Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00028

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг, Арцатын гудамж № 01 тоотод оршин суух, Халхчууд овогт Долгорсүрэнгийн Цэрэнжавын /РД:ИВ77112301, Утас: 99655500/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Сансарын гудамж № 05 тоотод оршин суух, Шарнууд овогт Загдаагийн Болормаад /РД:МО81102145, Утас:96000502/ холбогдох 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны                     12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:                          ...........З.Болормаа нь 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 4.000.000 төгрөг зээлж гэрээ хийснээс 2015 оны 09 дүгээр арын 23-ны өдрийг хүртэл хүү болох 2.300.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш огт мөнгө төлөлгүй явсаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамт тохиролцож дахин үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй болгон хүүгээ бууруулсан. Барьцаат зээлийн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс хойшхи хүү болох 6.600.000 төгрөгийг үндсэн мөнгө болох 6.000.000 төгрөгний хамт нийт 12.600.000 төгрөгнөөс цувуулж 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 11.600.000 төгрөг болсон. 1.600.000 төгрөгнөөс татгалзаж байна. 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав хариуцагч З.Болормаа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:......Нэхэмжлэгч Д.Цэрэнжав хариуцагч З.Болормаа бид хоёр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: З.Болормаагаас 10.000.000 төгрөг авах байснаас хариуцагч З.Болормаа нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж үлдсэн 8.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 4.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд үлдсэн 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь хариуцагч З.Болормаагаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэнжав, хариуцагч З.Болормаа нарын 8.000.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.Болормаагаас 71.475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 122.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэнжавд олгосугай.

 3.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                Б.ХЭРЛЭН