| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0494/Э |
| Дугаар | 0516 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 0516
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч Н.Ундрах, хохирогч Д.Э, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овгийн Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05433 0557 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овгийн Б.Л, Монгол Улсын иргэн, ***оны *** дугаар сарын ***-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “***”-т камер хянагчийн ажилтай, ам бүл тав, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах *** караоке дотор хохирогч Д.Э-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн ханын хугарал, духанд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч У овгийн Б.Л нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караоке дотор хохирогч Д.Э-ийн нүүр лүү гараараа цохиж, түүний бие махбодод “...баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духанд няцарсан шарх, тархи доргилт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу, хохирол дээр маргахгүй....” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 10 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн “***” караокед орж 2 найзтайгаа орж 3 пиво аваад 3 дуу захиалан дуулж байсан. Бид хэд дуулж байхад хажуу ширээний залуучууд хоорондоо зодолдоод гараад явсан. Тэгээд гадаа гарч тамхи татах гэж байсан боловч гэнэт л нүд, дух хэсэгт нэг зүйлээр цохисон. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн цагдаа хурдан шуурхай ирсэн. Тэгээд гэмтэл орж оёдол тавиулсан, дух цөмөрсөн байж магадгүй гэж хэлж байсан. Томографт орсон чинь дух цөмрөөгүй, нүдний ухархайны яс хугарсан байна гэж хэлсэн. Оёж байхад зөндөө чулуу гарч ирж байсан. Би 7 хоногийн дараа хүнээр түшүүлж очиж байцаалт өгөхөд тэр байцаагч нь “..та хурдан эмнэлэг яв..” гэж хэлж байсан. Тэгээд энэ хүүхдийг хаягаар нь хайсан боловч олдохгүй байсан. Гомдолтой байна. Хэрэгт авагдсан хохирлын төлбөр 326,000 төгрөг гэж гарсан байна. Томографын зураг авсан мөнгийг оруулаагүй байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх зардал гарна... Мөн 3 удаагийн лазерт орно. 1 удаагийн лазер 680,000 төгрөг болдог...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** захын караоке гэсэн бичиглэлтэй газрын 2 давхарт найз З, У нарын хамт дуулах гэж орсон. Бид тус бүр нэг нэг шил пиво аваад уунгаа 3 дуу захиалаад дуулсан. Дараа нь З бид 2 гадаа гарч тамхи татах гээд 2 давхрын шатнаас 1 давхрын шат руу хоорондоо юм яриад бууж байх үед урдаас нэг үл таних залуу миний нүүр лүү цохисон. Тэр үед миний дух хэсгээс цус гараад байхаар нь би нүд сохорчихлоо, наад залуугаа бариад аваарай гэхэд манай найз З намайг цохисон залууг барьж аваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд тэр залууг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Л- гэх хүн тухайн гэмтлүүдийг учруулсан. Нэг удаа миний дух хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-34 дүгээр хуудас);
4. Гэрч М.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз залуу Л багийн хамт олонтойгоо мөнгөн медаль авсан юм. Тэгээд мөнгөн медалиа угаая гэж хэлээд Г ах бид гурав цуг ***ын зах, нийтийн караоке гэсэн бичигтэй газар ороод Л, Г ах нар тус бүр нэг нэг пиво, мөн 0.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд би Л, Г хоёрт “одоо болно, та хоёр согтчихсон байна” гэж хэлээд Л-ыг караокеноос гаргаад машиндаа суулгах үед Г ах “би болоогүй байна, би дахиж ууна” гээд Л-ыг “чи надтай үлдэж архи уух юм уу” гэсэн. Тэр үед Л юм ярих тэнхэлгүй машинд сууж байсан. Тэгтэл Г тухайн караоке луу түрүүлээд орчихсон чинь Л “би буцаж оръё, Г ахыг яаж үлдээх вэ, ядаж гэрт нь хүргээд өгчихье” гэж хэлээд ардаас нь орсон. Би машинаа түгжчихээд араас нь караоке луу орсон чинь Л, Э- /үл таних эмэгтэйтэй/-тэй хэрэлдээд байсан. Э гэх эмэгтэйн баруун талаас нь цус гарчихсан “миний нүдийг сохолчихлоо, би юм харахгүй байна, яг одоо цагдаа дууд” гээд хашхираад байсан. Тэгээд байж байтал цагдаа, эмнэлгийн тэрэг ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-50 дугаар хуудас);
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12011 дугаартай: “...Д.Э-ийн биед баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духанд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би юу болсныг санахгүй байна гэж хэлэхэд эхнэр “чи өчигдөр хоёр давхрын караокеноос буухдаа нэг үл таних эмэгтэйн нүүр лүү гараараа нэг удаа цохичихсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Л-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Л-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол уг өөрчлөлтийг дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд буцааж хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж техникийн шинжтэй нэмэлт оруулснаас бус оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан агуулгаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь “баримтаар гарсан хохирлоо нэхэмжилнэ, цаашид эмчилгээ хийлгэх зардлаа мөн нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Л-оос 326,072 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч Д.Э-т олгож, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч Д.Э-т эмчилгээний зардал 326,072 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг шүүх дурдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний төвд өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.У овгийн Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх Тохижилт үйлчилгээний төвд өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Л-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-оос 326,072 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч Д.Э-т олгож, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА