Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00023

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Барилгын 40 айлын 4-4 тоотод оршин суух, 1972 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Харчин овогт Цэрэндуламын Хатанбаатарын хүсэлттэй /РД:МЗ72021311/

Ц.Пүрэвсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Ц.Хатанбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Пүрэвсүрэнтэй 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн юм. Бидний дундаас 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү П.Эрхэмбаяр төрсөн. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан ба миний иргэний үнэмлэх ирээгүй байсан учир хүүгээ эх Пүрэвсүрэнгээр нь овоглож гэрчилгээг нь авсан юм. Ц.Пүрэвсүрэн бид хоёр 2013 он хүртэл хамт амьдарсан. Үүнээс хойш бид хоёр хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдрах болж би хүү П.Эрхэмбаярыг өөрийн асрамжинд авсан ба одоо хүртэл миний асрамжинд хамт амьдарч байна. Ц.Пүрэвсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иймд биднийг 2013 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Хатанбаатар нь Сартуул овогт Цэрэнбадамын Пүрэвсүрэнтэй 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сар хүртэл нэг гэрт хамтран амьдарч хамтын амьдралтай байсан нь зохигчийн тайлбар, гэрч Г.Алтанцэцэг, И.Нямаа, Д.Энхжаргал нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү П.Эрхэмбаяр төрсөн болох нь ¹ 0000967441 Г¹79 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ц.Хатанбаатар нь хүү П.Эрхэмбаярын төрсөн эцэг мөн боловч Ц.Хатанбаатар, Ц.Пүрэвсүрэн нар нь хамтын амьдралтай байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй байснаас хүү Эрхэмбаярыг эх Пүрэвсүрэнгээр овоглож төрсний гэрчилгээг нь авсан байна.

Харин Ц.Пүрэвсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан байх ба хүү П.Эрхэмбаярын овгийг нь солиулж Хаьанбаатараар овоглох гэхэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан учраас хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Ц.Хатанбаатарын гаргасан хүсэлтийг хангаж Ц.Пүрэвсүрэнтэй 2008 оны 08 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Ц.Хатанбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Цэрэндуламын Хатанбаатар, Сартуул овогт Цэрэнбадамын Пүрэвсүрэн нарыг 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН