| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0464/э |
| Дугаар | 0523 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 0523
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Д.Туяана,
хохирогч Г.А,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008004350493 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батбаатарын Б /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Аийг “автомашинтай мөргөлдлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгц хэсгийн хоёрны нэг хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Драгоны урд машинтайгаа явж байхад А хөндлөн орж ирээд шахсан. “Сутай” зах хүртэл намайг шахсан. Намайг мөргөөд бууж ирээд маргалдсан. Намайг эхлээд цохисон. Зөрүүлээд цохитол шүд нь унасан. Түүнд 300.000 төгрөг өгсөн. Бууж ирээд “намайг санаатай мөргөсөн” гэхээр нь би хохирол төлөөгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Тэвчээргүй зангаасаа болж алдаа гаргасандаа гэмшиж, ухаарч байна” гэв.
Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 05-нд төв зам руу орохдоо шахаж орсон. Өөрөө ч түүнийгээ мэдээгүй. Тэгсэн нэг машин намайг шахаад явуулахгүй байсан. Би 2 дугаар эгнээнд, Б 3 дугаар эгнээнд явж байгаад 2 дугаар эгнээ рүү орж ирээд мөргүүлсөн. Түүний машинд явсан хөгшин хүн нь намайг бариад хөдөлгөхгүй байсан. Харилцан цохилцсон ч энэ намайг оноогүй. Эргээд явж байхад ирээд цохиж шүд гэмтээсэн. 2 шүд гэмтсэн нь үнэн. Шүдээ хийлгэсэн байгаа. Хохирлоо төлүүлмээр байна” гэв.
Эрүүгийн 2008004350493 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Аийн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр төв засмал зам дээр зүүнээс баруун чиглэлд өөрийн 94-45 УНУ улсын дугаартай Тоёота Филтер машинтай явж байгаад мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн машинтай шүргэлцсэн. Тэр машины жолооч Б хоёр муудалцаад нэг нэг цохилцоод салсан. Б миний араас татахаар нь эргээд харсан чинь миний нүүр, ам хэсэгт цохиод шүдийг гэмтээсэн. Бид хоёрын машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй болохоор зохицоод салсан. Б шүдний эмчилгээнд 1.630.000 төгрөг өгье гээд эхлээд эмчилгээ хийлгэж бай гээд 300.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө гээд өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Гомдолтой байна. Шүдний эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.16-ны өдрийн 1457 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.А-н биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгц хэсгийн хоёрны нэг хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна” гэжээ /хх-20/,
Гэрч Э.Дөлгөөнтамирын: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А ах, ээж, дүү хоёртой нь хамт харих гээд Яармаг руу явж байсан. Тухайн үед А ах цагаан өнгийн Тоёота Филтер машин унасан явсан. Төв замаар явж байхдаа нэг машинтай шахалцаад байсан. Нилээн удаан хоорондоо шахалцаж байснаа саарал өнгийн Соната-6 машин урдуур нь шахаж ороод мөргүүлсэн. А ах машинаас буугаад Соната-6 машины жолооч 2 шууд зодолдож эхэлсэн. Би машинаас буугаад А ахтай зодолдож байсан ахыг салгаад гараас нь бариад, Соната-6 машины жолоочийн ээж, аав хоёр нь гээд хүн буугаад салгасан. Тэр залуу А ахын араас татаад эргээд харсан чинь шүд рүү нь гараараа нэг удаа цохиод шүдийг нь гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-72/,
Шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ээж, нагац ах, нагац эгчийн хамт 36-96 УНХ улсын дугаартай Соната-6 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтай явж байсан. Драгон төвийн урдаас нэг цагаан өнгийн Филтер машин намайг шахаад явуулахгүй байсан. Тэгээд “Сутайн буянт” захын урд би 2 дугаар эгнээ рүү орсон чинь 1 дүгээр эгнээнээс орж ирээд миний машины арын дугуй руу мөргөөд урагшаа түрж яваад зогссон. Би буугаад очсон чинь цагаан өнгийн филтер машины жолооч бууж ирээд үсрээд өшиглөхөөр нь би гараараа цохисон чинь оноогүй. Тэгсэн машинаас нь бууж ирсэн жижигхэн биетэй залуу миний гараас бариад зулгаасан. Би тэр залууг муудалцааныг болиулах гэж байсан байх гэж бодож байгаа. Тэр үед жолооч залуу миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. Жолооч залуу гар барьчихаад тавихгүй болохоор нь би гараа сугалж аваад нэг удаа цохисон чинь шүд рүү нь цохиод, шүдийг унагаасан. ...Би жолооч залуугийн шүдийг нь янзлуулж өгөхөөр болоод шүдний эмнэлэг орсон чинь “1.630.000 төгрөг болно” гэхээр нь 300.000 төгрөгийг эхлээд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-78-80/,
“Оргил ван” ХХК-ийн “Шүдний эмчилгээ, хиймэл шүдний үнэ 1.630.000 төгрөг” гэх бэлэн мөнгөний орлогын баримт /хх-70/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-56/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Атэй “машинтай мөргөлдлөө” гэх шалтгаанаар маргалдан нүүр лүү нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохиролд 1.330.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай” гэж,
шүүгдэгч “Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлыг цалин дээрээсээ төлөх боломжтой. Өөр боломж байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сутайн буянт” захын урд замд “автомашинтай мөргөлдлөө” гэсэн шалтгаанаар хохирогч Г.Атэй маргалдан, нүүрэн тус газарт цохиж, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгц хэсгийн 1/2 хэсгийн хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Аийн “...Бтай машин шүргэлцсэнээс болж муудалцаад нэг нэг цохилцоод салсан. Б миний араас татахаар нь эргээд харсан чинь миний нүүр, ам хэсэгт цохиод шүд гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн 1457 дугаар “1. Г.А-н биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгц хэсгийн хоёрны нэг хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-20/, гэрч Э.Дөлгөөнтамирын “...А ах машинаас буугаад Соната-6 машины жолооч 2 шууд зодолдож эхэлсэн. ...Тэр залуу А ахын араас татаад эргээд харсан чинь шүд рүү нь гараараа цохиод шүдийг нь гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-72/, шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн “...Жолооч залуу гар барьчихаад тавихгүй болохоор нь би гараа сугалж аваад нэг удаа цохисон чинь шүд рүү нь цохиод, шүдийг унагаасан...” гэх мэдүүлэг /хх-78-80/, “Оргил ван” ХХК-ийн “Шүдний эмчилгээ хийлгэсэн шүдний үнэ 1.630.000 төгрөг” гэх орлогын баримт /хх-70/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бы хохирогч Г.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний цөгц хэсгийн хоёрны нэг хэсгийн хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, шүдний эмчилгээ, хиймэл шүдний төлбөрт шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 300.000 төгрөг төлсөн байх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоогдсон 1.330.000 төгрөгийг төлсөн болох нь оролцогчдын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, 3 хүүхдээ хардаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлгүй...” гэж,
шүүгдэгч “Дахиж ийм алдаа гаргахгүй. Тэвчээргүй зангаасаа болж алдаа гаргасандаа гэмшиж, ухаарч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “Учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /замын хөдөлгөөнд хохирогч, шүүгдэгч нар зүй зохистой оролцоогүй, улмаар хохирогчийн зүгээс автомашинаараа шүүгдэгчийн автомашиныг шүргэснээс шалтгаалан маргалдаж шүүгдэгч хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан, хохирогчийг Зөрчлийн хуулиар торгосон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1.630.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Хохирол төлчихбөл гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /“Тод Ундарга” ХХК-д оператор ажилтай гэх, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Тод Ундарга” ХХК-д оператор ажилтай гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Быг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР