| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00359/И |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00022
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын Баянмөнх багийн 15 дугаар гудамж, ¹ 18 тоотод оршин суух, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Хөвдүүд овогт Батжилхүүгийн Эгийн нэхэмжлэлтэй /РД: СЙ86062504/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 6-2 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Горькийн 28-1404 тоотод оршин суух, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Дань овогт Ёндонгийн Ад холбогдох /РД:ВЖ85082113/
гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ё.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ё.Атэй 2007 оны сүүлээр танилцаад 2008 оны 02 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод хамт амьдарсан. 2009 онд гэрлэлтээ батлуулаад 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин А.Мишээл бидний дундаас төрсөн. Охиноо төрсөн даруйд бид Хэнтий аймагт амьдарч байгаад охиноо 3 сартай болохоор нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж амьдарсан. 2009 оны сүүлээр бид хоёр охиноо аваад буцаад Хэнтий аймагт очсон. Тэгээд би ажилд орсон, А ч бас ажилд орсон. Тэнд байж байгаад А нь 2010 онд буцаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн. Мандал суманд ажиллаж байхад нь би араас нь 2011 оны 08 дугаар сарын сүүлчээр охиноо аваад ирсэн. Хоорондын таарамжгүй харьцаа, хувийн үзэл бодлоос болж бид хоёр маргалдаад би 2011 оны 11 дүгээр сард охиноо аваад Хэнтий аймаг руу буцсан. Иймэрхүү байдлаар ганц хоёр ирэн очин байснаа 2013 оноос хойш бид харьцаагүй болсон. Би 2013 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл өөр хүнтэй хамтран амьдарч байгаа ба 2016 оны 04 дүгээр сарын 12-нд охинтой болсон. 2015 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч бид эвлэрэх болоомжгүй учраас дуусгавар болгосон. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулах, охиноо өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү? Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Ё.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э бид хоёр 2007 оны сүүлчээс эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2011 он хүртэл нэг гэрт хамт амьдарсан нь үнэн. 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин А.Мишээл бидний дундаас төрсөн. Бид Хэнтий аймагт амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж амьдрах болсон. Тухайн үед залуу байсан болоод ч тэр юм уу бид жижиг зүйлээс болж маргалддаг байсан. Тэгээд Э ер нь Хэнтий аймагт очиж ажиллаж амьдаръя гээд охиноо аваад 2011 онд явсан. Би тэр үед энд ажил хийж байсан болохоор үлдсэн. Гэтэл Эгийн талаар нэг эмэгтэй над руу утасдаад эхнэр чинь манай нөхөртэй явалдаад байна ирж арга хэмжээ ав гэж хэлдэг байсан. Энэ яриа нь баттай үнэн эсэхийг би мэдээгүй. Ингээд 2011 оны сүүлчээс хойш тусдаа амьдрах болсон. Нэг зүйл хэлэхэд намайг байхгүй байхад бидний гэрлэлтийг баталсан байдаг юм. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрэх боломжгүй гээд ямар ч асуудал шийдвэрлэхгүйгээр дуусгавар болсон. Одоо миний хувьд нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд бол хуулиар өгөх ёстой тул төлнө. Гэхдээ би өмнө нь охиндоо сар бүр 60000 төгрөг өгдөг байсан, хувцас хунар авч өгч байсан.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ё.А нар нь 2008 оны 02 дугаар сард гэр бүл болж 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин А.Мишээл төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн ¹ ¹ 0258907/11 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ¹ 0087937/01 дугаартай гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн Өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан боловч талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлүүлэхээс татгалзаж шүүхээр шийдвэрлүүлэх, мөн уулзалтын явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу 2011 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд Ё.А, Б.Э нар нь өөр хүнтэй гэр бүлийн хамтын амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Ё.А, Б.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Эгийн гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ хэний асрамжинд үлдээхээр тохиролцсон болон хүүхдээс асуухад гаргасан санал зэргийг харгалзан охин А.Мишээлийг эх Б.Эгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас 70200 төгрөгийг авахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Ё.Аээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дань овогт Ёндонгийн А, Хөвдүүд овогт Батжилхүүгийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А.Мишээлийг эх Б.Эгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин А.Мишээлийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ё.Аээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 70200 төгрөгийг авахгүй гэснийг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Аээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Хэнтий аймаг Батширээт сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.