Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 0420

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01304 0484 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ц.Б, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** зүйл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл дөрөв, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.З-ийг “..аав, ах нар чинь загналаа, чанга дуугаар ориллоо..." гэх шалтгаанаар зодож, биед нь “...тархи доргилт, хүзүү, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зүүн гарт цус хуралт, баруун тохойд зулгаралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Ц.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.З-ийг “аав, ах нар чинь загналаа, над руу чанга дуугаар ориллоо" гэсэн шалтгаанаар зодож, түүний бие махбодод  “...тархи доргилт, хүзүү, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зүүн гарт цус хуралт, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас), хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 56 дугаар хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүй зэргийн үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 16-23 дугаар хуудас);

3. Хохирогч П.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц-ын Б-тэй 2016 онд танилцаж үерхэж байгаад 2017 онд нэг гэрт орж 2019 онд дундаасаа нэг охинтой болсон. Нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй ч хамт амьдраад 3 жил болж байна. Нөхөр бид хоёр хөдөө аавын гэрт байхдаа маргалдсан. Дараа нь гэртээ ирээд манай нөхөр “танай аав, ах нар чинь хүн загнасан” гээд дахиад маргалдсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Би орон дээр буруу хараад хэвтэж байхад нөхөр шууд үснээс татаад авахаар нь би босоод гэрлээ асаагаад нөхөр лүү уурлаад” чи яагаад байгаа юм бэ, ингээд хэрэлдээд байвал зодоон болох байх, чи өөр газар очоод хоночих, гараад яв” гэж хэлэхэд нөхөр “үгүй, би зайлахгүй” гэхээр нь би цагдаад дуудлага өглөө гээд утсаа авахад миний гар утсыг булааж аваад дуудлага өгүүлэхгүй гээд толгой, хүзүү хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд намайг гарах гэтэл гаргахгүй хаалга цоожлохоор нь би туслаарай гэж орилоход нөхөр ам дараад хоолой боогоод байсан. Энэ үед хажуу айлын эгч хаалга нүдээд байхад нөхөр хаалгаа нээж өгөхгүй 2-3 минут болсон. Дараа нь хаалга нээхэд би шууд гэрээсээ гараад нөгөө эгчийн гэрт яваад ороход нөхөр араас орж ирээд намайг газар чирээд “гэртээ оръё” гэхээр нь би “орохгүй, чи намайг зодно” гэж хэлсэн. Тэр үед нөгөө эгч нөхөрт хандаж “чи эмэгтэй хүнийг битгий газар чирээд бай, боль, гэр лүү нь оруулахгүй” гэж хэлсэн. Би тэр эгчийн утсыг аваад шууд цагдаад дуудлага өгсөн...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нөхөр зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад анх хандсан. Би эмчилгээний төлбөрт нөхөр Б-гээс 200,000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34, 36 дугаар хуудас);

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3282 дугаартай шинжээчийн: “...П.З-ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зүүн гарт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 38-39 дүгээр хуудас), 

5. Шүүгдэгч Ц.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би эхнэрийн 2 гарыг нь барьж аваад чи яагаад ингээд байдаг юм бэ гэж хэлэхэд намайг гар, зайл гээд орилоод байхаар нь гараараа нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа цохиод түлхэхэд эхнэр газар унасан. Эхнэр туслаарай гээд орилоход манай хажуу айлын эгч хаалга нүдэээд эхнэр хаалгаа тайлаад тэр айл руу яваад орохоор нь би араас нь ороод гэртээ оръё гээд зүүн гараас нь барихад эхнэр орохгүй гээд газар унаж, ойчоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.З-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.З-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ц.Б-, хохирогч П.З- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ц.Б- нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд нийцсэн байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.З- нь хохиролд 200,000 төгрөг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү, би сар бүр байрны түрээс төлдөг...” гэв.

Анхан шатны шүүхээс улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.Б-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА