Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 482

 

Н.Батчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/01375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Батчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Мөнх-Эрдэнэд холбогдох          

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Батчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима

Хариуцагч С.Мөнх-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Самбадорж, Д.Чулуунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Мөнх-Эрдэнэтэй 2009 онд танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Гэрэлцэцэг төрсөн. Бид таарамжгүй байдлын улмаас 2015 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Охин М.Гэрэлцэцэг миний асрамжид байгаа. С.Мөнх-Эрдэнэ Хархорин худалдааны төвд гутлын лангуу ажиллуулдаг байсан. Биднийг хуримаа хийхэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13а дугаар байрны 36 тоот 1 өрөө байрыг С.Мөнх-Эрдэнийн эцэг, эх бидэнд бэлэглэсэн. Энэ байрнаас охин, бид хоёрт оногдох хувийг гаргуулах мөн хамт амьдрах хугацаанд бий болсон орлого, С.Мөнх-Эрдэнийн нэр дээрх хугацаатай болон хугацаагүй хадгаламжаас өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хувийг гаргуулах хүсэлтэй. Бид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй гэсэн тул дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Гэрэлцэцэгийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13а дугаар байрны 36 тоот, 1 өрөө байр нь С.Мөнх-Эрдэнийн аав Б.Самбадоржийн нэр дээр бүртгэлтэй, түүний хуваарьт хөрөнгө тул, Хархорин худалдааны төвд байрлах 106 тоот лангууны орлогоос өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хэсгээс татгалзаж, LCD 42 инчийн зурагт, Шинэ сонголт мебелийн мөлхөө буйданг авч бусад эд хогшил буюу Хитачи маркийн хөргөгч, Эрдэнэт үйлдвэрийн дундын хос хивс, гал тогооны тавилга, плитка зэргийг С.Мөнх-Эрдэнэд үлдээхээр тохирсон. Энэ хугацаанд хүүхдээ хараад гэртээ байсан бөгөөд хэсэг хугацаанд ажил хийж орон сууцны төлбөр болоод бусад жижиг зардлуудыг төлдөг байсан.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг авах эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд С.Мөнх-Эрдэнийн ээж Д.Чулуунцэцэг хамтран эзэмшдэг 5019575836 тоот дансанд гэрлэснээс хойш орсон орлого 80 967 311 төгрөгийн С.Мөнх-Эрдэнэд ногдох 50 хувийг гэр бүлийн дундын өмч гэж үзэн энэ хэсгийг 3 тэнцүү хуваан 26 000 000 төгрөг дээр С.Мөнх-Эрдэнийн хугацаагүй 5057085212, 5019654492 тоот дансанд орсон нийт орлого 47 430 562 төгрөгөөс 31 000 000 төгрөг буюу нийт 57 000 000 төгрөгийг хариуцагч С.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Батчимэгтэй 2009 онд танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид бие биенээ сайн таньж мэдээгүй гэр бүл болсон нь хэн алиных нь алдаа гэж бодож байгаа. Бидний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Гэрэлцэцэг төрсөн, эхний үедээ аз жаргалтай байсан. Хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн амьжиргааг өөрийнхөө наймаагаар болгож байсан. Биднийг гэрлэлтээ батлуулахад аав Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13а дугаар байрны 36 тоот, 1 өрөө байрыг өгч, бид тэнд амьдарч байсан. Энэ байр миний өвөг эцгээс бага хүүдээ өвлүүлсэн хөрөнгө байсан. Би өөрийн гэртээ эзэн хүн шиг, залуу шинэ гэр бүл шиг амьдрах боломжгүй болж үүнээс болж муудалцах болсон. Учир нь: Н.Батчимэг бөө учир бөөгийн зан үйл хийж, тэдний ах дүү нар манайхаар байнга байдаг. Үүнээс болж гэртээ тайван амьдрах боломжгүй, залхаж эхэлсэн. Би охиндоо хайртай, охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа боловч эхнэртэйгээ эвлэрч амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн хувьд орон сууц аавын хөрөнгө учир өгөх боломжгүй, хадгаламжийн дансны хувьд би өөрийн ээжийн хамт хамтран эзэмшдэг, энд хуримтлуулаад байсан зүйл байхгүй. Ээж, бид 2 наймаа хийхдээ үйл ажиллагаандаа зарцуулдаг, оруулаад л бараа татахдаа буцаагаад хэрэглэдэг. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн хуримтлал энэ хадгаламж хуримтлал биш, одоо дансанд ямар нэг мөнгө байхгүй учир хуваах боломжгүй. Гэрийн эд хогшлын хувьд 42 инчийн зурагтыг ах надад бэлэглэсэн, хөргөгч эгчийнх, мөлхөө буйдан, гал тогооны тавилга, плитка зэргийг Н.Батчимэгт өгөхөд татгалзах зүйлгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Самбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол 13а дугаар байрны 36 тоот 1 өрөө орон сууц миний төрсөн эцэг н.Балдандоржид 1979 онд СОТ-3 трестэд ажиллаж байх үед нь ажилчиддаа өгсөн байр бөгөөд миний эцэг нас барахдаа надад өвлүүлж үлдээсэн, удам дамжсан хөрөнгө юм. Би 1991 оноос хойш өөрийн эцгийн амьдарч байсан байранд эхнэр Д.Чулуунцэцэг, хүү С.Мөнхжаргал, С.Мөнх-Эрдэнэ нарын хамт амьдарч байгаад 2001 онд хувьчилж аваад өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон. 2013 оны 9 дүгээр сард миний бага хүү н.Мөнхжаргал эхнэр авч манай гэр бүлийн заншил ёсоор бага хүү С.Мөнх-Эрдэнэд гэр бүлээрээ амьдар гээд байраа өгсөн. Бэр Н.Батчимэг хүүтэй минь таарахгүй байгаа талаар удаа дараа хэл ам гардаг болсон. Би залуу хүмүүс тэгж байгаад эвэндээ орох болов уу гээд хүлээж байтал сүүлдээ бэр Н.Батчимэг нь ач охин М.Гэрэлцэцэгийг минь аваад саллаа гээд явсан. Н.Батчимэг миний өмчлөлийн орон сууцанд оруулсан хувь, үүрэг оролцоогүй. Хуралдаан дээр уг шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлголоо. Иймд надад санал алга байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Чулуунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнх-Эрдэнийн ХААН банкны хугацаатай болон хугацаагүй мөнгөн хадгаламжаас хамтран амьдрах хугацаанд хуримтлуулсан мөнгөнөөс хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Би гутлын бизнесийг 20 жил эрхэлж байна. Өөрийн төрсөн хүүтэйгээ хамтран ХААН банкинд 5019575836 тоот хугацаатай хадгаламжийн дансыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анх 9 000 000 төгрөг өөрөө гаргаж нээлгэсэн. Тухайн үед тусдаа гарсан хүү С.Мөнх-Эрдэнийг өөрийн хадгаламжиндаа нэр бичүүлсэн нь буруу болжээ. Би өөрийн хүүдээ ажиллах урам зориг оруулах гээд  ХААН банкинд мөнгөө хадгалуулахдаа нэрийг нь бичүүлсэн. Энэ хадгаламжийг С.Мөнх-Эрдэнэ хамтран эзэмшиж, 1 000 000 төгрөгийн орлогыг хийсэн. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өөрийн хүүг энэ дансанд орлого, зарлага хийхэд саадгүй байлгах ажлын шаардлага байсан. Гэр бүлээрээ хамтраад гутлын бизнес эрхэлдэг бөгөөд хамтын хөдөлмөрөөр бий болсон орлого. Гэхдээ энэ орлого, ашиг биш гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлээд байгаа хадгаламж С.Мөнх-Эрдэнийн зөвхөн өөрийнх нь хадгаламж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Бичээч овогт Самбадоржийн Мөнх-Эрдэнэ, Хатгин овогт Нармандахын Батчимэг нарын гэрлэлтийг цуцалж,

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Гэрэлцэцэгийг эх Н.Батчимэгийн асрамжид үлдээж,

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Гэрэлцэцэг /РД:УП13313044/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Мөнх-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж,

         Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнх-Эрдэнээс LCD 42 инчийн зурагт, Шинэ сонголт мебелийн мөлхөө буйданг гаргуулан нэхэмжлэгч Н.Батчимэгт олгож, Хитачи маркийн хөргөгч, Эрдэнэт үйлдвэрийн дундын хос хивс, плитка, гал тогооны тавилгыг хариуцагч С.Мөнх-Эрдэнэд үлдээж, нэхэмжлэгч Н.Батчимэг нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 13а байр, 36 тоот, 1 өрөө байр болон Хархорин худалдааны төвд байрлах 106 тоот лангууны орлогоос өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, С.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ХААН банк дахь 5019575836, 5057085212, 5019654492 тоот дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөс өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

          Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар С.Мөнх-Эрдэнэ нь хүүхдийн эрх ашиг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид 2015 онд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болсон. Хэдийгээр хожуу гэрлэлтээ батлуулсан ч 2009 оноос 2015 оны 8 дугаар cap хүртэл С.Мөнх-Эрдэнэтэй хамт амьдарсан. Миний бие дараах зүйлд гомдолтой байна. Үүнд: 1.Бид хоёрыг анх гэр бүл болоход Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хорооллын 1За дугаар байрны 36 тоот 1 өрөө байрыг хуриман дээр С.Мөнх-Эрдэнийн аав бидэнд бэлэглэлээ гэж хэлж байсан. Гэвч охин бид хоёрыг явуулаад 2 хоногийн дараа байраа С.Мөнх-Эрдэнэ нь аавынхаа нэр дээр шилжүүлсэн байсан 2.Тухайн үед намайг гэрлэлт цуцлуулах өргөдөл өгнө гэж яригдах үеэр С.Мөнх-Эрдэнэ Хаан банкин дахь 2 хадгаламжаа хаасан байсан.  3.Салснаас хойш С.Мөнх-Эрдэнэ охинтойгоо 2, 3 удаа л уулзсан. Энэ уулзалтанд би охиныгоо бэтгэрүүлэхгүй гэсэндээ өөрөө аваачиж өгч байсан. Ямар нэгэн байдлаар эд материалын тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй 4. Эхнэр, нөхөр саллаа ч үр хүүхдийнхээ хувьд насан туршийн аав, ээж, хуулийн өмнө хүн ёсны хувьд ч үр хүүхдээ сурч хүмүүжүүлэх, өсөж торних таатай нөхцлийг бүрдүүлэхэд эцэг, эх адил тэгш үүрэгтэй гэж бодож байна. Бид хоёрын цуг амьдрах хугацаанд хадгаламжид хуримтлагдсан нийт мөнгөнөөс 57 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч намайг дундын эд хөрөнгө бүрдүүлэхэд оролцоо байгаагүй гэж үзэж миний хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүх дээрх асуудлуудыг нягталж үзэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж охин бид хоёрыг хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч Н.Батчимэг нь хариуцагч С.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           Н.Батчимэг, С.Мөнх-Эрдэнэ нар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Гэрэлцэцэг төрсөн үйл баримт тогтоогдсон байна /хх-3-4/.

          Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин М.Гэрэлцэцэгийг эхийн асрамжид үлдээж, эцэг С.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснээс гадна нэхэмжлэгч Н.Батчимэг нь  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13а дугаар байрны 36 тоот, 1 өрөө орон сууц болон Хархорин худалдааны төвд байрлах 106 тоот лангууны орлогоос өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хувийг тус тус гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн талаар давж заалдах гомдол гаргаагүй.    

          Н.Батчимэг нь С.Мөнх-Эрдэнэтэй хамт амьдрах хугацаанд ХААН банк дахь 5019575836, 5057085212 тоот хадгаламжийн данс, 5019654492 тоот харилцах дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэн, уг хөрөнгөөс өөрт болон охин М.Гэрэлцэцэгт ногдох хувийг гаргуулахыг шаарджээ.

          Хариуцагч С.Мөнх-Эрдэнэ ХААН банк дахь 5019654492 тоот төгрөгийн харилцах дансаар зээл авч, зээлийн төлбөрийг төлж дуусгаснаар уг данс ямар нэгэн үлдэгдэлгүй хаагдсан учир тус мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамааруулах боломжгүй. 

          Түүнчлэн хариуцагч С.Мөнх-Эрдэнийн ХААН банк дахь 5057085212 тоот, Д.Чулуунцэцэгтэй хамтран эзэмшдэг 5019575836 тоот хадгаламжийн дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан байдлыг анхан шатны шүүх мөнгөн хуримтлал үүсгэх зорилгогүй, мөнгөн хадгаламж үүсээгүй тул дээрх гүйлгээний орлогод авагдсан мөнгөн хөрөнгийг гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө биш гэж дүгнэсэн нь зөв болжээ.

          Дээр дурдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                     ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                                              Д.БАЙГАЛМАА