Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0435

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ч.Б Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” А/37 дугаар тушаалын Ч.Б-т холбогдох хэсэг,  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336  дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан -Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах;

Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох;

Ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг тушаалтай холбогдуулан ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул бид “ямар үндэслэлээр шүүх уг тушаалыг хууль ёсны гэж үзсэн болохыг” мэдэхгүй байгаагаа нэн тэргүүнд илэрхийлье.

... Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх учиртай ч энэхүү чиг үүрэг зорилгоо хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

... Шүүхээс ямар нотлох баримтаар уг орон тоо цөөрсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд бодит байдал дээр татвар төлөгчтэй харилцах газар нь угаасаа батлагдсан бүтцээр 1 ахлах байцаагчийн орон тоотой байсан бөгөөд бүтцэд байхгүй албан тушаалд н.Б, Я.Б нарыг сүүлд томилсон, мөн нэр бүхий 3 ахлах байцаагчийг Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагчаар ажиллаж байсан мэтээр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын хавсралтаар чөлөөлсөн гэж маргаж байхад дээрх үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр орон тоо цөөрсөн гэж дүгнэж байгаа нь хууль бус болсон. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж зааснаар нэхэмжлэгч миний ажлын байрны чиг үүрэг, орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн учир уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзэж маргаж байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч албан тушаал бууруулсантай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд нэхэмжлэгчийн ажиллаж байсан улсын ахлах байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчжээ” хэмээн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа уг хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагчийг шалгаруулах" ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх “... Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалд шалгаруулалт хийсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болох”-ыг тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл шүүхийн дүгнэлт болон шийдэл нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “ажлаас түр чөлөөлөгдөх” хүсэлт гаргасан байхад төрийн албанаас бүр чөлөөлөн төрийн албан хаагч намайг хохироосон” гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д төрийн албанаас түр чөлөөлөх харилцааг, 46.2-т төрийн албанаас чөлөөлөх харилцааг /төрийн алба эрхлэх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох/ тус тус зохицуулсан. Эдгээр нь эрх зүйн өөр үр дагавруудтай юм.

... Миний гаргасан ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт /Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасан үндэслэлээр гаргасан/-ийг Татварын ерөнхий газрын дарга хүлээн авч шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг буруу хэрэглэж хууль зөрчсөн.

... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал гарахаас өмнөх хугацаанд нэхэмжлэгч миний эрхийг зөрчин ажлаас үндэслэлгүй бууруулсантай холбоотойгоор шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлж байсан учраас уг шүүхийн маргаан гарснаас хойш хугацаанд гарсан актын хууль зүйн үндэслэл нь өмнөх хууль бус захиргааны актуудын үндэслэлийг зөвтгөх шалтгаан болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаарт тушаал болон бусад маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд шүүхийн журмаар зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд шүүхийн журмаар зөрчигдсөн эрхийг сэргээж, өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал саад болохгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалаас түр чөлөөлсөн болохоос Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөөгүй байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шийдсэн нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн урамшууллыг нэхэмжилсэн байхад шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаж дүгнэлт хийлгүйгээр шууд хэрэгсэхгүй болгосон нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хавсралтад дурьдсан албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох”-доо Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Б-ийг Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилсон, мөн уг тушаалын 2 дахь заалтаар “зохион байгуулалтын бүтцийн нэгжийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б-ээс татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсны хувьд дээрх А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар “Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон” гэсэн үндэслэлээр Ч.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор,

мөн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар “Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар,

мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулахаар,

мөн 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020.11.03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1. Нэхэмжлэгчээс дээрх тушаал, дүгнэлтүүдийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн хэмээн үзэж, акт тус бүртэй холбогдуулан шаардлага, үндэслэлээ тус бүрт нь тодорхойлж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, тэдгээрт үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэлийн “үр дүнгийн урамшуулал олгуулах, цалин хөлс гаргуулах”[1]шаардлагыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт өгч шийдвэрлээгүйн улмаас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” мөн хуулийн 121.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “... шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий акт бүрт дүгнэлт өгөөгүй, ... зарим шаардлага шийдвэрлээгүй орхигдуулж хэргийг шийдсэнд гомдолтой” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

2. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.

Нэхэмжлэгч нь “... орон тоо, бүтэц өөрчлөгдөөгүй, харин анх ахлах байцаагчийн орон тоо 1 байхад би томилогдон ажиллаж байсан, дараа нь орон тоо байхгүй байхад манай хэлтэст дахин ахлах байцаагчаар хүмүүсийг томилсон, 2020 оны А/37 дугаар тушаалаар орон тоо, бүтэц батлахад манай хэлтэс 1 ахлах байцаагчийн орон тоотой болсон нь өөрчлөлт биш, тийм учраас миний орон тоо хэвээр байгаа тул үргэлжлүүлэн ажиллах ёстой ... гэж маргасаар байхад үүнд дүгнэлт хийгээгүй” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/37 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулж, албан хаагчдаа чөлөөлж, албан тушаалд томилсны дотор /Хавсралтын 54-57/ нэхэмжлэгч Ч.Б болон Я.Б, М.Б, Б.Д нарыг Татвар төлөгчтэй харилцах газрын татварын ахлах улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар тус тус томилжээ.

Уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг үндэслэсэн боловч урьд нь батлагдсан Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоо баталсан тушаалыг хүчингүй болгосон талаар заагаагүй байна.

Хэрэгт дээрх тушаалаас өмнө батлагдсан Татварын ерөнхий газрын хэлтэс тус бүр ямар албан тушаалын хэдэн орон тоотой байх талаар холбогдох шийдвэр тушаал авагдаагүй, анхан шатны шүүх түүнийг цуглуулаагүй байх тул нэхэмжлэгчийн “миний ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй тул үргэлжүүлэн ажиллуулаагүй, үндэслэлгүйгээр өөр албан  тушаалд томилсон” гэх үндэслэл болон “орон тоо цөөрсөн” гэх шалтгаанаар шалгаруулалт явуулж дүгнэлт гаргасан, өөр этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаалууд хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Гэтэл тухайн тушаалуудыг “илэрхий алдаагүй” гэж, нотлох баримт заалгүйгээр “орон тоо цөөрсөн байна” гэж, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж үзвэл  тодруулах боломжтой атал “ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй” гэх зэргээр дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй гэснийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна гэснийг тус тус зөрчжээ.

 Хэрэгт авагдсан маргаан бүхий А/37 дугаар тушаалд үндэслэсэн Сангийн сайдын 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг болон татварын албаны нийт орон тоо 1884 байхаар шийдвэрлэж, уг тушаал гарсантай холбогдуулан 2016 оны 301,  2017 оны 290 /301 дүгээр тушаалд өөрчлөлт оруулсан/ дүгээр тушаалуудаа хүчингүй болсонд тооцсон, 2016 оны 301[2] дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, нийт орон тоог 1823, түүнээс Татварын ерөнхий газрын орон тооны хязгаар 110 байхаар тогтоожээ.

Гэвч хэлтэс тус бүрт ямар албан тушаалын орон тоо хичнээн байх талаар заагаагүй, нэхэмжлэгч Ч.Б-ийг татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд томилогдох үед үйлчилж байсан орон тоо баталсан тушаал хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт ач холбогдол бүхий баримтыг цуглуулах шаардлагатай.

Харин маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөд байгаад тооцдог тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

Гэвч нэхэмжлэгч Ч.Б-ийг сургалтын зорилгоор түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлж, улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон нь бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, тухайн шаардлагуудад дурдсан захиргааны актууд хууль бус болох нь тогтоогдвол Б/737 дугаар тушаал гарах хүртэлх хугацааны зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг шалгаж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ