| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0035/и |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 49
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Баян-Хүрээ” гэх газар нутаглах Агван овогт Бэххуягийн Буянхишигийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Буянхишиг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1965 онд Дорнод аймагт Бэххуягийн гэдэг айлын 2 дахь охин болж төрсөн. Тэр үед миний ээжийн эгч Цэрмаа гэгч хүнээс хүүхэд гарахгүй байсан учир би 3 сартай байхдаа Сүхбаатар аймгийн Уулбаян суманд Ядамын гэдэг айлд үрчлэгдсэн. Би үрчлэгдсэн цагаасаа үрчилж авсан эцэг, эхийнхээ гар дээр өсөн бойжиж, сургуульд сурч боловсрол эзэмшиж, гэр бүл, үр хүүхэдтэй болж ажил амьдралын бүх хугацаагаа Уулбаян суманд өнгөрүүлсөн. Үрчилж авсан ээж маань одоо 100 нас хүрч энх тунх амьдарч байна. Уулбаян сумынхан намайг Ядамын өргөмөл 2 охины 1 гэдгийг хүн бүр сайн мэддэг юм. Тухайн үед намайг үрчилж авсан болон үрчлүүлсэн эцэг, эх маань намайг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, үрчлэлт хийгдээгүйгээс миний бичиг баримтын овог зөрүүтэй болсон. Зарим бичиг баримтан дээр төрсөн эцэг Бэххуягаар овоглосон, хөдөлмөрийн дэвтэр болон МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх дээр үрчилж авсан эцэг Ядамаар овоглосон байгаа юм. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч овог зөрүүтэй, бичиг баримт зөрчилтэй болсон. Иймд Ядам овогтой Буянхишиг нэртэй 563252 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Ядам овогтой Буянхишиг нэртэй 070202 хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бэххуяг овогтой Буянхишиг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1984 оны 06-р сарын 25-ны өдөр нээсэн № 070202 дугаартай Ядам овогтой Буянхишиг нэртэй 1981 оны 09-р сарын 01-ээс 1984 оны 07-р сарын 04-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 08-р сараас 1990 оны 06-р сарыг дуусталх хугацааны бичилт бүхий Ядам овогтой Буянхишиг нэртэй 563252 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч нь Бэххуяг овогтой Буянхишиг мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Бэххуяг овогтой Буянхишиг нэртэй иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 06-р сарын 25-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /Ядам овогтой Буянхишигийн 1981-1984 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан бичилт бүхий/, 1981 оны 08-р сараас 1990 оны 06-р сарыг дуусталх хугацааны бичилт бүхий Ядам овогтой Буянхишиг нэртэй 563252 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Бэххуяг овогтой Буянхишигийн 49 дугаартай төрсний гэрчилгээ /Бэххуяг овогтой Буянхишиг, эмэгтэй, 1966 оны 08-р сарын 09-ний өдөр Буйрнуур гэх газар төрснийг 1966 оны 09-р сарын 09-ний өдөр Халх гол суманд бүртгэсэн/, гэрч С.Санжаажавын шүүхэд өгсөн: “Би Буянхишигийн аж амьдралын талаар сайн мэднэ. Буянхишиг нь Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Уулбаян суманд Дугарын Ядам гуайнд үрчлэгдэн ирж байсан хүүхэд юм. Ядам гуайнх бол хүүхэдгүй, 2 өргөмөл охинтой айл байсан. Б.Буянхишигийг бол Ядам гуайн хөгшин Цэрмаа нь өөрийн төрсөн дүүгээс Дорнод аймгаас өргөж авсан. Одоо Цэрмаа нь 100 нас хүрч байгаа, Хэнтий аймагт амьдардаг юм. Би Уулбаян суманд төрж өсөөд насаараа Уулбаян суманд ажиллаж амьдарсан. Ядам гуайнхтай айл саахалт нэг нутаг усанд олон жил болсон. Ядам гуайнх Буянхишигээс өөр Цэвэлмаа гэдэг өргөмөл охин байсан. Цэвэлмааг нь Түвшинширээ сумаас өргөж авсан шиг санаж байна. Би 1963-1990 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Баян” бригадад малчнаар ажиллаж байсан. Тийм болохоор Б.Буянхишигийн аж амьдралын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Д.Ган-Очирын шүүхэд өгсөн: “Би Буянхишигийн талаар сайн мэднэ. Буянхишигийн төрүүлсэн аавыг нь Бэххуяг гэдэг гэсэн. Буянхишигийн өргөж авсан аавыг нь Ядам гэдэг. Дорнод аймгаас Уулбаян суманд Ядамын гэдэг айлд үрчлэгдэж ирсэн. Ядам гуайн хөгшиний жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид Ма гэж авгайлж дууддаг. Ядам гуай болохоор энэ охиныг Бэхээгээсээ өргөж авсан гэж ярьдаг байсан. Манайх цахилгааны байранд айл аймаг байсан. Би ийм хөөрхөн хүүхэд аваад ирлээ гэж ярьдаг байсан. Тэр цагаас нь би энэ хүүхдийг улаан нялзрай хүүхэд Ядам гуайнд өргөгдөж ирэхээс, сургуульд орохоос нь мэдэх хүн юм. Буянхишиг нь Дорнод аймагт техникум төгсөөд Баянтэрэмд малын эмчээр хуваарилагдан очиж байсан. Ядам гуай над дээр ирж өргөмөл ганц охиныг минь сум руу татаад өгөөрэй гэж гуйж байсан. Бид нэг нутаг усанд олон жил айл аймаг явсан, ах дүү шиг сайхан байдаг улс. Би 1974-1984 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар, 1984-1990 он хүртэл зааварлагчаар, 1990-1994 он хүртэл сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд 1984 оны 06-р сарын 25-ны өдөр нээсэн № 070202 дугаартай Ядам овогтой Буянхишиг нэртэй 1981 оны 09-р сарын 01-ээс 1984 оны 07-р сарын 04-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 08-р сараас 1990 оны 06-р сарыг дуусталх хугацааны бичилт бүхий Ядам овогтой Буянхишиг нэртэй 563252 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч нь Бэххуяг овогтой Буянхишиг мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Буянхишигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1984 оны 06-р сарын 25-ны өдөр нээсэн № 070202 дугаартай Ядам овогтой Буянхишиг нэртэй 1981 оны 09-р сарын 01-ээс 1984 оны 07-р сарын 04-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 08-р сараас 1990 оны 06-р сарыг дуусталх хугацааны бичилт бүхий Ядам овогтой Буянхишиг нэртэй 563252 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигч нь Бэххуяг овогтой Буянхишиг мөн болохыг тогтоосугай.
2.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Буянхишигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА