Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

 

2020           05           01                                        2020/ШЦТ/442

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Э.О- түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

өсвөр насны шүүгдэгч А.Б-, хууль ёсны төлөөлөгч А.Алинзул, өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Э-ын О-, И овогт А-ын Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005003360223 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... аймгийн ......... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эх, эхнэр 3 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо ...  дугаар ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын О-.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ......... дээд сургуулийн тогоочийн ... дугаар курсын оюутан, ам бүл 2, өвөөгийн хамт ........ дүүргийн 2 дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт А-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.О- нь А.Б-тэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Г-ыг “шөнө унтуулсангүй, орилж хашгирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.Б- нь Э.О-тай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Г-ыг “шөнө унтуулсангүй, орилж хашгирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед би машинаа байрныхаа гадаа тавихдаа хүний машин таглаад тавьсан. Миний таглаж тавьсан машин гарах болж магадгүй гэж бодоод гараад машинаа холдуулахаар гарсан. Тэгээд явж байгаад 1 шил архи уусан. Б- гарч ирж намайг цохисон, араас нь О- гарч ирээд намайг өшиглөж зодсон. Араас нь эмээ нь гээд байгаа хүн гарч ирээд элдвээр хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр MBG эмнэлэгт хагалгаанд ороод баруун нүдний ухархайн ясанд ялтас суулгасан хагалгаа, хамар ясны мөгөөрс суулгах хагалгаа хийлгэсэн. Компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн. Зодуулсны улмаас миний нүдний шилний рам хугарсан. Хагалгаанд нийтдээ 4.390.000 төгрөг болсон, нүдний шилээ 200.000 төгрөгөөр засуулсан. Бас аптекаас эм авч уусан. Гэхдээ би шүүгдэгч нараас эм эмчилгээний зардал гэж нэг төгрөг ч аваагүй байгаа. Би өмнөх шүүх хуралдааны үеэр хэлж байсан. Миний хохирол төлбөр эмчилгээний зардлыг төлчихвөл надад гомдол санал гэх зүйл байхгүй. Нэхэмжилж байгаа нийт дүн 5.960.000 төгрөг болж байгаа” гэв. 

 

Шүүгдэгч Э.О-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Г-ыг “шөнө унтуулсангүй, орилж хашгирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Г-ын “2020 оны 01 дүгээрс арын 14-ний өдөр 17 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувилахуйн сургуулийн зүүн хойд талын 16 дугаар байрны баруун талын автомашины задгай зогсоол дээр хамт ажилладаг Пунсалдуламын машиныг барьж ирээд зогсоол дээр байрлуулаад манаачид нь орой гарч магадгүй шүү гэж хэлээд 16 дугаар байр луу гэр лүүгээ ороод ганцаараа 0,5 литрийн нэг шил архины талыг уусан. 23 цагийн үед Пунсалдулам машинаа авъя өглөө Нисэх буудлаас хүн тосох болчихлоо гэхээр нь хүү М-э лүү залгаад хүрээд ир гээд дуудсан. 00 цагийн үед хүү ирээд машины зогсоол дээр очтол ард цагаан өнгийн Prius 30 маркийн машин хаагаад тавьсан байсан. Шилэн дээр нь байсан 88-тай дугаар луу нилээн хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би манаачийн байран дээр очиж манаачийг дуудаад энэ машины хүнийг дуудах хэрэгтэй байна, би орой гарч магадгүй гэж сануулаа биз дээ гэтэл манаач уг машины дугаар луу залгасан боловч утсаа авахгүй байсан. Хүү, манаач хоёртой гурвуулаа машины бөгсийг өргөж холдуулах гэсэн боловч дийлэхгүй байсан учир би бухимдаад хүн гарч магадгүй гэж хэлээд байхад гээд манаач руу чанга орилоод бухимдаж байтал уг зогсоолын хашаан дотор байрлах 3 давхар ногоон байрны 3 давхараас нэг эрэгтэй хүн хөөе пизда  минь чи дуугүй байгаач хүн унтуулж амраахгүй үхсэндээ орилж чарлаад байгаа юм гэхлээр нь юу хуцаад байгаа юм чамд ямар хамаатай юм гэтэл ална шүү гэхлээр нь чаддаг юм бол гарч ирээд алахгүй юу гэтэл цаашаа орчихсон. Би манаачид уурлаад байж байтал 4-5 минутын дараа бараан өнгийн санагдаж байна, ноосон цамцтай эрэгтэй хүн гарч ирээд шууд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиход нүдний шил газар унаад хойшоо бөгсөөрөө газар унатал миний нүүр лүү гутлынхаа хоншоороор өшиглөөд толгой руу 4-5 удаа  цохиод байсан. Энэ үед миний нүүрнээс цус гарч байхаар нь одоо болиочээ, больё цус гарчихлаа ш дээ гэтэл цаанаас хүү М-э болиоч гээд иртэл хүү рүү дайраад надаас холдсон. Би гараараа цусаа арчаад сууж байтал дахиад улаан куртиктэй залуу ирээд шууд миний нүүр лүү өшиглөөд толгой дээрээс гараараа нилээн хэдэн удаа цохиход  манаач наадах чинь настай хүн байна больцгоо гээд салгасан.

... Эхний залуу нь миний хөмсөгийг сэтэлсэн байсан. Хоёр дахь залуу нүүр лүү ирж өшиглөхөд нүдний ухархайны хана хугарсан байх. Их эвгүй өшиглөчихсөн. Хамрыг харин хэн нь цохиж хугалсаныг мэдэхгүй байна. Хоёулаа нүүр лүү цохиж өшиглөсөн.

... Хамрын хагалгаанд бэлнээр 1.200.000 төгрөгийг төлсөн байгаа. Нүдний ухархайн 4.391.000 төгрөгийг төлж чадаагүй. Нэхэмжлэхийг нь авсан байгаа. Намайг зодсон залуучуудаас эмчилгээний зардал нүдний шилийг захилгын мөнгийг нэхэмжилнэ. Миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Г.М-ийн “... Би машиныхаа хажууд машинаа халаагаад зогсож байхад аав манаачийн бутекны хажууд манаачтай маргаад зогсож байтал хар өнгийн өмд цамцтай, нүдний шилтэй, 25-28 орчим насны эрэгтэй шууд аав руу очоод нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд гараараа толгой нүүр лүү нь цохитол аав хойшоо бөгсөөрөө газар унатал нүдний шил нь хагараад баруун талын хөмсөгнөөс нь цус гарчихсан. Тэгтэл нөгөө залуу аавын нүүр лүү хөлөөрөө өшиглөөд гараараа толгой нүүр лүү нь цохиод байхаар нь би очоод болиоч гэтэл нөгөө залуу над руу чи хэн бэ пизда минь би чамайг ална шүү гээд орилоод дайраад байсан. Би чи хөгшин хүнийг болиоч гэтэл манаач ах миний урдуур орж хаасан. Тэгтэл өөрийгөө  Зайсангийн атман байна ална шүү гээд аав руу орилж байгаад явчихсан. Би машин дээрээ очиж машинаа унтраагаад ах руугаа залгаад дуудах гэтэл утсаа авахгүй байсан. Энэ үед гэнэт улаан куртиктэй залуу гүйж гарч ирээд аавыг манаачийн бутекны шатан дээр сууж байхад нь очоод нүүр толгой руу нь гараараа 4-5 удаа цохиод үргэлжлүүлээд нүүр лүү нь гутлынхаа  хоншоороор өшиглөөд байсан. Би хөөш та нар гээд гүйгээд очтол хар хувцастай залуу гадуураа шар өнгийн куртик өмсчихсөн гараад ирчихсэн хоёулаа намайг зодох гээд хөөхөөр нь би машин руугаа эргэж хараад зугттал намайг хөөхөө больсон. Эргээд хартал хоёулаа  аав дээр оччихсон толгой нүүр лүү цохиж байтал ээж нь гэх эмэгтэй гарч ирээд уг хоёр залууг салгаад гэр лүүгээ аваад орсон.

... Хоёр хүн ээлжилж зодсон. Эхлээд хар өмд, цамцтай залуу нүүр лүү нь цохиж унагаад өшиглөөд мөн гараараа толгой нүүр лүү нь цохичихоод явтал араас нь улаан өнгийн куртиктэй залуу гарч ирээд нүүр, толгой руу нь гараараа цохиод гутлынхаа хоншоороор нүүр лүү нь өшиглөөд байсан. Мөн сүүлд эргээд харахад хоёулаа аав дээр оччихсон, гараараа толгой руу нь цохиж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Б.С-ын “... Машин орж ирээд би машин байрлуулах гээд зүүн урагшаа явчихаад эргээд иртэл хижээл насны эрэгтэйн нүүр лүү нэг залуу хоёр удаа өшиглөж байсан. Намайг яваад очтол хижээл насны эрэгтэй манай манаачийн байрны шатан дээр суучихсан ингэчихлээ гээд хөмсөгнөөс нь цус гарчихсан сууж байсан. Нөгөө залуу хижээл насны эрэгтэйн хүүг зодох гээд дайрахад нь би хүүгийнх нь гарнаас татаж холдуулаад та нар настай хүн яаж байгаан гэж холдуулаад усанд яваад эргээд ирэхэд 45 дугаар бйрны 3 давхарын эмэгтэй гараад ирчихсэн хоёр залууг дагуулаад гэр лүүгээ орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1504 дугаартай:

“1. Б.Г-ын биед баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 44-60 дугаар хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ийн  нас тоолсон тухай “... 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Алинзулын Б- нь /арван долоон нас долоон сар хоёр хоногтой/-той байсан байна” гэсэн тэмдэглэл. /хэргийн 65 дугаар хуудас/

 

Э.О-ын яллагдагчаар өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 6 тоотод хадам эх А- болон 2 сар гарантай охин Аминсолонго болон эхнэрийн том хүү Б- нарын хамт амарч байхад байрны гадна талын машины зогсоол дээр согтуу эрэгтэй хүн  хүнтэй маргаад чанга чанга орилоод байсан чинь бага охин цочиж  сэрээд уйлаад байхаар нь би цонхоор шагайгаад чимээгүй болооч нялх хүүхэд байхад гэтэл юу гээд хуцаад байгаа юм, чамд хамаагүй гээд тоохгүй орилоод байхаар нь би буцаад ортол хадам эх А- бас цонхоор шагайгаад болиоч гэтэл ээжийн урдаас хэрэлдээд доромжлоод байсан чинь Б- уурлаад гүйгээд гарчихсан. Тэгтэл хадам эх хүүе гараарай Б- хүн цохичихлоо гэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь гартал надтай маргаад байсан эрэгтэй манаачийн байрны шатан дээр суучихсан хараагаад байхаар нь би нүүр лүү нь өшиглөөд гараараа нэг удаа цохитол хадам ээж гараад ирчихсэн байсан. Тэгээд Б-ийг аваад гурвуулаа гэртээ орсон. Б- гэр лүүгээ явна гэхээр нь би хамт гараад таксинд суулгаж өгөөд явуулчихаад орж иртэл ээж цагдаа ирээд явлаа гэсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Г-ын биед дээрхи гэмтлийг учруулсандаа хүлээн зөвшөөрч байна. Би нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Намайг өшиглөх үед нүд нь хамар нь гэмтсэн байж магадгүй. Хөмсөгийг нь яаснаа мэдэхгүй байна.

... Анх удаа ийм асуудалд орооцолдсондоо маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71-72 дугаар хуудас/

 

А.Б-ийн яллагдагчаар өгсөн “... би гэрээсээ гараад зогсоол дээр байсан ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиод дахин нэг удаа өшиглөчихөөд хажууд нь зогсож байтал ах О- гарч ирээд  мөн нөгөө ахын нүүр лүү гараараа цохисон. Энэ үед эмээ А- гараад ирчихсэн байсан. Тэгээд бид гурав гэр лүүгээ ороод би өвөөгийнхөө гэр лүү такси бариад харьсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Г-ын биед дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг эхлээд нүүр лүү нь цохих үед хөмсөг нь язраад цус гарчихсан. Хамар болон нүдний ухархайн гэмтлийг учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.

... Анх удаа ийм асуудалд холбогдсондоо маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.О-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Г-ыг “шөнө унтуулсангүй, орилж хашгирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.О-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б.Г-ын “Эм би жи мед” эмнэлэгт “баруун нүдний ухархайн хугарлыг ялтас шургаар бэхлэх мэс засал” хийлгэсэн төлбөр 4.391.000 төгрөг, хамрын хагалгааны төлбөр 1.200.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмтсэн нүдний шилний үнэ 187.000 төгрөг, томографийн зураг авхуулсан 100.000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ 12.000 төгрөг, 5.500 төгрөг нийт 5.895.500 төгрөгийн хохирол учирсан нь өвчний түүх, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч шүүгдэгч Э.О-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  шүүгдэгч Э.О-, өсвөр насны шүүгдэгч А.Б- нар хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын О-, И овогт А-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.О-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ийг 240  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.О-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар хийлгэхээр,

Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О-, А.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.О-, А.Б- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.О-, А.Б- нараас тус бүр 2.947.750 төгрөг гаргуулж Сонгниохайрхан дүүрэг 13 дугаар хороо Өнөр хороолол 8 дугаар байр 164 тоотод оршин суух Олхонууд овогт Балдангомбын Г-ад /РД:ХБ1080619/ олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-, А.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ