| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00371/И |
| Дугаар | 00033 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00033
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын ¹ 79 тоотод оршин суух, 1994 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, Боржигон овогт Баттогтохын Нямдаваагийн /РД:МЗ94112701/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, 96 дугаар байрны ¹ 81 тоотод оршин суух, 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Боржигон овогт Гантулгын Гансүрэнд холбогдох /РД:МЗ91021119/
хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нямдаваа, хариуцагч Г.Гансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Гансүрэнтэй 2013 онд танилцаад гэр бүлийн харилцаатай болоод 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Болорыг төрүүлсэн. Гансүрэн бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэг гэрт албан ёсоор орж амьдарсан. Гансүрэн 2013 оны 08 дугаар сард Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д монтероор ажилд орсон. Ажилд орохоос өмнө гадуур хонодоггүй байсан. Гэтэл ажилд орсноос хойш архи дарс их ууж шөнийн 03-04 цагт орж ирэх юм уу эсвэл бүр ирж хонохоо больсон. Тэгээд ирэхээр нь хаагуур яваад ирэв гэхэд одоо суусан Амгаа гэх хүүхэнтэйгээ нийлээд ажлын газрын хүмүүстэйгээ яваад байдаг байсан юм байна лээ. Энэ байдал нь даамжирсаар байгаад бид 2015 оны 08 дугаар сард маргалдаад намайг зодсон. Тэгээд би охиноо аваад аав ээж дээрээ очсон. Үүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдарч байна. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Гэхдээ хүүхдийнхээ гэрчилгээг авахдаа хүсэлт гаргаад эцэг Гансүрэнгээр нь овоглож авсан. Охин нь аавыгаа санаад утсаар ярина гээд утас аваад тэврээд байгаад байдаг юм. Гансүрэн охин чинь яръя гэж байна гэж намайг хэлэхээр л хааяа залгадаг хааяа бүр ярьдаггүй юм. Одоо Гансүрэн нь өөр хүнтэй гэр бүл болсон учир бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд Гансүрэнг охин Г.Болорын эцгээр тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Гансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нямдаваа бид хоёр 2012 оны 01 дүгээр сард анх танилцсан юм. Тэгээд нэг жил орчим харьцаагүй байж байгаад дахин харьцаатай болоод гэр бүл болсон. 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Болор бидний дундаас төрсөн. 2014 оны 05 дугаар сарын 15-наас хойш нэг гэрт хамт амьдрах болсон. 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн маргаан гардаг байсан нь үнэн. Гэхдээ би байнга архи ууж зодож байгаагүй. Жил бүрийн 8 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд Эрчим хүчний баяр гэж болдог юм. Энэ баяр 2015 оны 08 дугаар сард Шарын гол суманд болсон юм. Тэгээд би баяртаа орох гээд хувцас авах гэхэд Нямдаваа зөвшөөрөхгүй уурлаад мөнгөнөөс болж бид хоёр маргалдсан. Нямдаваа намайг маажсан чинь манай ээж уурлаад хүүхэд баярт оролцох гэж байхад маажлаа гээд Нямдавааг алгадсан чинь ээжийг үсдэж аваад зодсон. Гэтэл манай эмэгтэй дүү ээжийг өмөөрөөд Нямдаваатай зодолдсон. Тэгтэл Нямдаваа цагдаа дуудсан. Цагдаагаар бид хэсэг явж байгаад больсон. Нямдаваагийн ээж нь ирээд охиноо авч явна гээд аваад явсан. Үүнээс хойш би 2015 оны 09 дүгээр сард би Нямдаваагаас уучлалт гуйж эвлэрэх гэж очсон боловч Нямдаваа болон түүний ээж нар нь зөвшөөрөхгүй намайг элдвээр хэлсэн. Түүнээс хойш би дахиж очоогүй. Одоо би нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваа, хариуцагч Г.Гансүрэн нар нь 2013 онд танилцан гэр бүлийн харилцаатай болж 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Гансүрэнгийн Болор төрсөн, одоо эх Б.Нямдаваагийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹4322000021 гэсэн бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ачитбаг ӨЭМТ-ийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Г.Гансүрэн, Б.Нямдаваа нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч охин Г.Болорын төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр Г.Гансүрэнгийн нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул охин Г.Болорын эцгээр Г.Гансүрэн мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.
Мөн хариуцагч Г.Гансүрэн нь охин Г.Болорын эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Б.Нямдаваагийн хариуцагч Г.Гансүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин Г.Болорыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Гансүрэн, нэхэмжлэгч Б.Нямдаваа нар нь гэрлэлтээ бүртгүүлж баталгаажуулаагүй хамтын амьдралтай байсан нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид буюу нөхөр, эхнэр гэж үзэх боломжгүй байгаа тул хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр охин Г.Болорыг эх Б.Нямдаваагийн асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Г.Гансүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямдаваад олгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Г.Гансүрэнгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Гансүрэнгийн Болорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Г.Болорыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гансүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Гансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нямдаваад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Гансүрэнгээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.