Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Ч-д холбогдох хэргийн талаар

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

            Хохирогч Б, Б, П, Э нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ч-д холбогдох 201407000179 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1958 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Ч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн иргэн Д-ийн 2 ат, 1 шилбэ, Б-ийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Л-ийн 1 ат, П-ийн 1 ат, 1 шүдлэн, Э-ийн 1 ингэ, Т-ын 1 ат, Н-ийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж 19 500 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч-ийг бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-д холбогдох эрүүгийн 201707000179 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-оос 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д-д, 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч П-д, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э-д, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Т-д, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Н-д, 7.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б-д тус тус олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч-ийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан малын тамгыг Ч-д буцаан олгохыг дурдаж, Шүүгдэгч Ч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдол, тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч-г анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь миний үйлчлүүлэгч Ч нь 16 тооны тэмээг хаанаас авсан, хэнд зарсан, хэн хашаанд нь хашсан гэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1, 1.2, 1.6-д заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Ч нь шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 16 тооны тэмээг хулгайлсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа тул 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй тул хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдол нь гаргажээ. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь автаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм. Иймд шүүгдэгч Ч, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал

хулгайлах” гэмт хэрэгтэй дүйцэж байгаа боловч эрүүгийн хариуцлагын хувьд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-г бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  гэж дүгнэсэн атлаа Ч-д ял шийтгэл оногдуулахгүйгээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Ч-д холбогдох эрүүгийн 201707000179 дугаарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болохоор заасан нь 2002 оны эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлж болно гэж заасантай дүйцэж байна.

Гэвч анхан шатны шүүх 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгалгүй 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэж шүүгдэгчид өршөөл үзүүлж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба шийтгэх тогтоолд энэ талаарх үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг ноцтой байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Ч-д холбогдох эрүүгийн 201407000179 дугаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн хохирогч нар хэдэн тэмээ алдсанаас хэд нь олдсон П-ийн хэдэн тэмээ алдагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэмжээ түүнээс төлөгдөх хохирол нь хэд байгаа зэргийг шүүх нягталж үнэлж дүгнэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч-д холбогдох эрүүгийн 20140700000179 дугаар хэргийг дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ч-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Ч-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ

                              ШҮҮГЧИД                                    Б.НАМХАЙДОРЖ

                                                                                    Ч.ЭНХТӨР