Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2018/0008/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сум 1 дүгээр багийн Баян-Өлзийт 20 айл, 1-20 тоотод оршин суух Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд “Ласти Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ласти-Интернэшнл” ХХК,  Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                П.Уламбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                   Б.Хишгээ

Гуравдагч этгээд Б.Дөлгөөний итгэмжлэгдсэн төлөөлөгч        Б.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч О.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  О.Б- нь “Ласти Интернэшнл” ХХК /улсын бүртгэлийн дугаар 9011357087, Регистрийн дугаар:5613914/-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан.

          “Ласти Интернэшнл” ХХК-тай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаар бүхий 000339007 дугаар гэрчилгээтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай, 8,470 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10А тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан барьцааны бүртгэлийг хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн баталгаажуулсан болно. Барьцааны зүйл болсон дээрх орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Улсын комисс” хүлээн авснаар Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоол батлагдан дээрх 144 айлын орон сууцны албан ёсны хаяг /Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 10а, 10б байр/-тай болсон.

Иргэний хуулийн дагуу зээлдэгч “Ласти Интернэшнл” ХХК нь зээлдүүлэгч О.Б- надтай тохиролцсоны үндсэн дээр барьцааны 19 орон сууцыг  барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг миний бие  2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн 19 орон сууцанд өмчлөлийн гэрчилгээг гаргуулсан.

         Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/2008 тоот албан бичгээс “Ласти Интернэшнл” ХХК нь иргэн Б.Дөлгөөнтэй 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээр 7310 м.кв талбай бүхий 124 айлын орон сууцыг барьцаалсан болохыг, мөн уг барьцааны гэрээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлд давхардуулан бүртгэсэн болохыг олж мэдсэн болно.

Энэхүү бүртгэлийг хийхдээ анхны барьцаалагч болох О.Б- надад мэдэгдээгүй давхар бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасныг зөрчсөн, хууль бус бүртгэлийг хийсэн байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдлоо гаргасан,  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/1012 –ны дугаартай албан бичгээр надад хариу өгөхдөө “... дээрх давхар барьцааг бүртгэхдээ өмнөх барьцаалагчид мэдэгдээгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн боловч бүртгэлийг хүчингүй болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Ласти Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээр байгуулсан 7310 м.кв талбай бүхий 124 айлын орон сууцны барьцааны гэрээний улсын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэсэн заалт болон 48.2.2-т заасан “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасныг тус тус зөрчсөн.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 -т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.” гэж тус тус заасан бөгөөд бүртгэлийг хийхдээ дээрх заалтыг зөрчсөн байна.

        Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль зөрчин хийгдсэн “Ласти интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээр байгуулсан 7310 м.кв талбай бүхий 124 айлын орон сууцны барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга шүүхэд  ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Y-2003018160 дугаар бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны А, Б блок 144 айлын 8470 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ласти-интернэшнл” ХХК /56139114/ бүртгэгдсэн бөгөөд 000339007 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий дуусаагүй барилгыг барьцаалан иргэн О.Б- нь Ласти-интернэшнл ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10а дугаарын зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хувийн хэрэгт болон мэдээллийн сангийн мэдээлэлд бүртгэгдсэн болно. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ласти-интернэшнл ХХК нь 50 хувийн гүйцэтгэлтэй болгон бүртгэлд өөрчлөлт оруулж 000536683 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд иргэн О.Б-ийн барьцааны гэрээний зүйл болох 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын 00033907 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болж хувийн хэргийн нотлох баримтанд хавсаргагдсан байхаас гадна бүртгэлд өөрчлөлт орсонтой холбогдуулан барьцааны гэрээндээ өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх болно.

2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн иргэн Б.Дөлгөөн Ласти-интернэшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Учир нь ипотекийн зүйлийн өмчлөгч Ласти-инернэшнл ХХК нь ипотекийн зйл болох эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байшин барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэр хор учруулахгүй бөгөөд ипотекээр хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хөндөөгүй гэж байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” Үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалахад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол” гэсэн өмчлөгчийн эрхийг хязгаарласан заалтуудыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож даган мөрдөж байгаа болно. Иймд иргэн Б.Дөлгөөн Ласти-интернэшнл ХХК нар нь давхар барьцааны гэрээ байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу зээлийн барьцааны гэрээний 8-д өмнөх барьцааны тухай оруулж өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн нь өмнөх барьцаалагч болох О.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Мөн барьцаалуулагч  Ласти-интернэшнл ХХК нь иргэн Б.Дөлгөөнтэй давхар барьцааны гэрээ байгуулсан тухайгаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй. Мөн энэ давхар барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэхэд өмнөх барьцаалагч болох О.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөгдөхгүй байгаа учир Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь өмнөх барьцаалагч болох О.Б-т мэдэгдэх үүрэгтэй хүлээхгүй. Мөн өмнөх барьцаалагчид мэдэгдэх үүрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцаалагчид Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулиар төрийн захиргааны байгууллагад гэж тус тус заасан нь хоорондоо зөрчилдөж байх тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “илүү нарийвчлан зохицуулсан хуулийн тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу илүү нарийвчлан зохицуулсан эрх зүйн акт болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг үндэслэн барьцааны гэрээ бүртгэсэн нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул бүртгэл хүчингүй болох үндэслэлгүй байна. иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Ласти-интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль зөрчин хийгдсэн “Ласти-интернэшнл” ХХК-ийн иргэн Б.Дөлгөөн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-гээр байгуулсан 7310 м.кв талбай бүхий124 айлын орон сууцны барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай танай шүүхэд гаргасан иргэн О.Б-ийн нэхэмжлэлтэй “Ласти-интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа би танилцлаа.

Иргэн О.Б-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ласти-интернэшнл” ХХК нь иргэн Б.Дөлгөөнтэй барьцаат зээлийн гэрээ нь хуулийн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгдсэн тул О.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Дөлгөөний шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дөлгөөн нь 2017 оны 09 дүгээр сарын 18-нд барьцаат ээлийн гэрээ “Ласти-интернэшнл” ХХК-тай байгуулж эрх бүхий байгууллагаар барьцааны гэрээг баталгаажуулсан юм. Иргэн Б- нь уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар танай шүүхэд хандаж гомдол гаргасан байгаа нь хууль бус юм. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хуулийн дагуу барьцаат зээлийн гэрээг бүртгэсэн тул Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

          Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэлийн “Ласти-Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 

  Дархан-Уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны А, Б блок 144 айлын 8470 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ласти-интернэшнл” ХХК /56139114/ нь  улсын бүртгэлийн Y-2003018160-т бүртгэгдэж  000339007 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд иргэн О.Б-тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10а дугаар “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, мөн өдрөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, нийтийн орон сууцны зориулалттай газрын анхны барьцаалагч нь иргэн О.Б- болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хариуцагч нь  дээрх орон сууцны өмчлөгч  “Ласти-интернэшнл” ХХК-ийн  2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ласти-интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, “Ласти-интернэшнл” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “Ласти-Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд байгуулсан  “Барьцааны гэрээ”-г 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй”, 35 дугаар зүйлийн 35.1-д ”Давхар барьцааны улсын бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хийнэ” гэж заасны дагуу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан журмаар барьцааны бүртгэлийг хийсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч дээрх бүртгэлийг хийхдээ анхны барьцаалагч болох О.Б- надад мэдэгдээгүй давхар бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй” гэж зааснаас үзэхэд нь “Ласти Интернэшнл” ХХК,  Б.Дөлгөөн нарын  “Барьцааны гэрээ”-ний бүртгэлийг хийхэд хариуцагч нь анхны барьцаалагч болох О.Б-ийн зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагагүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт болон бусад хуулийн заалт нь давхар барьцааны улсын бүртгэл бүртгэхэд хамаарахгүй  заалт юм.

 

 Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 -т “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэх хуулийн заалт нь хариуцагчид биш барьцаалуулагчид / “Ласти Интернэшнл”ХХК-д/ хамааралтай байна.

 

Нөгөөтэйгүүр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “энэ хуулийн 33.1-д заасан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана” “Ласти-Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 8-д Нэмэлт нөхцөл: Барьцаа хөрөнгө нь энэхүү гэрээг байгуулагдахаас өмнө хэн нэгэн этгээдэд барьцаалагдсан бол өмнөх барьцаалуулагчийн шаардлагыг хангасны дараа дарааллын дагуу энэ гэрээнд заасан үндэслэл журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг барьцаалагч зөвшөөрч байна” гэж зааснаар анхны барьцаалагч нь иргэн О.Б- тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй бөгөөд “Ласти-Интернэшнл”ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн нь анхны барьцаалагч нь иргэн О.Б-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдохЛасти-Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ласти-Интернэшнл” ХХК, Б.Дөлгөөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ