Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                           Хэргийн индекс:114/ 2018/0009/3     

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороолол 30-30 тоотод байрлах “Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдам гэдэг нэртэй 2344.46 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэсэн 1-2236 дугаартай албан бичиг болон, түүний хавсралт  маягтаар  ирүүлсэн саналыг  тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч   Ч.Анар

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                            Л.Алтанчимэг

                                                                                                  Г.Отгончимэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн захирал Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н-” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицол бүхий талбайд холбогдох хууль тогтоомжид заасан журамд нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасныг тус газар шийдвэрлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж, ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь өргөдөлтэй холбоотой саналыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тус саналд Засаг дарга “өргөдөлд дурдсан солбицол бүхий талбай нь тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэжээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь ийнхүү дэмжихгүй санал гаргах болсон үндэслэл, холбогдох баримт бичгийг ирүүлсэн байдагтай танилцаж үзэхэд тухайн үед хүчинтэй байсан ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар дүгнэвэл /а/ хуульд заагаагүй үндэслэлийг баримтлан татгалзсан санал ирүүлсэн, /б/ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохих журмаар санал аваагүй байдаг.

Тодруулбал: Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 дугаартай албан бичиг, түүний хавсралтад бөглөсөн маягтаар “тухайн өргөдлийн талбай тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай тул дэмжихгүй” гэсэн санал илгээсэн нь тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан журмыг, мөн холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Ийнхүү илт хууль бус захиргааны акт гаргасан нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар манай гаргасан өргөдөлд татгалзсан хариу өгөх үндэслэл болсон.

Дархан-Уул аймгийн Засаг даргын дээрх санал хэмээх баримт бичиг нь захиргааны үйл ажиллагааны үр дүнд гарсан захиргааны акт мөн бөгөөд энэ нь нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хуульд заасан журмаар ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах субъектив эрх, хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих журмаар авсны үндсэн дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдам гэдэг нэртэй 2344.46 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэсэн 1-2236 дугаартай албан бичиг болон, түүний хавсралт  маягтаар  ирүүлсэн саналыг  тус тус илт хууль бус болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал авалгүйгээр өөрийн үзэмжээр татгалзсан санал өгсөн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.12-т заасан сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал аваад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчээр хэлэлцүүлж, Ашигт малтмал, газрын тосны газарт санал хүргүүлэх ёстойг зөрчсөн байна. Засаг дарга нь тухайн үед хүчинтэй үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай саналыг хүлээн авмагцаа сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх, хариу өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ёстой байдаг. Аймгийн Засаг даргын татгалзсан саналын агуулга нь “газар тариалангийн бүс нутагтай давхцсан” гэсэн хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр татгалзсан байдаг. Ашигт малтмалын тухай /2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрөөс өмнөх/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, цөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэсэн үндэслэлээр татгалзах санал өгөх эрхтэй байдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбатаас, Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга н.Ганбаатар нарын албан бичигт Дархан-Уул аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөлд хүссэн өргөдөлд өгөх санал авах талаар хүсэлт, албан бичиг ирээгүй гэсэн байна. Засаг дарга нь хуульд заасан журмын дагуу орон нутгийн байгууллагаас санал авахгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал өгөхдөө дур мэдэж татгалзсан санал өгсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлийг дурдаж санал өгөөгүй байдаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2236 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хуульд заасан журмыг мөрдөөгүй тул захиргааны актын илт хууль бус байх үндэслэл болж байна. Иймд тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2236 дугаартай санал буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан 7 шинжийн аль нэгийг агуулж байх ёстой бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй хэмээн үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7 дахь хэсэгт заасан аль нэг эсвэл хэд хэдэн шинжийг агуулж байгаа болохыг нотлох шаардлагатай. Тухайлбал захиргааны акт илт хууль бус болох 1 утга агуулгын илэрхий алдаатай, 2  бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 3 чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 4 захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 6 иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл, байгаагүй, 7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлийн аль нэг шинжийг агуулж байж захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болох юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2236 дугаартай санал нь дээрх 7 шинжийн аль ч шинжийг агуулахгүй байх бөгөөд тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэлийн дагуу татгалзсан санал хүргүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдам гэдэг нэртэй 2344.46 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэсэн 1-2236 дугаартай албан бичиг болон, түүний хавсралт  маягтаар  ирүүлсэн саналыг  тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Н-” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших Цайдам нэртэй 2344.46 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж улмаар тус газар нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж  Ашигт малтмалын тухай /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх/  хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу  Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9530 дугаар албан бичгээр мэдэгдлийг хүргүүлж, мэдэгдэлд Засаг даргын саналын хуудас, талбайн зургийг хавсарган хүргүүлсэн байна.

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь дээрх мэдэгдлийн дагуу  2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 дугаартай албан бичиг болон түүний хавсралт маягтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Цайдам нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 2344.46 гектар газар нь “газар тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай байгаа” гэсэн үндэслэлээр “Н-” ХХК-д  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газрын, кадастрын хэлтэст хүргүүлсэн нь үндэслэлгүй  байна. Учир нь:

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 ”е”-д зааснаар ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжинд заасны дагуу санал” өгөх эрхтэй бөгөөд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д ”харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д ”Аймаг,нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” 19 дүгээр зүйлийн 19.5-д” “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байхад дээрх хуульд заасан журам зөрчин “Н-” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдын саналыг аваагүй, өөрөө бие даан санал өгсөн  болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тогтоогдож байгаа болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх тухай ойлголт бөгөөд энэхүү маргааны хувьд  Аймаг, нийслэлийн Засаг дарга Ашигт малтмалын тухай /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахгүйгээр, өөрөө бие даан санал өгөх  эрх хуулиар олгогдоогүй байхад бие даан Н-” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдам гэдэг нэртэй 2344.46 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэсэн саналыг 1-2236 дугаартай албан бичиг болон, түүний хавсралт  маягтаар  өгсөн нь буруу байна. 

 Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын  6/9530 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу  2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 дугаартай албан бичиг болон түүний хавсралт маягтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Цайдам нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 2344.46 гектар газар нь “газар тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай байгаа” гэсэн үндэслэлээр “Н-” ХХК-д  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэх саналыг өгөхдөө хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан  тул “эрх зүйн үндэслэлгүй “ захиргааны акт гаргасан  гэж үзнэ өөрөөр хэлбэл дээрх акт нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа болно.

 Энэхүү актын улмаас нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017оны 07 дугаар сарын 24-ны өдрийн “ Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/5008 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын  2017оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “ Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 407 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т ”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-д ”Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж тус тус заасан мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д ”Захиргааны байгууллагын гаргасан  захиргааны акт... илт хууль бус болохыг...тогтоох...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, Ашигт малтмалын тухай /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Цайдам гэдэг нэртэй 2344.46 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжих боломжгүй” гэсэн 1-2236 дугаартай албан бичиг болон, түүний хавсралт  маягтаар  ирүүлсэн саналыг  тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНЧИМЭГ