Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0455

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч М.О, О.Ц, тэдний өмгөөлөгч О.Батболд, Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн М.О, Т овгийн О.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00166 0047 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн М.О, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 54 төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Т овгийн О.Ц, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.О О.Ц нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтай *** дугаар гудамжны *** тоотод “зэвүүн авгай вэ” гэх шалтгаанаар Д.Б-ийг зодож цээж, зүүн нүдний зовхи, зүүн хацарт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн М.О нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн *** дугаар гудамжны *** тоотод “хэвтэрт байгаа хүнийг үхээсэй” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Д.Б-ийг үсдэж, гараараа цохиж, түүний бие махбодод “цээж, зүүн нүдний зовхи, зүүн баруун хацарт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, тархи доргилт” бүхий гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.О-гийн шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

2. Шүүгдэгч О.Ц-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би Б гэж хүнийг ямар ааштай хүн бэ гэдгийг мэднэ. Урьд нь 2018 оны цагаан сараар манайд ирээд ах дүү нартай муудалцаж агсам тавиад тараасан юм. Ийм учраас би тухайн өдөр Ц ахыг ганцаараа ирээрэй гэж дуудсан. Тэгтэл эхнэрээ дагуулаад ирсэн, эхнэр нь ирэхдээ согтуу байсан. Эхнэр нь манайд ирээд “хүн урьсан юм бол архи гаргаж тавихгүй” гээд үг хаяад байхаар нь би дэлгүүрээс 2 шил архи авсан. Архи ууж байхдаа Б над руу агсамнаад байсан. Тэгээд Б манай ээжийг Ц-тай хардаад байсан. Би Б-тэй 1 метрээс дотогш ойртоогүй, гар хүрээгүй. Дэлгүүрт бараа ирээд би гарч ороод л явж байсан. Би энэ хэргээс болоод хамаг ажлаа алдаж байна. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй...” гэв.

3. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийг шалгасан цагдаагийн алба хаагчийн “иргэн О.Ц-гийн согтуурлын зэрэг 1.22, Б.Э-ийн согтуурлын зэрэг 1.17" байсан тухай илтгэх хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас),

4. Иргэн Д.Б-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (хх-ийн 5 дугаар хуудас);

5. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ц-тай хамт амьдраад 11 жил болж байна. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтай *** дугаар гудамжны *** тоотод очиход Ц, эхнэр нь Э, ээж О, хадам аав нь гэх хүмүүс байсан ба бид хамт архи хувааж уусан. Тэгтэл Ц над руу агсраад “чи миний ахыг хүүхэдтэй нь уулзуулдаггүй, салсан эхнэр нь хэвтэрт байгаа” гэхээр нь “би ямар салгасан юм уу, би хэвтэрт оруулсан юм уу” гээд маргасан. Тэгтэл О “энэ ямар зэвүүн авгай вэ” гээд намайг үсдээд, үг хэлээр дайраад нүүр рүү 3-4 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);

-мөн хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Ц над руу та манай ахыг үр хүүхэдтэй нь яриулдаггүй, уулзуулдаггүй гээд дайраад байсан...О эхлээд намайг үсдээд авахаар нь тавиулах гэж оролдоод байж байхад Э- гуя руу өшиглөсөн. Тэгээд би явлаа гэхэд Ц “чи манай ахыг дарамталдаг, одоо өөрийг чинь дарамтална” гэж хэлээд намайг алгадсан. Дахиад 2 удаа алгадахад миний хамар, амнаас цус гарсан. Тэгээд би хашхирахад Ц сэрээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би “танай дүү нар чинь намайг зодоод байна” гэж хэлэхэд Ц Ц-г бариад авсан. Би Ц-ыг “бариад байж байгаарай” гэж хэлээд гарах гэж байхад Э- намайг үсдээд хонго хэсэг рүү өшиглөсөн. Би босоод гарч зугтаасан. Э цээж рүү цохисон, харин Ц- зүүн нүдний зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруунд цус хуралтыг учруулсан. Мөн доод уруулын салстад цус хуралт гэмтэл Ц-г алгадахад учирсан. Баруун бугалгад байгаа гэмтлийг бол мэдэхгүй, үсдээд ноцолдож байхад хэн нэгэн учруулсан. Баруун гуяны цус хуралтыг Э учруулсан. Тархи доргилтыг Ц- намайг алгадаж учруулсан. О үсдээд доошоо дарсан байхад толгой руу цохисон байж магадгүй. Яг маргалдаж байхад нүүр лүү Ц- 2-3 удаа алгадсан... Тэндээс найз Эгийн гэрт очсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84 дүгээр хуудас);

6.  Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хамгаалагчийн ажилд хийдэг. Урд өдөр нь нойргүй хоносон тул түрүүлж согтоод унтаад өгсөн. Хэрүүл болоод сэртэл эхнэр Б-ийн уруулаас цус гарсан байсан. Б-ийг хэн нэгэн зодож байхыг хараагүй, харин надад “намайг О зодсон” гэж хэлж байсан. Би Ц-гоос асуухад “О Б-ийг агсам тавиад байхаар нь ганц хоёр алгадсан, би огт гар хүрээгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);

- Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...унтаж байтал эхнэр Б намайг цохиод “хүмүүс намайг зодоод байна” гэсэн. Би сайн ойлгохгүй шууд босоод эрэгтэй болохоор нь Ц-г бариад авсан. Ц надад “ахаа би цохиж зодсон зүйл байхгүй, Б ээжтэй муудалцаад үсдэлцсэн” гэж хэлсэн. Тэгээд намайг Ц-той муудалцаж байхад Б гараад явсан......” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 дугаар хуудас);

7. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цагийн үед Ц-, Б- нар ирээд хамтдаа архи уусан. Хадам ээж О “Ц-ын салсан эхнэрийн бие нь муу байгаа сахиж байгаа” гэж хэлтэл Б- “хохь нь үхвэл таарна” гэхэд хадам ээж О уурлаад хоорондоо маргаад үсдэлцсэн. Хадам ээж О Б-ийг үсдэж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан. Манай нөхөр Ц-д огт гар хүрээгүй, би тайвшруулах гэж салгасан. Тэгээд унтуулах гэж орон дээр дарж хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Б манай гэрт 15 цагт ирсэн...Ц ахын гар утас дуугараад охин нь утсаар яръя гэхэд Б унтаж байгаад босож ирээд яахаараа утсаар ярьдаг юм, миний хүүхдүүд чамайг аав аа гэж дууддаг биз дээ гээ агсрахад Ц “төрсөн үр хүүхдүүд нь ярилгүй яах вэ дээ” гэхэд Ц руу “танайхан новшнууд, лалрууд” гээд Ц- ахын анхны эхнэр, хэвтэрт байсан Алтанчимэгийг “үхээсэй” гэж хараахад хадам ээж О тэр үгэнд эвгүйцээд “яасан зэвүүн авгай вэ” гээд үсдээд нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон. О баруун гартаа мөнгөн бөгжтэй байсан. Манай нөхөр Ц-д огт ойртоогүй, Б-ийг зодоогүй. Нийтийн байрны түрээслэгч дуудаж нэг гарсан, бас нэг ногоо авна гээд гарсан. Ер нь бол орж гараад яваад байсан. Харин би эхнээс нь дуустал Б-ийг агсамнаж танхайрахыг харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр хуудас);

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн: “...Д.Б-ийн биед цээж, зүүн нүдний зовхи, зүүн баруун хацарт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэсэн дүгнэлт (28-29 дүгээр хуудас);

9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт, 120,000 төгрөг мөнгө тушаасан баримт (хх-ийн 41 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би том эгчийнхээ охиныг Нарантуул захын ард сахиж байгаа ба тэр ухаангүй байгаа эмэгтэй Ц-ын өмнөх эхнэр нь юм. Тэгтэл Б- үхвэл таарна гэхээр нь би уурлаад үсдээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Б-т учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас);

-Шүүгдэгч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...манай хүү Ц- ногоогоо зараад гараад яваад байсан...би Б-ийг гараараа цохисон. Би баруун гарын дунд хуруу, чигчий хуруундаа бөгж зүүдэг, бөгжтэй гараараа алгадсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96 дугаар хуудас);

11. Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтай *** дугаар гудамжны *** тоотод байрлах нийтийн байрны 2 давхарт байх 1 тоот өрөөг Ц гэх залуутай гэрээ байгуулаад түрээсэлж амьдарч байсан. Ц өөрөө 1 давхарт 8 тоот өрөөнд амьдардаг. Тэр өдөр орой 17-18 цагийн үед гэртээ хоол хийх гэтэл ногоо байхгүй болсон байхаар нь байрны эзэн дэлгүүртээ хүнсний ногоо зардаг тул дэлгүүр рүү нь ортол хаалттай байсан. Тэгээд гэрийнх нь хаалгыг тогшиход дотор нь хүмүүс чанга чанга яриад байсан ба Ц гарч ирээд бид 2 хамт дэлгүүр ороод би төмс, лууван, сонгино, хэрчсэн гурил авсан. Буцаад дэлгүүрийн дотор хаалгаар гарч байхад Ц-гийн гэрийн хаалга нь хагас онгорхой үүдэн дээр нь эмэгтэй хүн согтуу орилоод байсан. Ц-гийн хувьд тайван, хүнтэй маргалдаж зодолдсон байдал ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас),

12. Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр нэмэлт хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ба Б- надад өргөдөл гаргахдаа зүүн нүд нь хөхөрсөн, энгэр маажуулсан, баруун шанаа нь зулгарсан, толгой нь зулай дээрээ үсдүүлээд хавдсан байдалтай байсан. Амаар хэлэхдээ хамтран амьдрагч Ц-ын эгч, дүү нарт зодуулсан гэсэн. Эмнэлэгт үзүүлээрэй, гар утсаараа хөхөрсөн зодуулсан гэдгээ зургаар авч баримтжуулаарай гэж хэлсэн. ..О-тай би огт уулзаагүй ба эргүүлийн машин шууд аваад эрүүлжүүлэх байр руу явсан. Би Ц, Э- нараас мэдүүлэг авах гэсэн боловч согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89 дүгээр хуудас);

13. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цээжний гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун бугалга, баруун гуяны цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруу, доод уруулын салстад үүссэн цус хуралт гэмтлүүд нь мөн тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч тархи доргилт гэмтлийг үүсгэх хүний ул мөр байхыг үгүйсгэхгүй. Аль цохилтоос болж тархи доргисон болохыг тогтоох боломжгүй...Б-ийн нүүрэнд цохисон гэмтлүүд бөгжтэй гарын цохилтоос үүсэх боломжтой, гэхдээ аль гэмтэл нь бөгжтэй гараар эсвэл бөгжгүй гараар үүссэн гэдэг зааг ялгааг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас),

-Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...хүнтэй үсдэлцэх үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 123 дугаар хуудас);

14. Гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед ээжийн найз Э эгч над руу яриад “Ц-ын ах дүүс нийлээд ээжийг чинь зодсон байна” гэхээр нь “цагдаагийн хэлтэс дээр уулзъя” гээд ирэхэд ээжийн баруун нүд нь хөхөрчихсөн, үс нь сэгсийсэн байхаар нь учрыг асуутал Ц, түүний ээж нарт зодуулсан, Ц гэх залуу нь “одоо чамайг ална, чи муу манай ахыг дарамталдаг” гэж хэлээд нүүр лүү нь алгадсан гэж хэлсэн. Тэгээд Э эгч цагдаагийн машинд суугаад би араас нь машинтайгаа дагаад Ц-гийн гэрийг хайгаад явсан боловч олоогүй. Цагдаа дээр буцаж ирээд би ганцаараа явж байгаад гэрийг нь олоод хаалгыг нүдэхэд 14-15 орчим насны нэг хүүхэд хаалга онгойлгохоор нь Ц гэж хүн байна уу гэхэд байхгүй хөдөө явсан, Хэнтий аймагт амьдардаг гэхээр нь энэ айл ямар ч байсан мөн юм байна гэж бодоод Э эгч рүү залгаад цагдаад хэлээрэй гэсэн. Тэгээд Э эгч цагдаа нартай хамт ирээд гэрт нь ороход хэвтрийн бололтой настай хүн, махлаг бор хүүхэн хүүхэдтэйгээ, шар үстэй авгай, Ц нар унтаж байсан ба цагдаа нар шар үстэй авгайг авч гараад эрүүлжүүлэхээр явсан. Би буцаж очоод ээжийгээ аваад гэмтлийн эмнэлэг орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 102 дугаар хуудас);

15. Гэрч Л.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...45-50 орчим насны эмэгтэйн хамт нийтийн байр луу ороод хохирсон гэх эмэгтэйтэй утсаар яриад, шар үстэй эмэгтэй зодсон гэхээр нь тэр хүнийг аваад саатуулах байр луу явсан. Мөн тэр хаяг дээр хамт амьдардаг Ц гэх залууг авч явах байсан боловч тэр залуу гэртээ байгаагүй. Айлд ороход 2 эмэгтэй хүн унтаж байхад нь хамт явж байсан эмэгтэйгээс алийг нь авч явах юм бэ гэхэд цаашаа утсаар яриад шар үстэй эмэгтэй гэж хэлэхээр нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 104 дүгээр хуудас);

16. Шүүгдэгч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...манай гэрээс хойш 2 гудамжны хойно байдаг ээжийн дүү рүү баярын ногоо хүргэж өгөх гэж яваад иртэл ээжийг цагдаа нар аваад саатуулах байр руу явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 109 дүгээр хуудас);

17. Гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Б-ийн нөхөр ээлжийн ажилтай гээд Б- манай гэрт 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирж хоноод өглөө нь нөхөр Ц нь ирээд бид хоёрт нэг шил архи авч өгснөөс Ц- машинтай гээд уугаагүй. Орой 19 цагийн үед Б- над руу залгаад уйлаад Ц-ын дүү гэх залуу, ээжтэйгээ, бэртэйгээ нийлээд намайг зодсон. Ц- босож ирээд Ц-той зууралдаж байхад нь гараад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед манай гэрт такси бариад ирэхэд нүд нь хөхөрч үс нь сэгсийсэн, зулгарсан байсан. Жижүүрийн 2 цагдаа, Б-ийн хүү нартай хамт тэр айлд очиход нэлээн архи уусан байдАлтай *** хүүхэн согтуу хэвтэж байсан ба би Б-ээс “хэн нь бэ” гэж асуухад шар үстэй авгай нь намайг үсэдсэн, Ц бас зодсон гэж хэлсэн. Ц гэртээ байгаагүй учраас шар үстэй буюу О-г аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 121-122 дугаар хуудас);

18. Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шар үстэй настай эмэгтэйг өөрт /мөрдөгч Б.Батмэнд/ чинь хүлээлгэж өгсөн санагдаж байна. Төмөр зам дах саатуулах байрнаас аваад явсан. Ар гэрийнхэнтэй нь холбоо бариагүй байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 125 дугаар хуудас);

19. Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 126-128 дугаар хуудас);

20. Шүүгдэгч М.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 26 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 дугаар хуудас), шүүгдэгч О.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 113 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний биед санаатай хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан дуудлага мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл дээр “О-д зодуулсан”, гэрч Ц-ын мэдүүлгээр “О намайг зодсон”, хохирогчийн 12 дугаар талд авагдсан мэдүүлэгт ч “О намайг зодсон” гэсэн байна. Харин хэргийг прокурорт буцааснаас хойш мэдүүлгүүд өөрчлөгдөж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор бодит байдлыг тогтоох, тогтоохдоо эргэлзээгүй тогтоох ёстой талаар заасан. Гэтэл Ц-ын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгүүд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц-гийн үйлдлийг нотолсон баримт байхгүй. Э, Ц, О гуравт зодуулсан гэж байгаа бол цагдаа яагаад нөгөө хоёр хүнийг саатуулаагүй явуулсан байх вэ? Шинжээчийн дүгнэлтээр “хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэж байхад улсын яллагч цалинг төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй байна. Ц-г гарч яваад айлд очиход өмнө хохирогч өөрөө гараад явсан. Хохирогч “би зугтаад гарсан”, гэрч Чулуунбаатар “хаалган дээр нэг хүн орилоод зогсож байсан”, гэрч Э “саатуулах байрнаас холбоо барилгүйгээр мөрдөгчид шууд авчирч өгсөн” гэж тус тус мэдүүлцгээсэн. О-гийн анх өгсөн мэдүүлэгт “манай хүүхдүүд энэ зодоонд оролцоогүй” гэж хэлсэн. Энэ үед хүүхдүүдтэйгээ уулзаагүй байсан тул уг мэдүүлгийг үнэн гэж үнэлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Шууд бус буюу хохирогч Б-ийн хэлснээр мэдүүлж буй гэрч нарын мэдүүлгээр улсын яллагч яллаж байна. Гэтэл тэдгээр гэрчийн мэдүүлгүүдэд зөрүү их байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батболд гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Бидний үйлчлүүлэгчдийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж улсын яллагчийн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц-г уг гэмт хэргийг үйлдсэн гэх шууд чиглэсэн, заасан, эсхүл хөдөлбөргүй тогтоосон баримт алга байна. Иймд Г.Батбаяр өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна...” гэв.  

Хохирогч Д.Б нь шүүгдэгч О.Ц-г нэрлэн зааж “...Ц миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Миний биед учирсан зүүн нүдний зовхи, зүүн баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтлийг Ц учруулсан. Мөн доод уруулын салстад цус хуралт гэмтэл Ц-г алгадахад учирсан...” хэмээн мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг гэрч Б.Ц-ын “...Б-ийг хэн нэгэн зодож байхыг хараагүй, харин надад “намайг О зодсон” гэж хэлж байсан. Би Ц-гоос асуухад “О Б-ийг агсам тавиад байхаар нь ганц хоёр алгадсан, би огт гар хүрээгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16), мөн түүний “...унтаж байтал эхнэр Б- намайг цохиод “хүмүүс намайг зодоод байна” гэсэн. Би сайн ойлгохгүй шууд босоод эрэгтэй болохоор нь Ц-г бариад авсан. Ц- надад “ахаа би цохиж зодсон зүйл байхгүй, Б- ээжтэй муудалцаад үсдэлцсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98), гэрч Б.Э-ийн “...Манай нөхөр Ц-д огт гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20), мөн түүний “...Б- манай гэрт 15 цагт шал согтуу гуйвсан хүн орж ирээд хэг ёг гээд агсрах шинжтэй байсан. ...Манай нөхөр Ц-д огт ойртоогүй, Б-ийг зодоогүй. Ер нь бол орж гараад яваад байсан. Харин би эхнээс нь дуустал Б-ийг агсамнаж танхайрахыг харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94) зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.

Түүнчлэн, хохирогч Д.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “Та хэр зэрэг архи уусан байсан бэ” гэсэн даргалагчийн асуултад хариулахдаа “...Би шүүгдэгчийн гэрт очихдоо эрүүл байсан...” хэмээн мэдүүлж байсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар урьд өдөр нь тэрээр өөрийн найз С.Э-гийнд согтууруулах ундаа хэрэглэж хоносон байх бөгөөд маргааш нь дахин нэг шил архи уусан, улмаар хэрэг гарсан газарт согтуу очсон болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Иймд хохирогч Д.Б- нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргасан атлаа илтэд худал мэдүүлсэн хувийн байдлыг нь харгалзан түүний шүүгдэгч О.Ц-д зодуулсан гэх мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Харин түүний шүүх хуралдаанд илтэд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтад хамаарах бөгөөд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.   

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч М.О-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Ц-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч М.О-гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан болно.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хуулийг хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч хууль тогтоогч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Иймд шүүгдэгч М.О-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэрэв прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш батлагдсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилдэг гэдгийг дурдах нь зүйтэй.   

Хохирогч Д.Б нь томографын шинжилгээний төлбөрт 120,000 төгрөг, тав хоногийн цалингийн зөрүү 160,600 төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн 120,000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч М.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, харин хохирогч Д.Б- нь эрүүл мэндийн хохирлын улмаас ажилдаа явж чадалгүй цалин хөлс нь хасагдсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй, зөвхөн урьд саруудад авч байсан цалингийн хэмжээ тодорхойлогдож байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, О.Батболд нар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг 450 нэгжээр торгож өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 120,000 төгрөг төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00166 0047 дугаартай хэргээс шүүгдэгч О.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчилсүгэй.

3.Б овгийн М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

 6.Шүүгдэгч М.О-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б энэ хэргийн улмаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О, О.Ц нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА