Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 0514

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Э.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05838 0408 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Э.Ө, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын *** дүгээр багийн Аргалын уул, Яргайтын *** дугаар гудамжны *** тоотод байнга оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн *** дугаар гудамжны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Ө нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух Б.Б-ын гэрээс Б.Б-ын эзэмшлийн 313,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei  П-10” маркийн гар утас, 313,000 төгрөгийн үнэ бүхий Г.М-ын эзэмшлийн “Samsung S7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, Б.Б-ын хүн байнга оршин суух байранд нэвтэрч авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т овгийн Э.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны *** дүгээр гудамжны *** тоотод байх Б.Б-ын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хохирогч Б.Б-ын эзэмшлийн 313,000 төгрөгийн үнэлгээтэй “Huawei  П-10” маркийн гар утас, хохирогч Г.М-ын эзэмшлийн 313,000 төгрөгийн үнэлгээтэй “Samsung S7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Ө-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найзтайгаа бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цуг явж байсан Чинбаа гэх найзыгаа гэрт нь дөхүүлж өгсөн. Тэгээд би гэртээ харих боломжгүй байсан учир Б.Б гэх багын найзынхаа гэрт орж хонох санаатай гэр лүү нь орсон боловч гэрт нь олон хүн унтаж байсан. Би найзыгаа сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Анх би тэдний гэр лүү хулгай хийх биш, хонох санаатай орсон. Харин гарахдаа 2 ширхэг утас авсан. Халааснаас нь нэг утас, орон дээр унтаж байсан залуугийн халааснаас нэг утас авсан....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз М-ын хамт “***” караокед архи ууж байгаад 17-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны *** дүгээр гудамжны *** тоотод байх гэртээ ирж унтаж амарсан. Би унтахдаа сандал дээр утсаа тавьсан байсан. Өглөө 7 цагт сэрээд утсаа үзтэл байхгүй байхаар нь дүү Б-аас асуухад “шөнө 03 цаг өнгөрч байхад танай найз Ө гаднаас согтуу орж ирээд таны гар утас болон М-ын гар утсыг аваад гарсан гэж хэлсэн. Миний хулгайд алдсан утас нь “Huawei П-10” маркийн гар утас, гадуураа резин гэртэй байсан. 2018 оны 11 дүгээр сард 350,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

3. Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрт ороод хувцастайгаа газарт унтсан. Унтахаасаа өмнө гар утсаа өмднийхөө зүүн халаасанд хийсэн. Өглөө 7 цагийн үед сэрээд гэр лүүгээ утсаар ярих гэтэл миний утас алга байсан. Тэгээд Б-д “миний утас алга болчихсон байна” гэж хэлэхэд хажуугаас Б “шөнө 03 цагийн үед Ө согтуу, ганцаараа орж ирээд гар утсыг чинь авсан. Согтуу байхаар нь айгаад хэлээгүй. Гараад явсных нь дараа та хоёрыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь цагдаа дуудсан” гэж хэлсэн. “Samsung S7” маркийн гар утсаа 2016 оны 11 дүгээр сард Монтелоос 650,000 төгрөгөөр авч байсан, одоо 400,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас);

4. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…шөнө манай төрсөн ах Б, М архи уучихсан согтуу орж ирсэн. Б ах унтахаасаа өмнө гар утсаа цэнэглээд үлдээсэн юм. Тэгтэл шөнө 03 цагийн үед Ө орж ирээд зурагтын хажууд цэнэглэчихсэн байсан манай ахын Huawei  маркийн гар утсыг авсан. М ахын гар утас нь бас алга болсон байсан. Ө нь манай ах Б-ын багийн найз байгаа юм. Манайх гэрэлтэй байсан учраас Ө-ийг орж ирэхэд нь царайгаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-39 дүгээр хуудас);

5. “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “...Huawei  П-10 маркийн гар утас 300,000 төгрөг, гар утасны гэр 10,000 төгрөг, сим карт 3,000 төгрөг, Samsung S7маркийн гар утас-300,000 төгрөг, гар утасны сим 10,000 төгрөг, сим карт 3,000 төгрөг, нийт 626,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 52 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Э.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 95 дугаар хуудас), шийтгэх тогтоолын  хуулбарууд (хх-ийн 98-103 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 14 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Э.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр найз Чинбаттай гадуур архи ууж явж байгаад Баянхошуунд Чинбатыг гэрт нь хүргэж өгчхөөд хуучин найз болох Б-ын гэрт очихоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоотын 4 дүгээр гудамжны *** тоот гэрт нь шөнө 03 цагийн орчим очиход гэрийнх нь хаалга цоожгүй, онгорхой байхаар нь ортол Б- нэг танихгүй залуугийн хамт унтаж байсан. Би сандал дээр байсан “Huawei”  маркийн гар утсыг авсан. Мөн Б-ын хажууд орны дэргэд цэнэглээд тавьсан байсан “Samsung S7” маркийн гар утас байхаар нь аваад гэрээс нь гарах гээд явж байтал Б-ын дүү Б- намайг харахаар нь тэр чигтээ юу ч дуугарахгүй гараад явсан. Тэгээд гадуур явж байгаад өглөө болохоор нь Хархорин зах орж замын танихгүй хүнд “Samsung S7” маркийн гар утсыг 70,000 төгрөгөөр зарсан юм. Харин “Huawei” маркийн гар утсыг 21 дүгээр хороолол орж, нэг дэлгүүрт 20,000 төгрөгийн барьцаанд тавиад тэр чигээр нь хаясан. Тэгээд тэр мөнгөөрөө архи авч уусан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112-115 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Ө-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “...”Huawei  P-10” маркийн гар утас 300,000 төгрөг, гар утасны гэр 10,000 төгрөг, сим карт 3,000 төгрөг, “Samsung S7 edge” маркийн гар утас-300,000 төгрөг, гар утасны сим 10,000 төгрөг, сим карт 3,000 төгрөг, нийт 626,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 626,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Э.Ө- хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Б-ын амьдардаг монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Харин шүүгдэгч Э.Ө-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Б- нь сэрсэн, түүнийг харсан боловч айсан учраас гэмт үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй, шүүгдэгч Э.Ө- нь Б.Б- болон хохирогч нарыг унтаж байна хэмээн тооцон бусдын эд хөрөнгийг авч явсан байх тул хулгайлах гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Э.Ө-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ө-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.Ө-өөс нийт 476,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д 163,000 төгрөг, хохирогч Г.М-т 313,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ө- нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Ө-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ө- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Ө-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ө-ийн хувьд хохирогч Б.Б, Г.М нарын өмчлөх эрхэд халдаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Э.Ө- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Иймд миний үйлчлүүлэгч Э.Ө-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Ө-ийн хувьд өмнө нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхдээ энэ хэргийг нэгтгэж хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж өнөөдрийн байдалд хүрээд байна. Энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Э.Ө нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 48 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Э.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ийн цагдан хоригдсон 48 (дөчин найм) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Ө-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ө-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                ДАРГАЛАГЧ                                              Б.БАТАА