Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 53

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багт оршин суух Лхүмбэ овогт Амгаабазарын Батсайханд холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 9675000 /есөн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Батсайхан нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “байгалийн хадлан бэлтгэх” төслөөр 15000000 /арван таван сая/ төгрөгийг 2013 оны 12-р сарын 25-ны өдөр сумын засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч А.Батсайхан нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүй, холбогдох газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, зээлийг эргэн төлүүлэх мэдэгдэлд хариу өгөөгүй. Иймд сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 9675000 /есөн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг А.Батсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч А.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2013 оны 05-р сард байгалийн хадлах бэлтгэх зорилгоор Баяндэлгэр сумын сум хөгжүүлэх сангаас 15000000 төгрөгний зээл авсан. Зээлийн үлдэгдэл 9500000 төгрөг, зээлийн хүү 175000 төгрөг, нийт 9675000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 9675000 /есөн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг А.Батсайханаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Батсайхан нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 9675000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 169750 төгрөгний тал хувь 84875 төгрөгийг хариуцагч А.Батсайханаас гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 9675000 /есөн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Батсайхан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 9675000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 169750 төгрөгний тал хувь 84875 төгрөгийг хариуцагч А.Батсайханаас гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА