Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 65

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Жавхлант Шардовын 8-14 тоотод оршин суух Д.Даваагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багт оршин суух Б.Эрдэнэ-Уртад холбогдох үндсэн зээл, алданги нийт 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даваа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа:  Б.Эрдэнэ-Урт нь 2015 оны 08-р сарын 20-ны өдөр 3500000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж авсан. Б.Эрдэнэ-Урт нь тухайн үед уг зээлийг авахдаа Сүхбаатар аймгийн Уулбаян суманд амьдарч байгаа миний төрсөн эгч Долгорын Туяагаар зуучлуулан уг мөнгийг зээлсэн. Б.Эрдэнэ-Урт нь ХААН банкнаас авсан зээлээ хаачихаад буцаж зээл авч миний мөнгийг төлнө, эхнэр Эрдэнэцэцэг тус суманд цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг, цалингийн зээл аваад уг зээлийг төлчихнө гэсэн. Удаа дараа утсаар ярьж, мессэж бичүүлж, шахаж шаардаж байгаад 2015 оны 09-р сарын 17-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 09-р сарын 28-ны өдөр 300000 төгрөг, 2015 оны 10-р сарын 12-ны өдөр 500000 төгрөгийг тус тус эгч Д.Туяагийн данс руу шилжүүлсэн байсан. Үлдэгдэл тооцоог үхэр өгч хийе гэсэн, үхрээ өгөөгүй. Одоо болохоор надаас зээлсэн мөнгийг өөр хүнд зээл авч өгсөн, тэр хүн мөнгийг өгөхгүй байна гэж яриад байгаа. Иймд зээлдэгч Б.Эрдэнэ-Уртаас үндсэн зээлийн үлдэгдэл 1800000 төгрөг, алданги 2268000 төгрөг, 2015 оны 10-р сараас 2016 оны 12 сар хүртэлх хүүгийн хамт нийт 4320000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.Эрдэнэ-Урт нь 3720000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 600000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцсэн гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэ-Урт шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Би 2015 оны 08-р сарын 20-ны өдөр Д.Даваагаас 3500000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 3720000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 600000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 15-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч Д.Даваатай харилцан ярилцаж тохиролцон эвлэрсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даваа нь Б.Эрдэнэ-Уртад холбогдуулан үндсэн зээл, алданги нийт 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Эрдэнэ-Урт нь 3720000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Даваад төлсөн ба, үлдэгдэл 600000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Даваагийн 4320000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84070 төгрөгний тал хувь 42035 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 42035 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэ-Уртаас гаргуулж нэхэмжлэгч Д.Даваад тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Даваагийн хариуцагч Б.Эрдэнэ-Уртад холбогдуулан үндсэн зээл, алданги нийт 4320000 /дөрвөн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэ-Урт нь хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 3720000 төгрөгийг төлж, үлдэгдэл 600000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Даваагийн 4320000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84070 төгрөгний тал хувь 42035 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 42035 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэ-Уртаас гаргуулж нэхэмжлэгч Д.Даваад тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА