хугарсан, цөмөрсөн ясыг хагалгаагаар авсан. Тархи доргисон, нүд хөхөрч хадвсан гэмтэлтэй байгаа. ... Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13-14 дүгээр хуудас/

“Би Гранд мед эмнэлэгт 28 хоног хэвтэж нүдний мэс засалд ороход мэс заслын төлбөр болон ор хоногийн төлбөр нь нийт 8.687.320 төгрөг болсон. Бас нүдээ анх Болор мэлмий эмнэлэгт үзүүлэхэд 245.000 төгрөгөөр үзүүлсэн юм. Бас Гранд мед эмнэлэгт томографид 145.000 төгрөгөөр үзүүлсэн. Нийт эмчилгээндээ би 9.077.320 төгрөг зарцуулсан. Эмчилгээ хийлгэхдээ машин тэргэнд нийт 173.000 төгрөг зарцуулсан. Би М-, Т- нарт зодуулсандаа гомдолтой байна. Тэд нарт зодуулсанаас болж маш их зардал гаргаж эмчилгээ хийлгэж өвдөж шаналж явсан. Би намайг зодсон хүмүүсээс эмчилгээний зардал болон тэд нар зодуулснаасаа болж авсан өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг зэрэг төлбөр мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч Д.Б-ий “2019 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй бааранд өөрийн дүү Б-ийн хамт шөнө 01 цагийн үед ороод 03 цаг өнгөрч байхад баарнаас гарах гээд алхаж байтал ногоон малгайтай найзуудаасаа арай урт үстэй залуу намайг мөрлөж зөрчихөөд араас юм хэлээд байх шиг байсан. Тэгээд манай дүү Б- бид хоёр эргээд хартал нөгөө ногоон малгайтай залуу бид хоёр дээр буцаад хүрээд ирсэн. Тэгтэл хажуунаас нь ногоон малгайтай урт үстэй залуугийн хоёр найз нь хүрээд ирсэн. Тэгснээ Б-ийг том биетэй сахалтай М- гэгч нь шатны уруу татаад аваад явчихсан. Тэгээд би араас нь яваад баарны хашааны булан руу Б- бид хоёрыг нөгөө залуучууд бүр зургуулаа болчихсон тойрч зогсоод байж байтал жижиг биетэй туранхай эрүү шанаандаа сахалтай нэг залуу нь “бүгдээрээ олуулаа байна, энэ хоёр цөөхүүлээ байна, бүгдээрээ больё” гэж хэлсэн. Тэгээд бүгд хоёр тийш салах гээд ухарцгааж байтал ногоон малгайтай урт үстэй залуу, том биетэй хар хувцастай, сахалтай М- гэгч хоёр Б-ийг надаас салгаад хашааны булан руу дагуулаад явсан. Намайг урт цэнхэр як өмсчихсөн байсан Т- гэгч нь миний араас татаад явуулахгүй байсан. Тэгтэл Б-ийг М- гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод энгэрээс нь заамдаад доош нь дарсан. Тэгээд би гүйж очоод М-г түлхсэн чинь намайг нэг хар хувцастай залуу нь хойш нь жийж унагаасан. Би газар уначихаад босч ирэх гэтэл туранхай залуу над руу ирээд “одоо больё, манай найзууд согтуу” байна гэж хэлсэн. Тэгээд би Б- рүү харсан чинь М- Б-ийг заамдаад доош нь дарсан чигээрээ зогсож байсан. Урт як өмссөн Т- гэгч нь манай дүүгийн нүүр хэсэг рүү өшиглөж байсан. Ногоон малгайтай урт үстэй залуу, бас хар хувцастай залуу хоёр Б-ийг ар талаас нь өшиглөж байсан. Тэгтэл Б- чангаар “яая миний нүд” гээд орилсон. Тэгээд зодоонд оролцоогүй жижиг биетэй сахалтай залуу найзуудаа цааш нь түлхээд би Б-ийг машин руугаа чирч авч явсан. Тэгээд би машиныхаа урд Б-ийг суулгаад нөгөө залуучуудыг “та нар явж болохгүй шүү, байж бай, та нар яасан овоо” юм гэтэл нөгөө ногоон малгайтай урт үстэй залуу “яасан чи, цагдаа дуудах гэж байгаа юмуу, дууд манай ээж цагдаад ажилладаг юм” гээд томроод байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч Г.Т-гийн “2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө өөрийн найзууд болох М-, Х-, Е-, Т.Т-, Э- нарын хамт  Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел нэртэй бааранд ороод Э- бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал Б-тэй шүргэлцээд Э-ыг Б- цохиод авсан. Тэгээд би болон Е- хоёр салгаад өнгөрсөн. Тэгээд баарнаас гарах үед Б-тэй хамт явж байсан залууг нь санаандгүй шүргэсэн чинь Б- хамт явж байсан залуутайгаа хамт “та нар олуулаа гээд томроод байна уу” гээд манай найзуудын өөдөөс орилоод байсан. Б- болон хамт явж байгаа залуу хоёр бид нартай маргалдаад байсан. Маргалдаад тулж ирээд салгаад л яваад байсан. Б- баарны гадаа гарч ирчихээд гадуур хувцсаа тайлаад М- руу дайраад байсан. Б- М- хоёр маргалдаад М- Б-ийн нүүр лүү мангасдаад газарт унагаасан. Би М-г болиулж Б-ийг салгасан. Е- ирээд Б-тэй хамт явж байсан залууг салгасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №31 дугаартай:

“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13580 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Д.Б-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн  зовхи, хамар, зүүн сарвуу, зулай, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-58 дугаар хуудас/

 

Гранд мед эмнэлгийн 15759 дугаар өвчний түүх. /хэргийн 88-106 дугаар хуудас/

 

Бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн “1. mp4 гэсэн файлыг нээн ороход дэлгэцэн дээр саравчтай малгай өмссөн бараан өнгийн хувцастай Б-, Б- хоёр арагшаа ухарсан байдалтай баарны хаалгаар гарч ирэх ба араас нь М-, Т.Т- болон хоёр найз нь гарч ирээд баарны гадна ярилцаж бие биенээ түлхэж байгаад бүгд цаашаа хэн гэдэг нь харагдахааргүй гэрэлгүй орчинд очицгоов. Уг файланд үзлэг хийх гэхэд үзэгдэх орчин бүдэг байсан болно. 2. Mp4 файлыг нээн ороход Б-, Б-, Т-, М- болон найзууд нь цаад талаас нь машины гэрэл тусч үзэгдэх орчин харагдахгүй байдалтай орчинд бөөнөөрөө зууралдаж түлхэлцэж өшиглөж байгаа бичлэг бичигдсэн байв. 3. Mp4 гэсэн файлыг нээхэд өмнөх файлтай адил үйлд явдал бичигдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 117 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн 1905045250153 дугаартай хэрэгт хохирогч Б-ээс гарган өгсөн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 119 дүгээр хуудас/

 

Т.Т-гийн яллагдагчаар өгсөн “2019 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо Кастел нэртэй бааранд өөрийн найзууд болох Г.Т-, М-, Э-, Х-, Е- нарын хамт орж бүжиглэж байгаад 03 цаг 30 минутын үед баарнаас гарахдаа хоёр танихгүй залуутай маргалдсан юм. Б- гэгч  залуу нь бид нар луу “ална шүү, та нар олуулаа гээд онгироод байгаа юм уу” гээд орилоод байсан. Бид нар “чи согтуу байна, одоо боль” гэтэл Б-, М- руу цээжээрээ  дайраад байсан. Тэгтэл М- Б-ийн нүүр лүү нь цохих шиг болсон. Б- газар унасан. Би очоод салгах гэтэл Б- дахин хэрүүл маргаан хийгээд байхаар нь найз Г.Т-г маргаан болж байгаа газраас холдуулах гэж очтол Б- бид нарыг хэл амаар доромжлоод л байсан. Тэгэхээр нь би Б-ийн нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгтэл баарны хамгаалагч  ах “намайг чи боль, хэрэгт орлоо” гэсэн. Би тэгээд дахин Б-ийг цохиогүй.

... Би Б-ийг өшиглөж гэмтэл учруулсандаа үнэхээр харамсаж байна. Чадах чинээгээрээ хохирлыг нь барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 128-129 дүгээр хуудас/

 

Б.М-гийн яллагдагчаар өгсөн “ ... араас манай найзууд болох Г.Т-, Т.Т-, Х- гурав гарч ирсэн. Тэр гурав гарч ирж байхдаа танихгүй хоёр залуутай маргалдаад гарч ирсэн юм. Тэр танихгүй хоёр залуу манай гурван найзыг бааран дотор байхдаа цохисон гэж байсан. Тэгээд тэд нар гарч ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би нөгөө танихгүй хоёр залууг найзуудтайгаа зодолдуудахгүй гэж бодоод дундуур нь ороод “адилхан залуучууд байж одоо маргалдахаа боль” гээд нөгөө хоёр залууг явуултал буцаад ирээд “та нар хаанахынх юм бэ, би Төмөр замынх, нэг нэгээрээ үзье” гээд хувцсаа тайлаад намайг Б- гэгч нь цээжээрээ түлхээд байхаар нь би Б- гэгчийн нүүр лүү гараараа мангасдсан. Тэгтэл манай найз Г.Т- салгаад аваад явсан. Тэгтэл манай найз Е- очоод тэр Б-, хамт явж байсан залуу хоёрыг салгаад аваад явсан. Тэгэж байтал цагдаа нар ирсэн.

...Б-д Т- бид хоёр гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 142-146 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.Т-, Б.М- нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Т.Т-, Б.М- нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэрч Г.Т-гийн мэдүүлсэн “... Э- бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал Б-тэй шүргэлцээд Э-ыг Б- цохиод авсан. Тэгээд би болон Е- хоёр салгаад өнгөрсөн. Тэгээд баарнаас гарах үед Б-тэй хамт явж байсан залууг нь санаандгүй шүргэсэн чинь Б- хамт явж байсан залуутайгаа хамт “та нар олуулаа гээд томроод байна уу” гээд манай найзуудын өөдөөс орилоод байсан. Б- болон хамт явж байгаа залуу хоёр бид нартай маргалдаад байсан. Маргалдаад тулж ирээд салгаад л яваад байсан. Б- баарны гадаа гарч ирчихээд гадуур хувцсаа тайлаад М- руу дайраад байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Б.Э-ы “... бүжгийн талбай дээр Г.Т- бид хоёр бүжиглэж байхад Б- гэгч нь Г.Т-тэй шүргэлцсэн. Тэгэхээр нь би Г.Т- Б- хоёрыг зодолдож магад гээд дундуур нь ортол миний араас нэг нь цохьсон. ... Баарнаас гарах гэж байгаад Г.Т- Б-тэй дахин шүргэлцсэн. Тэрнээс болж маргалдсан. ... Б- “та нар олуулаа болчихсон байна” гэж орилж маргалдаад баарны гадаа ирсэн. Б- эхэлж бид нар луу дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар хохирогч Д.Б- нь бүжгийн талбайд Б.Э-ыг араас нь цохьсон, баарны гадаа шүргэлцсэн шалтгаанаар “та нар олуулаа гээд томроод байна уу” гээд манай найзуудын өөдөөс орилоод байсан. Б- болон хамт явж байгаа залуу хоёр бид нартай маргалдаад байсан. Маргалдаад тулж ирээд салгаад л яваад байсан. Б- баарны гадаа гарч ирчихээд гадуур хувцсаа тайлаад М- руу дайраад байсан, “Б- эхэлж бид нар луу дайраад байсан” гэх мэтээр бусдыг өдөөн тухирч зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэв.

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Б- гэгч залуу нь бид нар луу “ална шүү, та нар олуулаа гээд онгироод байгаа юм уу” гээд орилоод байсан. Бид нар “чи согтуу байна, одоо боль” гэтэл Б-, М- руу цээжээрээ дайраад байсан гэсэн мэдүүлэг,  /хэргийн 128-129 дүгээр хуудас/ “ ... Тэр танихгүй хоёр залуу манай гурван найзыг бааран дотор байхдаа цохисон гэж байсан. Тэгээд тэд нар гарч ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би нөгөө танихгүй хоёр залууг найзуудтайгаа зодолдуудахгүй гэж бодоод дундуур нь ороод “адилхан залуучууд байж одоо маргалдахаа боль” гээд нөгөө хоёр залууг явуултал буцаад ирээд “та нар хаанахынх юм бэ, би Төмөр замынх, нэг нэгээрээ үзье” гээд хувцсаа тайлаад намайг Б- гэгч нь цээжээрээ түлхээд байхаар нь би Б- гэгчийн нүүр лүү гараараа мангасдсан” гэсэн мэдүүлгүүдтэй /хэргийн 142-146 дугаар хуудас/ тохирч байна.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдллын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дүгээр зүйлд заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дээрх хүсэлтийг хянан үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэргийн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч Д.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тооцож үзэхэд “дүрс оношлогоо”-ны 145.000 төгрөг, “хагалгаа, эмчилгээ, шинжилгээ”-ны нийт 8.687.320 төгрөг, “Болор мэлмий” эмнэлгийн нийт 140.000 төгрөг,  нийт 8.972.320 төгрөгийн хор уршиг тогтоодсон бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 8.827.320 төгрөгийг сайн дураараа төлсөн тул үлдэх 145.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Т-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

          Н овогт Б-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Т-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Б.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Т.Т-, Б.М- нарт гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үүргүүдийг биелүүлээгүй бол бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Т-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Т-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Т-, Б.М- нараас тус бүр 72.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.

 

9. Хохирогч Д.Б- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ