Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 0436

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00322 0534 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Б.М, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Завхан аймгийн З мандал суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Үндэсний аврах бригадад шүхэрчин, аврагч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын ***тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн *** тоотод иргэн Г.Н-тэй “гэрээс гар, би унтаж амармаар байна гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хуванцар сандлаар цохих, түлхэж унагах зэргээр түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн *** тоотод иргэн Г.Н-тэй “гэрээс гар, би унтаж амармаар байна гэж хэллээ” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт хуванцар сандлаар цохиж, түлхэж унаган, түүний бие махбодод “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн даланд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 01 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн *** тоотод байж байтал гаднаас үл таних залуу М, түүний эгч О нар ороод ирсэн. Тэр хоёр “Эг хаана байна, хүүхдээ аваад ир” гэж хэлэхээр нь би “Э-гийг би мэдэхгүй байна, гэртээ ирээгүй удаж байна, би яг хаана байгааг нь сайн мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл М “та л мэдэх ёстой, тантай  утсаар ярьдаг гэж хэлсэн” гэхээр нь би “надтай ярихын хувьд бол ярьдаг, яг хаана байгаа талаараа ярьж хэлсэн зүйл байхгүй” гэж хэлтэл М “хүүхдээ аваад ир” гээд уурлаад байхаар нь “би мэдэхгүй, манай гэрээс яв, би ажлаас дөнгөж орж ирсэн, амармаар байна” гэж хэлсэн. Тэгтэл М уурлаад орны доор байсан ногоон өнгийн сандал аваад миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа цохичхоод манай гэрээс гараад зугтаасан. Миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь манай нөхөр А оймсоор цус тогтоох гэж арчсан. Би нөгөө залуучуудын араас нь гартал машинаа асаагаад зугтаасан. М, түүний эгч О, манай нөхөр М.А нар байсан, өөр хүн байгаагүй. Урд өмнө нь манай гэрт ирж манай охин Э-гийг бас асуусан гэж байсан, тухайн үед манай нөхөр байсан. Тэд манай гэрт хууль бусаар нэвтэрсэн асуудал байхгүй. Манай нөхөр М, О нарыг таньж байсан....Хэрэг болох үед манай гэрт үлдээчхээд явсан байна лээ. Би тэрийг нь мэдээгүй миний rap утсыг аваад явсан гэж мэдүүлэг өгсөн. М намайг сандлаар цохихоор нь би уурлаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд М намайг хойшоо түлхэхэд нь би дал хэсгээрээ унасан. Миний нүүр лүү цохисноос болоод ногоон өнгийн хуванцар сандал хагарсан байсан тул уг сандлыг хаячихсан. Би М гэх хүнээс эмчилгээний зардалд 840,000 төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-32, 105-106 дугаар хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1154 дугаартай “...Г.Н-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36-37 дугаар хуудас);

4. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01-р сарын 06-ны шөнийн 01 цагийн үед би эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн *** тоотод байж байтал үл таних М, эгч О-гийн хамт орж ирээд “танай хүүхэд Э-г хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь эхнэр Н бид хоёр “тэр хүүхэд одоо алга болчихсон, гэртээ ирэхгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Н “манайхаас гар” гэж хэлсэн. Эхнэр Э-тэй маргалдаад хэрэлдэж байх хугацаандаа бурхны ширээн дээр байсан хүүхдийн паспортыг авсан. Тэр үед М гэх залуу манай эхнэр Н рүү дайраад хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд М орны хөлд байсан ногоон өнгийн хуванцар сандлыг аваад эхнэрийн нүүр, хамар орчимд нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би уурлаад “яаж байгаа юм бэ чи, эмэгтэй цохидог хэн бэ, пизда минь” гэж хэлтэл тэд манай гэрээс гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-50 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Үндэсний аврах бригадад шүхэрчин аврагч ажил хийдэг. Би 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тарчхаад Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Мандал ***тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ байж байтал манай ах Б- залгаад “манай гэрт хүрээд ир, хөзөр тоглоё” гэхээр нь би 21 цагийн үед Б ахынд очиход үл таних хэдэн залуучууд болон танил эгч О нар хөзөр тоглож байсан. Тэнд байсан хүмүүс хөзөр тоглонгоо архи уусан, харин би маргааш нь ажилтай болохоор пивоноос 2-3 аягыг л уусан. Тэгээд дүү Даваадоржоор машин бариулаад эгч О-г гэрт хүргэж өгөх гээд явж байхад О “замаараа Э-гийн гэрээр ороод үзэх үү, гэртээ байж магадгүй” гэж хэлэхээр нь бид гурав Э-гийнд очсон. Гэрт ороод О Э-гийг хаана байна гэж Э-гийн ээж Н-ээс асуусан. Энэ үед би хажуугаас нь “та л мэдэж байгаа шүү дээ, тантай холбоотой байдаг гэсэн” гэхэд Н “ойрд би Э-тэй холбоо бариагүй. Одоо хаана байгааг нь, юу хийж явдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлэх үед бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Н “би амармаар байна, ажлаасаа тараад ирж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд орны доор өнцөгт байсан ногоон билүү цэнхэр өнгөтэй хуванцар сандлыг аваад нүүр лүү нь шидчихсэн. Н-ийн нүүр ам нь нил цус болчихсон над руу дайрах гээд байхаар нь би зөрүүлээд түлхэх үед Н хойшоогоо орны толгой хэсэг дээр унасан. Тэгээд бид гараад явсан. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүдийг би сандлаар нэг удаа цохиж учруулсан. Харин зүүн далны зулгаралт гэмтэл нь намайг түлхэх үед хойшоо унахдаа үүссэн байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2020 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан болно.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хууль хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч хууль тогтоогч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н- нь хохиролд 840,000 төгрөг авсан, гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.М-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.М-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА