Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

Б, М, П, А нарт холбогдох хэргийн талаар

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй              

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

  Шүүгдэгч М, П, А нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 44 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Х.Гүнжидмаагийн бичсэн эсэргүүцлээр Б, М, П, А нарт холбогдох 201707000005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1970 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Онцгой байдлын газрын орлогч дарга, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, М,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, П,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, ам бүл 5, аав, эгч, эгчийн хоёр хүүхдийн хамт А,

 

 

 

Шүүгдэгч Б нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Говь-Алтай аймгийн  тоот хашаанд иргэн М-г нохой дайрлаа гэсэн маргааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

 

           Шүүгдэгч М нь Б-ын үйлдсэн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, 2017 оны 1 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийн биед гэмтэл учруулсан этгээд, түүний үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй, болсон явдлыг мэдэхгүй мэтээр худал мэдүүлэг өгсөн,

 

           Шүүгдэгч А нь Б-д холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн,

 

Шүүгдэгч П нь Б-д холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б, 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М, А, П нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хохиролгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Гүнжидмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Яллагдагч Б, М, А, П нар нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх М, Б нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болохыг нотолсон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн буюу хэргийг цагаатгах болсон үндэслэлээ тодорхой дурьдаагүй байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал. цаг хугацаа, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зэргээр шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байхад шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй мөн шүүгдэгч М, А, П нарын холбогдсон хэргийг ямар үндэслэлээр цагаатгаж байгаагаа дурдаж заагаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулгыг тодорхой заагаагүй байна. Үүнд:

Мөн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгана гэж заасан байхад ямар үндэслэлээр цагаатгаж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй, ямар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа, ямар гэрч нар М, Б зодсон гэдгийг гэрчилж чадахгүй байгаа, М, А, П нар нь худал мэдүүлэг өгсөн гэдэг нь ямар нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа зэргийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ цагаатгах тогтоолдоо орхигдуулсан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй бол аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж заасан бөгөөд энэ нь нэг талын байр суурь, нотлох баримтанд үндэслэгдэж байгаа бол нөгөө талын байр суурь шүүхээр хэлэлцүүлж байгаа нотлох баримтыг бүрэн хангалттай няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ мөн тусгасан байх ёстой байх шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийл 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдзтчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн бүрэн судалж үнэлээгүй, ямар нотлох баримтыг няцааж, үгүйсгэж байгаа талаараа тусгалгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг удирдлага болгон баримталсан байгаа нь цагаатгах тогтоолд тусгагдвал зохих зүйлийг бүрэн тусгаагүй, цагаатгах тогтоолын өөрийнх нь үндэслэл бүхий байх шаардлагыг үгүйсгэж бййна гэж үзэхээр байна.

Иймд Б нарт холбогдох эрүүгийн 201707000005 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шйардлагыг хангаагүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ны өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч М, П, А нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 24-ны өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмыг баримталж үндэслэл бүхий гарсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг яллахдаа нотлох баримтанд тулгуурлаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруу хуульд зааснаар бүрэн нотлогдоогүй бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох гэж гэрч хохирогч нарыг нь яллагдагчаар татсан, нэгнийх нь үйлдлийг нөгөөгөөр нь нотлуулахаар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн бодит байдлыг нотлох баримтанд тулгуурлаж нотлолгүйгээр улсын яллагч, хуульчийн байр суурьнаас бус хувь хүний хийсвэр дүгнэлтээр хүмүүсийн гэм бурууг нотлохоор угаасаа гэдэг үгийг эх сурвалжаа болгож таамаглал дэвшүүлэн мэтгэлцэж байсан нь шүүхэд битгий хэл хэргийн оролцогч нарт ойлгомжтой байсан.

Гэрч, хохирогч нарыг өөрсдийнх нь хараагүй үзээгүй зүйлийг нь хэлүүлэх гэж, үзсэн харсан гэж хэлсэнгүй гэх шалтгаанаар худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Үүнийгээ нотлохоор өөр газар, өөр зүйлийг ярьж байгаа гэрч нарын мэдүүлэгээр тэдгээрийг нотлохоор улайрч байгаа прокурорын үйлдэл нь харамсалтай байгааг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийн үндэслэлээ хэнд ч ойлгогдохоор дүгнэж тодорхойлсон бөгөөд улсын яллагч уг шийдвэрийг ойлгохгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм.

Прокурорын эсэргүүцэлд цагаатгах тогтоолд удирдлага болгосон зүйл заалтын талаар дурьджээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дахь заалтыг тусгасныг дурьджээ. Анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдаанд шийдвэрээ танилцуулахдаа уг заалтыг огт дурьдаагүй бөгөөд энэхүү заалтыг бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт бичигдсэн нь техникийн алдаа гэж үзэж байна. Шүүгчийн шийдвэрээ танилцуулахдаа уг зүйл заалтыг дурдсан эсэх нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой  харагдана  гэж  үзэж  байна.   Тиймээс  шийдвэрийг  эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14-р зүйлд зааснаар залруулах боломжтой бөгөөд миний бие 2017 оны 08-р сарын 17-ны өдөр үүнтэй холбоотой хүсэлтийг гаргасан болно.

Иймд прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Б нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Мөнхнайрамдалыг зодож биед нь санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээр улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан байгаа. Цагаатгах тогтоол нь хууль зөрчөөгүй үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд Б намайг зодчихлоо гэсэн гомдол мэдээлэл хэн өгсөн гэдэг нь хавтаст хэргээс тогтоогдохгүй байгаа. Хохирогч өөрөө ямар ч гомдол мэдээлэл өгөөгүй байдаг. Б намайг зодчихлоо гэдэг үг яриа хаанаас гарсан бэ гэхээр дуудлагаар очсон цагдаа нарын мэдүүлгээр Б гэдэг хүн зодсон гэдэг зүйл яригдсан. Б зодуулсан гэдгээ хэлсэнгүй гэж гэрч хохирогч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж хуулийн хариуцлагад татаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд гомдол хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүсэлт гомдол гаргах эрхийг минь зөрчиж Ерөнхий прокурорт гомдол гаргаад аймгийн прокурорт нэг хувийг нь өгсөн байхад энэ хэргийг шууд шүүх рүү шилжүүлж миний хүсэлтийг хангаагүй. Гэрч хохирогч нар нь гэрчээр мэдүүлэг өгөөд байгаа цагдаа нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй ийм учраас цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б, М зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч М, П, А нар нь мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтай байна үзэж, гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт  бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал: Намайг Б зодлоо гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл нь Б-ын гэм бурууг нотлож байна гэж прокурор уг нотлох баримтыг иш татсан байна.

Гэвч энэ тэмдэглэлийн гол мэдээллүүд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийн утга гэсэн хэсэгт өмнө бичигдсэн мэдээллийг засварлаж, дарж бичсэн, гомдол мэдээллийг хүлээн авсан цаг засвартай, тодорхойгүй, гомдол мэдээллийг бүртгэсэн тухай дардас дээрх тэмдэглэлд он, сар засвартай хэн ямар шалтгааны улмаас эдгээр засваруудыг хийсэн талаар тэмдэглээгүй, гомдол мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурахаас өмнө, эсхүл дараа нь уг засвар хийсэн нь тодорхойгүй тул уг тэмдэглэл нь шүүгдэгчийн гэм бурууг нотлож байна гэж үнэлэх боломгүй байна. /хх-ийн 2 хуудас/

 Гэрч Б-ийн "Би машин унаж яваад нохой дайрчихлаа. Тэгсэн чинь тэр хүн намайг цохиод, эрүү их сонин болсон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/   нь шүүгдэгчийн гэм бурууг нотлож байна гэж прокурор тайлбарлаж байна.

Гэтэл М тухайн үед машин унаж яваагүй болох нь маргаангүй тогтоогдсон бөгөөд Б-ийн мэдүүлэг болон М тухайн үед болсон үйл явдлыг зөв тусгах чадвартай байсан эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна.

Гэрч Б-ийн "... Б гэдэг хүн цагаан машинтай ирээд хашаанд орсон, тэнд хэрүүл шуугиан болоод байсан нь сонсогдож байсан учраас П намайг ороод М-ыг аваад ир гэсэн юм. Тэгээд би машинаас буугаад хашаанд орох гэхэд М хашааны хойд хаалгаар гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас /  хэргийн үйл баримтыг нотлохгүй байна.

Гэрч Б-ын: "П надруу яриад М ухаан алдаж унаад байна чи эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр яваад очиход М эмчилгээ хийлгээд орилж хашгираад байж байсан. Баянбаатар намайг чи наад эмэгтэйчүүдийг нь аргалаатах би машин тэргийг нь гаргаад асуудалгүй болгоё гэж хэлсэн. Тухайн үед П нь Онцгой байдалд ажилладаг хоёр нийлээд зодсон гэж хэлж байсан болохоор би Б-ээс та хоёр нийлээд зодчихсон юм уу гэхэд Үгүй гэж хэлж байсан. ...М машинаас буугаад дайруулсан нохойг өргөөд хашаа руу нь орсон чинь Онцгой байдалд ажилладаг Б, Б нар уурандаа цохиод эрүүг нь гэмтээсэн юм шиг байна лээ. Тэр орой Б.Мөнхнайрамдалыг эмнэлэг дээр байхад Б өөрөө очоод би уг нь тийм хүчтэй цохиогүй юм гэхдээ наатах чинь гэмтэл авсан юм шиг байна гээд айсан зогсож байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг нь гэрчийн болсон үйл явдалд субъектив байр суурьнаас хандаж үнэлэлт дүгнэлт өгсөн, таамаглалд үндэслэсэн мэдүүлэг бөгөөд Б, М-ыг цохиж түүнд гэмтэл учруулсан болохыг шууд нотлохгүй байна.

Гэрч Б-ын "...2016 оны 12 сарын 27-ны өдөр М-ыг эмнэлэгт хэвтүүлж 28-ны өдөр хагалгаанд орсон. Түүний эрүү нь 2 газар хугарсан байсан. М-ээс өөрөөс нь асуухад айлын нохой дайрсан асуудлаас болж нохойны эзэнд цохиулсан гэж хэлж байсан. Болсон үйл явдлыг М нь өөрөө санаад ярьж чадаж байсан..." гэсэн мэдүүлэгийг /хх-ийн 31 хуудас/  прокурор иш татжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан уг мэдүүлэгт гэрч Б өөрөө “Айлын нохой дайрсан асуудлаас болж хүнд цохиулсан гэж хэлсэн. Яг хэнд цохиулсан талаар би асуугаагүй. Хэнд цохиулсан гэдгээ надад хэлээгүй” гэж мэдүүлсээр байтал мөрдөн байцаагч “Аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан өвчний түүхэнд 2016.12.25-нд цохиулсан гэж тэмдэглэсэн байна. Харин М-ын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор өгсөн байцаалтанд “Би яаснаа мэдэхгүй байна.  Хүнд цохиулсан юм шиг байна л гэж хэлсэн байна. М нь болсон явдлын талаар яг юу ярьж байсан бэ? гэсэн хөтөлсөн асуулт  асуусан байх бөгөөд уг асуултанд “М айлын нохой дайрснаас болж нохойны эзэнд цохиулсан гэж хэлж байсан. Болсон явдлыг өөрөө санаад ярьж чадаж байсан” гэж мэдүүлжээ.

Мөрдөн байцаагчийн хөтөлсөн асуултанд гэрчийн өгсөн хариултыг үнэн зөв гэж үнэлэх нь боломжгүй.

Шинжээч Т.Алтайбаатарын  2014 оны 12 сарын 29-ны өдрийн шижээчийн дүгнэлт /хх-ийн 49 хуудас/, мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/ зэрэг нь М-ын биед гэмтэл учирсан болохыг нотлож байгаа боловч хэн уг гэмтлийг учруулсан болохыг нотлохгүй байна.

Мөн гэрч О "Б-г алхаж ирэхээс өмнө М  нь "Онцгой байдлын газрын дарга намайг зодсон, дарга хүнд хууль үйлчилдэггүй юм уу" гээд орилж хашгираад байсан. Б-г орж ирэхээр нь энэ хүн таныг зодсон юм уу гэж М-ээс асуухад үгүй энэ залуу бид хоёрыг юм яриад сууж байхад энэ хүний ах нь ирээд намайг зодсон гэж хэлж байсан. Б-ээс чи М-ыг зодсон юм уу гэхэд би зодоогүй манай ах ирээд хоёр удаа цохисон юм гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 107 хуудас/ зэргийг прокурор шүүгдэгч Б-г яллах үндэслэл болгож байгаа боловч уг дамжмал нотлох баримт болох мэдүүлгийн эх сурвалж нь эргэлзээтэйн дээр гэрч Б уг мэдүүлэгт авагдсан мэдээллийг үгүйсгэж байх тул шүүх уг мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн М-ын: "Намайг нохой дайрсан гээд Б гэдэг хүн цохисон. Тухайн үед Б бид хоёр тухайн дайруулсан нохойг тэргээр зөөгөөд хашаанд  нь оруулж байсан. Гэтэл араас орж ирээд намайг нүүрлүү цохисон. Би ухартал намайг дахиж хэд хэд цохиж авсан. Гараар эрүү, шанаа зэрэг газарт хэд хэд цохисон. Миний эрүү хоёр хугарсан, гар тохой зэрэг газар хөхөрсөн байна." гэх тайлбарыг /хх-ийн 5 хуудас/ прокурор Б-ын үйлдлийг нотлож байна гэж мэтгэлцэж байна.

Гэтэл М нь нохой машинд дайруулснаас хойш хүнтэй утсаар ярьж уйлах, шалтгаангүйгээр уйлж хашаанд орж гарч явах, цагдаагийн ажилтны өөдөөс салаавч гаргах, эмчилгээ хийлгэж байхдаа орилж хашгирах зэрэг үйлдэл гаргаж, нохойг өөрөө дайрсан мэтээр ярьж байсан, Б-г эмнэлэг дээр эргэж очиход “Чи намайг зодуулж байхад орхиод зугтсан юм биш биз дээ” гэж байсан зэрэг нь тухайн үед М нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлах чадваргүй байсныг буюу “Би архи ууж байгаад тасарсан байсан. Тэгээд шөнө гэртээ сэрсэн чинь манай эхнэр хамаагүй хөдөлж болохгүй, эрүү чинь салсан байгаа гэж хэлсэн. Тэнд л чи зодуулсан байх” гэж эхнэрийнхээ хэлж байсныг үндэслэн энэ тайлбарыг өгсөн гэсэн М-ын мэдүүлгийг үндэслэлтэй болохыг нотлож байна.

 

Тиймээс дээрх эргэлзээтэй, бусад нотлох баримтаар няцаагдаж байгаа нотлох баримтуудад тулгуурлан Б нь М-г цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн хэргийн үйл баримт бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад өөрөөр хэлбэл Б нь М-г цохиж биед нь гэмтэл учруулсан үйлдэл баттай нотлогдож тогтоогдоогүй байхад хохирогч М, гэрч П, А нарыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.  

 

П мөрдөн байцаалтад өгсөн тайлбартаа: Б гэдэг хүн цагаан машинтай ирээд манай нөхөртэй ярьж байгаад том дуугараад байхаар нь хажуу айлын Б-г буугаад салгалцаад аваад ир гэсэн. Бууж яваад удаагүй манай нөхрийн амнаас цус гарсан цохьчихлоо гэж авч ирсэн” гэсэн бөгөөд хэн, хэзээ, хэнийг цохьсон нь тодорхойгүй энэ тайлбарыг нь үндэслэн түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх нь  эргэлзээтэй.

Мөн П нь дээр өгсөн тайлбараа тодруулж “Манай дүү А нь М-г гэрт нь хүргэж өгөхдөө Б гэдэг хүн зодсон юм биш үү. Цагдаагийн газарт очсон чинь тийм хүний нэр гараад байна гэхээр нь цагдаагийн газарт ирж Б-г дуудуулсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд  гэрч А нь “Том дуугараад яриад байсан. Би хашааны үүдэнд байсан. Харин Б, Б, М нар хашаанд байсан гэрийн цаагуур орсон байсан. Батзориг ч хашаанд ороогүй. ...Эмнэлэг дээр Б нэг танихгүй хүнтэй байсан. Тэгэхээр нь би Б-с та нар зодсон юм биш үү гэж хэлсэн.” гэж өөр өөрийн харсан, мэдэж байгаа зүйлийн талаар ярьсан ба уг байдлын талаар гэрч Б тэнд хэрүүл шуугиан болоод байсан нь сонсогдож байсан. Би машинаас буугаад хашаанд орох гэхэд М хашааны хойд хаалгаар гарч ирсэн гэж мэдүүлэсэн байна.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад өөрийн харсан, сонссон, таамагласан зүйлээ ярьсан гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж яллах үндэслэлгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 44 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч улсын яллагч Х.Гүнжидмаагийн заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ

 

                              ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                    Ч.ЭНХТӨР