Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           05           14                                     2020/ШЦТ/492

 

 

     

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч С.Э-,

шүүгдэгч З.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт С-ын Э-, С овогт З-ийн О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005012890603 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ........ оны ...  дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .......... сургуульд багш ажилтай, ам бүл 6, 5 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дүгээр хороо ....... хотхон .......  дугаар байрны ... тоотод оршин суух, ... аймаг ... сум ... дүгээр баг ....... хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ч овогт С-ын Э-.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ..... дугаар байр ... тоотод оршин суух, ......... аймаг ...... сум ... дүгээр баг .... гудамж .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт З-ийн О-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч З.О- нь С.Э-тай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн гадна хохирогч Л.Э-г зодож биед баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Э- нь З.О-тэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн гадна хохирогч Л.Э-г зодож биед баруун чихний ар хэсэг, зүүн гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвуу ба 3,4-р хурууны зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч З.О-, С.Э- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн гадна хохирогч Л.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Л.Э-гийн “Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн нөхөр О- дээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн хойд талд ирээд гэрийн түлхүүрээ авах гэтэл манай нөхөр хоёр эмэгтэйтэй машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би яахаараа чи орой үдэш машин тэргэндээ хүн суулгаад архи дарс уудаг юм бэ гэсэн чинь ард сууж байсан өндөр эмэгтэй нь чи хэн болчихоод ирээд миний ууж идэхийг хориод байгаа юм гэхэд манай нөхөр хажуу талаас манай гэр бүлийн хүн гэхэд урд сууж байсан намхан эмэгтэй буугаад явсан. Тэгээд би арын суудал дээр суухад ард сууж байсан өндөр эмэгтэй хаалга онгойлгоод зугтах гэхээр нь би барьж аваад үснээс нь татсан. Тэгээд манай нөхөр ирээд салгаад тэр хоёр хүүхэн нь гараад цаашаа явсан. Тэгээд манай нөхөр машинд суу харья гэхээр нь би наад хүүхэн суусан машинд чинь суухгүй гээд сургуулийн хойшоо алхаад явсан чинь нөгөө хоёр хүүхэн байшингийн буланд намайг барьж аваад нийлж зодоод тэгээд би цагдаад хандсан. Би эрүүл байсан. Манай нөхрийн машинд сууж байсан хоёр эмэгтэй нэлээд согтуу байсан. Машин дотор 1 том пивоны сав харагдаж байсан. Манай нөхөр эрүүл байсан.

... Тэр үед өндөр нь Э- гэх эмэгтэй үсдэж аваад доошоо дараад 2 чихнээс зулгаасан. Тэгээд доошоо тонгойгоод байж байхад баруун хөл рүү намхан эмэгтэй нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би арагшаа саваад унахад нөгөө өндөр Э- нь миний дээрээс дараад унасан. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлээгүй.

... Миний 2 чихний ар хэсгийн зулгарсан, гарын сарвууны зулгарсан гэмтлийг өндөр эмэгтэй буюу Э-, нөгөө намхан эмэгтэй нь баруун шилбэ рүү өшиглөсөн. Харин зүүн гуя руу хэн өшиглөсөнийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч С.О-ын “... Тэгээд удалгүй Б- яваад Э-, О- 2 дэлгүүрээс 2 том савтай пиво авч машин дотор хувааж ууж байхад манай эхнэр Э-  ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд багш Э- нь машинаас буух гэхэд манай эхнэр үснээс нь татаад авсан. Тэгэхээр нь тойрч О-оод эхнэрийнхээ гарыг тавиулсан. Тэгэхэд Э-, О- нар яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ юм яриад сууж байхад эхнэр уурлаад таксигаар явна гээд байшингийн булан эргэчихээд хэсэг хугацааны дараа багш Э- хамт дагаад гараад ирсэн. Тэгэхэд манай эхнэрийн үс нь сэгсийсэн, хувцас хунар нь шороо тоос болсон, хөл нь доголоод гараад ирсэн. Тэгээд Э- багш машины ард цүнхээ хийсэн байгаа гээд аваад яваад өгсөн. Тэгэхэд эхнэр араас нь яваад би машинаа түгжээд араас нь О-иход бүгдээрээ байхгүй байсан.

... Тэгээд О-, Э- нар цаашаа байшин тойроод явахад араас нь манай эхнэр явж байгаад зодуулсан байсан. Тухайн үед байшин тойроод уг асуудал болсон болохоор би хэн хэнийгээ яаж зодсоныг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 4310 дугаартай:

“1. Л.Э-гийн биед баруун чихний дэлбэнгийн шарх, баруун чихний ар хэсэг, зүүн гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвуу ба 3,4-р хурууны зулгаралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.6 Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 35-37 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Ундармаагийн “Үзүүлэгч Л.Э-гийн биед учирсан баруун чихний дэлбэнгийн шарх дангаараа, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу 3,4-р хурууны зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

... Дээрх баруун чихиний дэлбэнгийн шарх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-44 дүгээр хуудас/

 

З.О-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд О- ахын машин дотор Э- бид 2 том савтай пиво аваад хувааж сууж байхад гаднаас 1 эмэгтэй ирээд цонхоор шагайхаар нь бид 2 айсандаа 2 талын хаалгаар гараад явсан. Тэгэхэд тэр эмэгтэй О-оод Э-г барьж аваад үснээс нь зулгаагаад байхаар нь О- ах бид 2 арай гэж салгаад Э- зугтсан. Тэгээд цүнхээ машин дотор үлдээсэн байна гээд Э- эргэж О-оод тэрнээс болоод дахиад тэр эмэгтэйтэй ноцолдоод байсан. Би цаанаас хараад зогсож байсан. Тэгээд тэр 2 ноцолдоод  Э-гийн гар сарвалзаад байх шиг байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь О-оод хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би холдоод тэр 2 зууралдаад дээр доороо гараад өнхөрөөд байсан. Би тэгээд такси бариад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/

 

С.Э-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд бид 2 машины арын суудал дээр сууж байгаад явцгаая гээд 2 хаалгаар гарах гэтэл уг эмэгтэй миний араас үснээс зулгаахад О-, О- 2 ирээд салгаад О- бид 2 зугтааж явсан. Тэгээд би машин дотор цүнхээ орхисноо санаад буцаж О-оод цүнхээ авах гэхэд нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад О- машинаас бууж ирээд салгасан. Тухайн үед О- холоос хашааны гадна хараад зогсож байсан. Тухайн үед миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би өөдөөс нь эсэргүүцэж гараараа сарвалзсан. Тэгээд О- намайг салгаад би цүнхээ аваад таксинд суугаад харьсан. Тухайн үед би хохирогч Л.Э-гийн 2 чихнээс зулгааж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Л.Э-гийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч З.О-, С.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Л.Э-гаас “... Миний бие Э-, О- нартай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал болох 130.000 төгрөг бүрэн хүлээж авсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй” /хэргийн 100 дугаар хуудас/ гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  З.О-, С.Э- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Э-д  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.О-, С.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт С-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

С овогт З-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

З.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-, З.О- нар нь торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э-, З.О- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Э-, З.О- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-, З.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ