Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0526

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, улсын яллагч Ж.Отгончимэг, иргэдийн төлөөлөгч Г.Ариунбаяр, хохирогч Р.Э, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 02809 0010 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн М.М, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл найм, эцэг, эх, дүү, охин нарын хамт, Төв аймгийн Борнуур сумын Мандал *** дугаар баг, Пүүний дэнж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: 

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

1. Шүүгдэгч М.М нь өөрийгөө “Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-ээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлэн 4,015,000 төгрөг, Acer маркийн зөөврийн компьютер зэргийг шилжүүлэн авч нийт 4,285,000  төгрөгийг залилсан,

2. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-ээс Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхдэд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,105,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

3. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** гэх газар иргэн Б.О-оос “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,540,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт иргэн Д.У-ээс Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,195,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ховд аймгийн нутаг дэвсгэрт иргэн О.Б-аас “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3,235,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Т-аас хүү Х.З-г нь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,310,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн иргэн М.М-тай утсаар холбогдож сургалтад хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн иргэн Б.Д-тэй утсаар холбогдож сургалтад хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,410,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Төв аймгийн иргэн Б.С-гаас ”хүү Б-г нь ахлагчийн курст сургаж, Онцгой байдлын газар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ээс “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,648,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д-гаас “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 815,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Ц-ээс “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,185,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Р.Э-гаас “хүү М-ыг нь Онцгой байдлын ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-аас “Онцгой байдлын газарт  ахлагчаар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,573,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

15. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Н-аас “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 770,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б-гаас “Хаан банкны *** дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг,  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн орчим байрлах АТМ машинаас бэлнээр 250,000 төгрөг, дансаар 200,000 төгрөг нийт 1,450,000 төгрөгийг залилсан.

17. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн Найрамдал *** тоотод оршин суух иргэн О.Э-г Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 365,000 төгрөгийг залилсан,

18. 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 2019 оны 10 дугаар сарын 30-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Р.М-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансаар 675.000 төгрөгийг, *** дугаартай дансаар 25.000 төгрөгийг нийт 700,000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилан амьдралын эх үүсвэр болгож, 18 удаагийн үйлдлээр нийт 28,686,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн М.М нь нийт 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдүүлж оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 28,686,200 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирлын хэмжээний талаар маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

1. Шүүгдэгч М.М- нь өөрийгөө Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-ээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлэн 4.015.000 төгрөг, Aser маркийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 08 сарын 18-ны өдөр М- гэх эмэгтэйтэй утсаар танилцсан. М гэх эмэгтэй өөрийгөө ОБЕГ-н хүний нөөц сургалт хариуцсан менежер гэж хэлсэн. Тэгээд манай ОБЕГ-т гал сөнөөгч, аврагч гэх ажлын мест байгаа гэж хэлэхээр нь би дүүгээ оруулчихъя гэж хэлсэн чинь М- болно бүртгэлийн хураамж 500,000 төгрөг тушаах хэрэгтэй гэж утсаар хэлсэн. Тэгээд би тэр өдрөө 500,000 төгрөгийг М- гэх хүний өгсөн *** гэсэн дансанд шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр М- надаас манай дүүгийн бичиг баримтыг аваад сургалт удахгүй эхэлнэ төлбөрийг *** дугаарын данс руу хийчих гэхээр нь 1,680,000 төгрөгийг тэр орой нь шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М над руу утсаар залгаад хөдөө явах гэж байна би хүний данс явуулъя чи 500,000 төгрөг зээлчих гэхээр нь итгээд  *** тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. М надаас байрны лизинг дутаад байна чи надад 200,000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би бэлнээр түүнд 200,000 төгрөг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр М утсаар залгаад мишок, аранзны мөнгө 240,000 төгрөг хэрэгтэй байна энэ данс руу явуул гээд *** тоот данс өгөхөөр нь шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахиж залгаад сургалтын төлбөр 200,000 төгрөг дутаж байна гэхээр нь дахиад  *** тоот дансанд шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М утсаар залгаад найз нь хөдөө явах болчихлоо 90,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь *** тоот дансанд шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр М утсаар залгаад миний бие өвдөөд байна мөнгө байна уу гэхээр нь 45,000 төгрөгийг 5057119063 тоот дансанд, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүүхдийн бие өвдөөд байна гэхээр нь 60,000 төгрөг шилжүүлсэн. Энэ хооронд манай дүүг ажилд  оруулж өгнө, удахгүй, сургалт хойшилсон гэх мэтээр намайг хуурсаар байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын дундуур зөөврийн компьютерыг чинь хэрэглээд өгнө гэж хэлж аваад буцааж өгөөгүй алга болсон. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би М-ийг худал хэлснийг мэдээд уулзаж цагдаад өгнө гэтэл битгий өгөөрэй найз нь удахгүй мөнгийг чинь өгнө зээл хөөцөлдөж байгаа дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна 500,000 төгрөг зээлчих гэхээр нь бэлнээр өгсөн ба нийт 4,015,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж авсан. Миний итгэлийг эвдэж, хуурч мэхлэн эд хөрөнгөөр минь хохироосонд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 10-15, 44-46 дугаар хуудас);

- Гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... би М-ийн М гэх эмэгтэйг 2017 оны 07 дугаар сарын сүүлээр таньдаг болсон. М өөрийгөө Онцгой байдлын Ерөнхий газар ажилладаг гэж байсан....М Онцгой байдлын Ерөнхий газарт аврагч, гал сөнөөгчөөр ажилд оруулах боломж байна гэж байсан. Тэр үед би Н-ийн гэрт амьдардаг байсан бөгөөд энэ талаар Н-д хэлсэн чинь би дүүгээ оруулчихмаар байна гэхээр нь М-тэй холбож өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 38-40 дүгээр хуудас);

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 17-24 дүгээр хуудас), “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 51-51 дүгээр хуудас),

- Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би худал хэлж Д.Н-ээс мөнгө авсан. Би энэ хохирлыг төлөх болно...” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (1хх-ийн 30-33 дугаар хуудас),

2. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-ээс Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхэд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,105,000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед  Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах ганцын буудал дээр М-тэй таартал М- надад онцгой байдлын сургуульд 4-5 хүн оруулах боломжтой байна танд оруулах боломжтой хүн байна уу” гэж асуухаар нь байгаа гэж хэлээд 3 хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлээд 1,105,000 төгрөгийг бэлнээр өгсөн. М- надад Хууль сахиулахын их сургуульд манай төрсөн ах байдаг талаар хэлж байсан. ...би М-ээс мөнгөө бүрэн гүйцэт авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-н 107-109 дүгээр хуудас);

- Хаан банкны орлогын мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас),

- Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...таксинд явдаг О эгчтэй урьд нь 2-3 удаа сууж явж байгаад танилцсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О эгчээс таньд сургуульд оруулах хүүхэд байна уу гэж асуусан. ...О эгч надад 3 хүүхэд байна гээд 1,042,000 төгрөгийг хүүхдүүдийн бичиг баримтын хамт авчирч өгсөн. Сургуульд орсны дараа үлдэгдэл мөнгийг өгнө гэж ярилцсан юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 131 дүгээр хуудас);

3. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн Шинэ буудал гэх газар иргэн Б.О-оос “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,540,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийгөө Хууль сахиулах их сургуулийн бүртгэл мэдээллийн ажилтан М- байна гэж танилцуулаад та хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа бол одоо ирж уулз гэхээр нь би 2017 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн Офицер гэх нэртэй газарт М гэх 30 гаруй настай эмэгтэйтэй уулзаад хүүгээ сургуульд оруулахаар бүртгүүлээд бүртгэлийн хураамж гэж 110,000 төгрөг, хувцасны мөнгө 485,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргааш нь М сургалтын төлбөрт 500,000 төгрөг хий гэсний дагуу *** дугаарын дансанд би хэлсэн мөнгийг хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Н-аас хүүхдийн сургалтын төлбөр гэж 1,405,000 төгрөгийг *** дугаарын дансанд хийлгэж авсан байсан. Дараа нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр Б-ын дэвтрийн мөнгө гэж 40,000 төгрөг нэхээд авсан. Нийт 2,540,000 төгрөг өгсөн, 110,000 төгрөгийг бэлнээр бусад мөнгөө дандаа *** гэсэн данс руу хийсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 163 дугаар хуудас);

- Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 152-154, 233 дугаар хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 218-223 дугаар хуудас);

4. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Ховд аймгийн  нутаг дэвсгэрт иргэн Д.У-ээс “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,195,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Э-оо сургуульд бүртгүүлэхээр *** дугаарын утас руу ярихад өөрийгөө ахлах дэслэгч М гэж танилцуулсан эмэгтэй хүн онцгой байдлын сургуульд бүртгэж байгаа гэсэн. Танай сургалт төлбөртэй юу гэхэд 1,380,000 төгрөгийн үнэтэй 380,000 төгрөг нь хувцасны мөнгө, танд хөнгөлөлт үзүүлээд 200,000 төгрөгийг нь хасаж байна та 1,180,000 төгрөг төлж болно гэсэн. 2017 оны 07 дугаар сарын 24-25-ны үед М гэх эмэгтэй хүүхдээ сургуульд оруулах юм бол төлбөрийнхөө талыг яаралтай хий 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сургалт эхэлнэ гээд мөнгө нэхээд байхаар нь 700,000 төгрөгийг *** дугаарын дансанд хийсэн. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 480,000 төгрөгийг бас *** дугаарын дансанд хүүхдийн сургалтын төлбөр гэж хийсэн. Тэгээд байж байтал М залгаад ёслолын хувцасны мөнгө 380,000 төгрөг дансанд хий гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 380,000 төгрөгийг *** дугаарын дансанд хийсэн. Байж байгаад М дахиад залгаад бүртгэлийн хураамжийн 110,000 төгрөг гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 110,000 төгрөгийг *** дугаартай дансанд хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкнаас бас *** дугаартай дансанд 400,000 төгрөг хийсэн ба манай хүү Э-оос пүүзний мөнгө гэж 85,000 төгрөг, дэвтрийн мөнгө гэж 40,000 төгрөг нийт 2,195,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-н 157 дугаар хуудас);

- Мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-н 140-142 дугаар хуудас);

5. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэн О.Б-аас “Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3,235,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Ц- ааваа та энэ хүнтэй утсаар яриад асуу гэхээр нь би *** дугаарын утас руу залгаж ярихад өөрийгөө хууль сахиулахын их сургуулийн онцгой байдлын ажилтан байна, танай хүүхдийг сургуульд офицероор оруулахаар болсон. Офицерын сургуульд бүртгэхэд 2,100,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** дугаарын дансанд 1,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг тус тус хийсэн. Дараа нь 2017 оны 08 сарын 03-ны өдөр гутал, хувцас аранзны мөнгө гэж 525,000 төгрөг, 2017 оны 08 сарын 06-ны өдөр бүртгэлийн хураамжийн 110,000 төгрөг, 2017 оны 08 сарын 16-ны өдөр танай хүүхэд эрүүл мэндийн үзлэгээр тэнцэхгүй байна гэхээр нь эмчид өгөх 250,000 төгрөгийг тус тус *** дугаартай данс хийсэн ба дараа 2017 оны 08 сарын 16-ны өдөр *** дугаарын дансанд ном дэвтрийн мөнгө гэж 100,000 төгрөг хийсэн. 2017 оны 08 сарын 23-ны өдөр ном дэвтэр, пүүзний мөнгө гэхээр нь *** дугаарын дансанд 150,000 төгрөг хийсэн ба нийтдээ 3,235,000 төгрөг өгсөн. У-ийн хүүхэд манай хүүхэд хоёр сургуульд орох гэж байгаад хоёулаа залилуулсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 160 дугаар хуудас);

- Хаан банкны орлогын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-н 145-149 дүгээр хуудас/,

6. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Т-аас “хүү Х.З-г нь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,310,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэх хүнтэй танилцахад Онцгой байдлын газарт ажилд оруулж сургалтад хамруулж өгнө гэхээр нь би өөрийн хүү Х.З-г тэр сургалтад нь хамруулж ажилд оруулах гэж М- гэх хүний *** дугаартай дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6-р бичил хороололд байрлах Хаан банкны салбарын АТМ-аас 110,000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг бүртгэлийн хураамж гэж надаас авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөн М-ийн данс руу 1,200,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж шилжүүлчхээд бичиг баримтаа надад тодорхой хугацаанд өгчих гэсэн. М надаас сургалтад хамруулах өөр хоёр, гурван эмэгтэй хүүхэд оруулаад өгөөч гэхээр нь асууж өгье гээд өөрийн охин Э-д хэлэхэд манай охин өөрийн таньдаг найзууд руугаа ярьсан байсан. Тэр найзууд нь М-ийн гар утасны дугаарыг нь өгчих гээд аваад өөрсдөө холбогдсон. М- тэр хүмүүсээс 2,000,000 төгрөгийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 41-42 дугаар хуудас);

- Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2хх-ийн 37, 46 дугаар хуудас);

7. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн иргэн М.М-тай утсаар холбогдож сургалтад хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Э утсаар залгаад Онцгой байдлын сургуульд орох эмэгтэй хүүхэд байна уу, оруулчхаад өгөх хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би М-ийн дугаарыг Э-гаас аваад М-тэй холбогдож ярьтал Онцгой байдлын ерөнхий газарт хүний нөөцийн ажилтан хийдэг, 2018 оны 02 сарын 20-нд сургалт нь эхэлнэ чи ямар сургууль төгссөн юм гэж асуухаар нь Батлан хамгаалахын их сургууль төгссөн гэтэл өө тийм үү 14 хоногийн түргэвчилсэн сургалтаар сургаад ажлын байраар хангана гэхээр нь боломжтой юм байна гэж бодоод хэдэн төгрөг хэрэгтэй бол гэтэл би ерөнхийдөө 1,200,000 төгрөг авдаг. Ар гэрийн амьдралаас хамаарч сургалтын төлбөрийг хөнгөвчилж болдог гэж байсан. Мөн бүртгэл хаагдах гээд байна гялс мөнгөө шилжүүл гэхээр нь 600,000 төгрөгийг хүргэн ахынхаа дансыг ашиглаад шилжүүлсэн. Гэтэл дахиад орох эмэгтэй найз байвал хэлээд оруул тэгвэл чиний төлбөрөөс 200,000 төгрөг хасаад 1,000,000 төгрөгөөр оруулж өгье гэсэн. Тэгэхээр нь би Д- гэх багийн найздаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 75-76 дугаар хуудас),

- Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (2хх-ийн 77 дугаар хуудас),

8. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн иргэн Б.Д-тэй утсаар холбогдож сургалтад хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,410,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай багийн найз М утсаар залгаад сургалтад суугаад шууд ажлын байран дээр гарах боломж байна. Чи тэр хүнтэй нь утсаар яриад мөнгө төгрөгийг нь өгөөд орох уу би сая мөнгөө өгчихлөө гэхээр нь би М гэх хүний дугаарыг аваад залгаад сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм гэтэл хуралтай байна орой 17 цаг 30 минутаас хойш залга гэсэн. ...тэгээд 19 цагийн үед М залгаад 2 эмэгтэй хүн хэрэгтэй байгаа сургалтад суулгаад шууд ажлын байраар хангана, уг сургалт 2018 оны 02 сарын 20-ны өдөр эхэлнэ гэсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 710,000 төгрөгийг М-ийн *** дугаартай дансанд шилжүүлсэн. Тэгтэл чи олон ам бүлтэй учир сургалтын төлбөрийг чинь хөнгөлнө 1 саяын төлбөрийг чинь 800,000 төгрөг болголоо гэхээр нь би 100,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр өөрийн эгч О-ын дансаар шилжүүлсэн. Би өөрийн үеэл дүү болох М-ыг ажилд оруулах гэсэн юм аврагчийн ангид бол сайн байна гэтэл болно гэхдээ аврагчийн анги 1,500,000 төгрөгөөс доош төлбөр байдаггүй, 3 сарын сургалтад хамрагддаг гэж хэлсэн. Тэгэхээр нь М-ыг ажилд оруулж өгөх гээд 500,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Үүний өмнө М-ыг бүртгүүлэх хураамж гээд 100,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр авсан байсан. Надаас 1,410,000 төгрөгийг залилж авсан учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг  (2хх-ийн 79-80 дугаар хуудас);

- Хаан банк, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (2хх-ийн 81-83 дугаар хуудас);

9. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Төв аймгийн иргэн Б.С-гаас ”хүү Б--г нь ахлагчийн курст сургаж, Онцгой байдлын газар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... зээ дүү Н-ээр дамжуулаад *** дугаарын утастай өөрийгөө М, Онцгой байдлын Ерөнхий газрын хүний нөөц сургалт хариуцсан менежер гэж танилцуулсан хүнтэй 2017 оны 08 сарын 25-26-ны үеэр ярьсан. Учир нь манай хүү Б Онцгой байдлын газар ажилд орох сонирхолтой байсан. М гэх хүнтэй утсаар холбогдох үед “дуудлага хүлээн авагч, хүний нөөц гэдэг хоёр ажлын байр байна, 1,500,000 төгрөгийн үнэтэй 3 сарын төлбөртэй сургалт эхлэх гэж байна. Бүртгэсэн байсан нэг хүн ирэх боломжгүй болчихлоо, танай хүүхдийг оруулах боломжтой. Төлбөр нь 1,000,000 төгрөг, хувцасны мөнгө 500,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнтэй холбогдож байгаад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 250,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг тус тус Хаан банкны *** дугаарын данс руу өөрийн Мобайл банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 247-248 дугаар хуудас);

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3хх-ийн 4 дүгээр хуудас);

10. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд иргэн Ц.Г-ээс “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,648,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие М-ийн өгсөн *** гэсэн данс руу М-ийг мөнгө шилжүүл гэсэн үед дараах мөнгийг шилжүүлсэн. Үүнд: Х-гийн Ц-ийн Хаан банкны виза картыг түр гуйж авч мөнгө шилжүүлсэн. Би Х.Ц-ийн виза картыг авч Хаан банкны Яармаг худалдааны төвд байрлах АТМ-д очиж виза картыг хийж уншуулан эхлээд 335,000 төгрөгийн орлого хийж, энэ данснаас М-ийн *** дугаартай данс руу 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ “А-” гээд мөн өөрийнхөө утасны дугаар болох “***" дугаарыг тэмдэглэсэн. Би М-ээс гүйлгээний утгад юу гэж бичих үү гэхэд сургуульд оруулах охиныхоо нэрийг бичиж өөрийнхөө утасны дугаарыг бичээрэй гэж хэлсэн. Түүний дагуу ингэж тэмдэглэсэн. Энэ мөнгийг М надаас авахдаа хүүхдийн хувцасны мөнгө гэж хэлсэн. Хоёр дахь удаад М надад сургалтын төлбөр 500,000 төгрөг асуухаар нь би байгаа 150,000 төгрөгөө шилжүүлэх үү гээд шилжүүлсэн. Энэ удаад надтай хамт “***“ ХХК-ийн 144-р шатахуун түгээх станцын салбарт хамгаалагч түгээгчээр ажилладаг Б-гийн Б-ын Хаан банкны виза картыг түр гуйж авч М-ийн хэлсэн *** дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлгийн утга хэсэгт “А ***” гэж тэмдэглэсэн. Энэ өдөр 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 19 минут байсан. Гурав дахь удаад М нь сургалтын төлбөрийн үлдэгдэл гээд нэхэж шаардахаар нь бэр эгч Х-гийн Ц-ийн Хаан банкны виза картыг авч 2018 оны 4 сарын 19-ний өдөр 17 цаг 15 минутын үед очиж М-ийн *** данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утгад “А ***” гэж бичсэн. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгийг шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн “С-” хорооллын автобусны буудлын ар талын Хаан банкны АТМ-аас Х.Ц-ийн виза картаар М-ийн *** данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга хэсэгт “А- ***” гэж бичиж тэмдэглэсэн. М- надад байранд оруулж өгнө ордерын төлбөрт 76,000 шаардлагатай байна гэхээр нь 2018 оны 5-р сарын 1-ний өдөр 14 цаг 45 минутын үед Х.Ц-ийн Хаан банкны виза картаас М-ийн *** данс руу 76,000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга хэсэгт “***” гэж тэмдэглэсэн. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр М- нь шинжилгээний мөнгө өгөх ёстой гээд мөнгө нэхэхээр нь миний ажиллаж байсан *** шатахуун түгээх 144-р станцын эрхлэгч Б-гийн хаан банкны виза картыг гуйж авч М-ийн хэлсэн *** данс руу 150,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга хэсэгт “***” гэж өөрийнхөө утасны дугаарыг тэмдэглэсэн. 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Х-гийн Ц-ийн Хаан банкны виза картыг түр гуйж авч М-ийн *** дугаартай данс руу 100,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга хэсэгт “***” гэж тэмдэглэсэн. 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр М- надад бензингүй болчихлоо бензиний мөнгө өгөөч гэж гуйхаар нь хамт ажилладаг Б-гийн Б-ын Хаан банкны виза картыг гуйж аваад М-ийн *** данс руу 20,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утгад “***” гэж бичиж тэмдэглэсэн. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д-ийн Д-гийн Хаан банкны виза картыг түр гуйж авч М-ийн *** данс руу 149,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг М- авахдаа надад мөн л хүүхдийг Онцгой байдлын сургуульд оруулахад төлөх төлбөр гэж авсан. Би гүйлгээний утга хэсэгт өөрийн утасны дугаар болох “***” гэсэн дугаарыг тэмдэглэсэн. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д-ийн Д-гийн Хаан банкны виза картыг түр гуйж авч М-ийн *** данс руу 56,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг авахдаа М- сургалтад орж байгаа хүүхдүүдийн ар гэрийн байдлыг харгалзан үзээд хүнсний талонд оруулж өгнө, хүнсний талонд оруулахад шаардлагатай төлбөр гэж авсан. Гүйлгээний утга хэсэгт ‘***” гэж тэмдэглэсэн. 2018 оны 5-р сарын 26-ны өдөр М- нь танай нөхрийг Шар хадны эмнэлэгт хэвтүүлж өгнө, хэвтүүлэхийн тулд нийгмийн даатгалын дэвтэр бөглөсөн байх ёстой, нийгмийн даатгалын дэвтрийн хураамжийн мөнгө, эмнэлгийн төлбөрт нийт 310,000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэр Д-ийн Д-гийн Хаан банкны виза картад эхлээд 310,000 төгрөгийн орлого хийж, дараа нь М-ийн *** данс руу 310,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга хэсэгт “***;” гэж тэмдэглэсэн болно. М- нь урьд өмнө надтай утсаар ярьж байхад та юу хийдэг, танай нөхөр юу хийдэг юм бэ гэж асуухад би өөрийгөө “***” ХХК-ны ШТС-д түгээгч хийдэг, манай нөхөр сахрын өвчтэй, харвалт өгсөн гэж ярьж байсан. Дараа нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр М- утсаар залгаж бас л мөнгө төлөх шаардлагатай гэж итгүүлэн 152,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би танил эгч Ц-ийн О-ын Хаан банкны виза картыг түр гуйж авч М-ийн *** дугаарын данс руу 152,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга хэсэгт “***” гэж тэмдэглэсэн. Би дээр хэлсэн 12 удаагийн шилжүүлгийг нэмэхэд М-т нийт 1,648,000 төгрөг шилжүүлгээр өгсөн…Манай хамгийн том ах Б-ын эхнэр С-н О гэх хүн надад М-ийн талаар хэлсэн. С.О надад энэ М гэх хүн манай хүүхдийг Онцгой байдлын сургуульд оруулах гэж байгаа юм. Чи хүүхдээ Онцгой байдлын сургуульд оруулахаар бол энэ хүнтэй утсаар ярихгүй юу гэж *** гэсэн дугаар өгсөн. М надад өөрийгөө Э гэж танилцуулсан. Би М-тэй биеэр уулзаж байгаагүй. М- надад Онцгой байдалд ажилладаг, шинжээчээр ажиллуулна, ахмад цолтой гэж ярьдаг байсан. Мөн надаас өөр ажилд орох хүн байна уу гэж асууж  байсан. Тэгээд би таньдаг танил Ц-т энэ талаар хэлж М-ийн утасны дугаарыг өгсөн. Надад ингэж худал ярьж олон удаа мөнгө авч хохироосонд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 169-171 дүгээр хуудас);

- Мөнгөн шилжүүлгийн баримтууд (3хх-ийн 236-239 дүгээр хуудас), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4хх-ийн 20, 23, 24, 27, 28, 31, 34 дүгээр хуудас);

11. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд иргэн Д.Д-гаас “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 815,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би М-т хоёр удаа мөнгө шилжүүлсэн. Эхлээд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хувцасны болон шинжилгээний мөнгө 680,000 төгрөг шилжүүлээрэй гэж Хаан банкны *** дугаартай данс өгсөн. Би энэ өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвд байрлах Хаан банкны АТ-ээр өөрийн нэр дээрх Хаан банкны виза картаар М-ийн *** дугаартай данс руу 680,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр М над руу утасдаж үнэмлэхийн мөнгө, нийгмийн даатгалын мөнгө гэж нийт 135,000 төгрөг нөгөө данс руу шилжүүлчих гэж хэлсний дагуу өөрийн данснаас М-ийн *** дугаартай данс руу 135,000 төгрөг шилжүүлсэн. Би М-т нийт 815,000 төгрөгийг шилжүүлэн өгч залилуулсан. М- намайг Онцгой байдлын жижүүрийн албанд оруулж өгнө гэж итгүүлж дээрх мөнгийг авсан ...” гэсэн мэдүүлэг”  (3хх-ийн 176-177 дугаар хуудас);

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3хх-ийн 241 дүгээр хуудас);

12. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд иргэн Д.Ц-ээс “Онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,185,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г- эгч Онцгой байдлын ерөнхий газарт ажилд орох уу, энд нэг хүн ажилд оруулж чадна гэж хэлсэн гэсний дагуу би Г-т өөрийн утасны дугаарыг өгсөн. М- нь миний *** гэсэн дугаар луу *** гэсэн дугаараас залгаж надтай ярьсан. М- надад өөрийгөө ахмад цолтой М- гэж танилцуулж, таныг ажилд оруулна, эхлээд хувцасны хэдэн төгрөг авдаг юм гэж хэлсэн. Би түүний үгэнд итгэж М-ийн өгсөн дансанд дараах мөнгийг шилжүүлсэн болно. Үүнд: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хувцасны мөнгөнд 495,000 төгрөг шилжүүл гэхээр нь ээж Ядамын Д- Төрийн банкнаас тэтгэврийн мөнгө авахдаа М-ийн *** гэсэн дансанд бэлнээр 495,000 төгрөг тушаасан. Мөнгө шилжүүлсэн баримтын утгад “Ц-ээс ***" гэж тэмдэглэсэн. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр М- нь сургалтын төлбөрт хөнгөлөөд 550,000 төгрөг тушаарай гэсний дагуу ээж Я.Д-гийн Хаан банкны *** гэсэн данстай виза картаас М-ийн *** данс руу 150,000 төгрөгийг АТМ-аар шилжүүлсэн. ...шилжүүлгийн утгад “***” гэж тэмдэглэсэн. 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр сургалтын төлбөрийн үлдсэн мөнгөнд 200,000 төгрөгийг ээж Я.Д-гийн Хаан банкны *** гэсэн данстай виза картаас М-ийн *** данс руу шилжүүлсэн. ...шилжүүлгийн утга гэсэн хэсэгт “***” гэж тэмдэглэсэн. М- нь шинжилгээ хийлгүүлнэ, нэг шинжилгээ 20,000 төгрөг, 13 төрлийн шинжилгээ хийлгүүлнэ, 260,000 төгрөг шилжүүл гэхээр нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ээж Я.Д-гийн Хаан банкны *** гэсэн данстай виза картаас М-ийн *** данс руу 260,000 төгрөгийг шилжүүлсэн. ...шилжүүлгийн утга гэсэн хэсэгт “Ц-ээс ***” гэж тэмдэглэсэн. Дараа нь М- хоолны мөнгө 150,000 төгрөг төлөх ёстой юм би тэрийг өөрөө аргалчихлаа гэж хэлснээ дахин залгаад төлсөн 150,000 төгрөгөөс 80,000 төгрөг нь хүний мөнгө байсан тэрийг одоо шилжүүлчих гэхээр нь 2018 оны 6-р сарын 17-ны өдөр ээж Я.Д-гийн Хаан банкны *** гэсэн данстай виза картаас М-ийн *** данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн. ...шилжүүлгийн утга гэсэн хэсэгт “***” гэж өөрийнхөө утасны дугаарыг бичиж шилжүүлсэн. Би М- рүү нийт 1,185,000 төгрөг шилжүүлсэн...”  гэсэн мэдүүлэг (3 дугаар хх-н 181-182 дугаар хуудас);

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд (3хх-ийн 243-244 дүгээр хуудас);

13. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн иргэн Р.Э-гаас “хүү М-ыг нь Онцгой байдлын ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Р.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед тэр эмэгтэй хүнтэй ярьсан чинь надаас бүртгэлийн хураамж 140,000 төгрөг шилжүүлчих гээд *** гэсэн Хаан банкны дансны дугаар өгсөн. Би тухайн үед том хүү Г.М-ын данснаас 140,000 төгрөгийг тэр хүний данс руу шилжүүлсэн. Орой дахиад *** тоот данс руу төлбөрийн мөнгө яаралтай шилжүүлчих гээд байхаар нь 1,150,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. ...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *** дугаарын данс руу 195,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** дугаарын данс руу байшингийн ордерын мөнгө шилжүүлчих, танай хүүхдэд байр олгох гэж байна гэж хэлээд 70,000 төгрөг авсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг бас шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 25,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гадаадаас хүмүүс ирж байна бүртгүүлсэн бүх хүмүүсээс 125,000 төгрөг хурааж байна та яаралтай шилжүүл гэж хэлэхээр нь би шууд шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 95,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 80,000 төгрөг,  2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 80,000 төгрөг,  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 140,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг тус тус авсан. Нийт 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн...”  гэсэн мэдүүлэг (4хх-ийн 103-104 дүгээр хуудас),

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4хх-ийн 135-137 дугаар хуудас),

- Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Онцгой байдлын албанд оруулна гээд байхаар нь бид итгээд мөнгөө шилжүүлээд байсан. Би мөнгө шилжүүлээд байсан хүнээ танихгүй надтай утсаар ярихдаа М- гэж танилцсан. Хаан банкны *** тоот данс руу мөнгөө шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 116-117 дугаар хуудас);

14. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн иргэн Б.О-аас “Онцгой байдлын газарт  ахлагчаар ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1,573,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

 - Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байна уу 18-ны өдөр над руу фейсбүүк чатаар А.Ш- “чи Онцгой байдлын газарт ахлагчаар ажилд орох уу орохоор бол *** дугаарын утсаар холбогдоорой” гэсэн мессеж үлдээсэн байсан. Би тэр өдрөө *** дугаарын утсаар ярихад би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг ахлагчийн бүртгэлийн хураамж гээд 140,000 төгрөг явуулчих гээд *** гэсэн дансны дугаар өгөхөөр нь би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 140,000 төгрөгийг хүний данснаас шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай охин нас барчихлаа чи над руу бололцоогоороо мөнгө шилжүүлээч гэхээр нь би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрт байсан 27,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 7000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 65,000 төгрөгийг,  2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 30,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 160,000 төгрөгийг, 100,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20,000 төгрөгийг, 160,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 75,200 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 80,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 56,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 35,000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэж мөнгө авахдаа хувцасны мөнгө, дотроо ороод анги сонгох мөнгө, хээрийн бэлтгэлд гарахад хоолны мөнгө, хээрийн бэлтгэлд гарах хураамж, нөхөр нас барсны 3 жил болж байна мөнгө өгөөч, байрны сугалааны мөнгө гэж аваад сугалаанд намайг түрүүлсэн байртай болж байгаа урьдчилгаа мөнгө, ордерын мөнгө гэх мэтчилэн их, бага хэмжээгээр нэхэж авсаар байгаад нийт 1,573,200 төгрөгийг М.М-т өгсөн...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 107-108 дугаар хуудас);

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4хх-ийн 148-155 дугаар хуудас),

15. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэн Б.Н-аас “Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 770,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтуяа эгчтэй холбогдоход чи Онцгой байдлын газарт ажилд орох уу гэж асуухаар нь тэгье гэж хэлсэн.  ...*** дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад сайн байна уу намайг М- гэдэг би Онцгой байдлын газар ажилд оруулах хүн байна. Би сүүлийн нэг хүнээ оруулах гэж байгаа юм таныг орно гэж надад дугаарыг чинь өгсөн. Баянзүрх дүүрэгт ажиллах боломж байхгүй хүний орон тоо нь дүүрсэн, би Сүхбаатар дүүрэгт ажлын байр захиалсан. Та орохоор бол бүртгэл төлбөр нь гээд эхний ээлжид 50 хувь болох 700,000 төгрөгийг шилжүүл гээд *** дугаарын данс өгөөд М- гэж данс гарна наад данс руугаа хийчих” гэж хэлэхээр нь би хувь хүний данс байна шүү дээ байгууллагын данс байхгүй юм уу гэхэд хамаагүй наад данс руугаа хийж болно гэж хэлсэн. Би мөнгийг нь тэр өдөрт нь буюу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тушаасан. Би өөрийн данснаас 4 удаа тасалж явуулсан. М- надад хэлэхдээ сургалтад гарах мөнгө 85,000 төгрөг, хувцасны мөнгө 195,000 төгрөг, төлбөрийн 50 хувь гээд 350,000 дахиад юу гэж хэллээ 140,000 төгрөг нийт 770,000 төгрөг болж байгаа. Энэ бол төлбөрийн 50 хувь шүү чамайг хамгийн сүүлийн хүн гээд хөнгөлөлт үзүүлж байгаа юм гэсэн. Энэ өдрөөс хойш хэд гэдгийг нь мэдэхгүй байна над руу залгаад дахиад мөнгө хэрэгтэй байна сургалт нь 2 ээлжийн хувцастай чи 195,000 төгрөг нэмээд явуул гээд байсан. Тэгээд ер нь худлаа юм шиг санагдаад би мөнгө нэмж шилжүүлээгүй...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 111-112 дугаар хуудас);

- Мөнгөн шилжүүлгийн баримтууд  (4хх-ийн 158-159 дүгээр хуудас);

16. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр онцгой байдлын албанд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.Б-гаас 1,450,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Б.Б-гийн “...Би Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2016 оноос 2017 онд гэрээт цэргийн албан хаагчаар ажиллаж байсан юм. Алба хааж байх хугацаандаа М МБ гэсэн хаягаас надад найз болох хүсэлт илгээхээр аваад бид хоёр сар орчмын хугацаанд чатаар харьцсан. Энэ хугацаанд М гээд эмэгтэй онцгой байдлын газар ажилладаг чат бичихдээ ихэвчлэн ажил дээрээ жижүүртэй хонож байна гэж хэлдэг байсан. Сүүлд Дархан Уул аймгийн онцгой байдлын газарт хүний нөөцийн ажилтан болж дэвшин ажиллаж байх хугацаанд онцгой байдлын газарт ажилд орооч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ажилд оръё хэдэн төгрөг болох юм гэж асуухад эхний ээлжид 700,000 төгрөг өгчих гэсэн. Миний хувьд энэ хүнд итгээд онцгой байдлын албанд ажилд оръё гэж бодоод өөрийн  хүсэлтээр гэрээт цэргийн албанаас халагдах хүсэлт гаргасан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээт цэргээс халагдаж гарсан өдрөө онцгой байдлын албанд ажилд орохоор болоод М буюу Мгэж хүний Хаан банкны *** дугаарын  данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн чинь нэмээд 300,000 төгрөг хийчих гэхээр нь шилжүүлсэн. Үүний дараа дахиад хувцасны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь М буюу М гэж хүнтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын орчим уулзаад 200,000 төгрөгийг нь түүний данс руу шилжүүлээд 250,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би М гэж хүнээс өөрийн 1,450,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5 хх-ийн 191-192 дугаар хуудас);

- Хаан банкны дансны хуулга (6хх-ийн 27 дугаар хуудас);

17. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн Найрамдал *** тоотод оршин суух иргэн О.Э-г Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 365,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд М- гэх хүнтэй утсаар холбогдож Солонгос улсын виз гаргаж өгнө гэхээр итгэж 365,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл тэрнээс хойш гар утас авахаар больсон Фейсбүүк сайтад Солонгос улсын виз 10 хоногийн дотор 600,000 төгрөгөөр гаргаж өгнө гэж *** дугаарын утастай зар байршуулсан байсан. Тэр дугаарын утсаар холбогдоход надад өөрийгөө М- гэдэг Элчин сайдын яаманд ажилладаг гэж танилцуулж 10 хоногийн дотор Солонгос улсын виз гаргаж өгнө урьдчилгаа 300,000 төгрөгийг өгчих гэж хэлэхээр би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 5946189835 тоот данснаас 150,000 төгрөгийг *** гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 10 дугаар сарын 04-ний өдөр ТүмэнД- гэж хүний *** гэсэн данс руу өөрийн *** тоот данснаасаа 65,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (7хх-ийн 41 дүгээр хуудас);

- Хаан банкны дансны хуулга (7 хх-ийн 87-93, 96,109 дүгээр хуудас), Хаан банкны тодорхойлолт (7хх-ийн 94 дүгээр хуудас);

18. 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 2019 оны 10 дугаар сарын 30-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Р.М-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн “Хаан” банкны *** дугаартай дансаар 675,000 төгрөгийг, *** дугаартай дансаар 25,000 төгрөгийг нийт 700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн талаарх нотлох баримтууд:

- Хохирогч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай найз А над руу 2019 оны 10 дугаар сард залгаад намайг хүн Онцгой байдалд ажилд оруулах гэж байгаа, чи орох уу гэхээр нь тэгье гэдгээ хэлэхэд удалгүй М- эмэгтэй над руу залгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод бэлэн байж байгаад хувцас хунараа авч 11 дүгээр сарын 01-ээс сургалтад сууж ажиллах болно гэж ярьсан. Маргааш над руу М- залгаад Сургалтын батламжийн мөнгө 250,000 төгрөг шилжүүлчих гээд *** дугаарын данс өгөхөөр нь 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь хэд хоногийн дараа дахиж залгаад аранзны мөнгө 130,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 130,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Бас хэд хоногийн дараа залгаад хоолны мөнгө 30,000 төгрөг өгчих гэхээр нь мөн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд бас утсаар залгаж сургалтын төлбөр 250,000 төгрөг шилжүүлчих гэхээр шилжүүлсэн,  мөн хүссэнээр нь 15,000 төгрөгийг шилжүүлсэн. Би М-ээс нийт 620,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг (7 хх-ийн 11 дүгээр хуудас)

- Гэрч М.А-ын”...2020 оны 10 дугаар сарын эхээр фейсбүүк орж байгаад ээжүүдийн групп дээрх ажлын зартай холбоотой нэг пост дээр М- Мөөгий гэсэн хаягаас “Төрийн албан хаагчийн ажилд зуучилж оруулж өгнө” гэсэн коммент байхаар нь тэр хаяг руу чат бичээд утасны дугаарыг аваад холбогдсон. Ярихад өөрийгөө М- гэж танилцуулаад Би өөрөө Завхан аймгийн Онцгой байдалд ахлах дэслэгч цолтой ажилладаг чи өөр найзыгаа ажилд оруулбал чамайг үнэ төлбөргүй оруулж өгнө гэхээр нь найз Р.М-т “Төрийн албанд ормоор байвал ийм нэг ажилд оруулж өгдөг хүн байна хоёулаа хөөцөлдөх үү” гэж хэлэхэд зөвшөөрөөд утасных нь дугаарыг авсан. Удалгүй М- над руу залгаад 250,000 төгрөг өг гэж байна тэрийг нь явууллаа гэж хэлсэн. Дараа нь дахиж над руу залгаад Аранзны мөнгө 130,000 төгрөг шилжүүлчих гэж байна гэж ярьсан. М- Нийслэлийн Онцгой байдлын газар дээр 10 цагт ир гэсний дагуу явж очих гэж байхад Модны 2 дээр хүрээд ир гэхээр нь явж очоод уулзахад худлаа юм шиг санагдахаар нь цагдаад өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлэг (7хх-ийн 19 дүгээр хуудас);

- Хаан банкны дансны хуулга (7хх-ийн 21-23, 36 дугаар хуудас); 

- Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О эгчид танай дүүг Онцгой байдлын сургуульд оруулж өгч чадна надад нэг сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,042,000 төгрөгийг авсан. Уг мөнгөөр би өөрийн түрээсэлж байсан байрны түрээс, цахилгаанаа төлөөд үлдэгдэл мөнгийг нь үрээд дуусгасан. ...би Д гэж найзынхаа нэрийг бариад өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн.

Би 2017 оны 07 сард зүс таних А-ын найз нь гэх Ц-тай танилцсан. Ц-т өөрийгөө Онцгой байдлын газарт хүний нөөцийн мэргэжилтэн гэж хэлсэн. Тэгээд чи надад эхний ээлжид 1 сая төгрөг өгвөл сургуульд оруулж өгөх боломж байна гэсэн. ...тэгээд аав Б- нь над руу залгаад асуухаар нь би оруулж өгч чадна гээд өөрийн *** дугаарын дансанд 1,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр авсан, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2017 оны 08 сарын 03-ны өдөр аранз, гутлын мөнгө гэж 525,000 төгрөг, 2017 оны 08 сарын 06-ны өдөр 110,000 төгрөг, 2017 оны 08 сарын 16-ны өдөр эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй гээд 250,000 төгрөг, мөн энэ өдрөө ном дэвтрийн мөнгө гэж 100,000 төгрөг авсан, 2017 оны 08 сарын 23-ны өдөр пүүзний мөнгө гэж 150,000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Би Б-аас авсан 3,235,000 төгрөгөөр өөр байранд ороод, үрээд шоудаад л дуусгасан.

Э-ын ээж У- гэх эмэгтэй утсаар залгаад манай хүүг оруулж өгч чадна гэвэл эгч нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь чадна аа 45 хоногийн  ахлагчийн сургуульд оруулна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 480,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 380,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 110,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Би У-ээс худал хэлж 2,195,000 төгрөг авсан. Уг мөнгийг Дархан-Уул аймгийн шүүхээр 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шийтгүүлсэн хэргийн хохирлын 2,300,000 төгрөгт өгсөн.

Энэ хугацаанд Ц, Э 2-ын найз Б гэх залуу утсаар залгаад би бас Онцгой байдлын сургуульд 2 найзтайгаа хамт ормоор байна гэж хэлэхээр нь болно оо гэж хэлсэн. ...тэгээд ээж О гэх эмэгтэйтэй уулзсан өдөр болох 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувцасны мөнгө гэж 110,000 төгрөгийг бэлнээр, бүртгэлийн хураамжийн мөнгө гээд 485,000 төгрөгийг дансаараа авсан. 2017 оны 08 сарын 10-ны өдөр сургалтын төлбөр гээд 500,000 төгрөгийг авсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сургалтын төлбөрийн үлдэгдэл гээд 1,405,000 төгрөг авсан. 2017 оны 08 сарын 23-ны өдөр дэвтрийн мөнгө гэж 40,000 төгрөг авсан. Ингээд би О гэх хүнээс 2,540,000 төгрөгийг авсан. Уг мөнгөөр Дарханы хэргийн үлдэгдэл хохирлоо өгсөн, мөн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ц-д 1,200,000 төгрөг өгсөн. Энэ явдлаас хойш хэрэг хийхгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зүс таних Э гэх залуугаар дамжуулж Т гэх хүнтэй танилцсан. Т над руу утсаар залгаад М- мөн үү манай хүү З-г Онцгой байдлын сургуульд оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийг нь оруулж өгнө бүртгэлийн хураамж 110,000 төгрөг авсан, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж авсан. Т-аас би 1,310,000 төгрөг авсан.

М- гэх эмэгтэй Батлан хамгаалахын их сургууль төгссөн гэхээр нь би тэгвэл 14 хоногийн сургалтад суулгаад төгсөх боломж байна чи 600,000 төгрөг шилжүүлчих гэтэл над руу 600,000 төгрөг шилжүүлсэн. ...тэгээд байж байтал Д- гэх эмэгтэй залгаад би элсэх гэсэн юм гэхээр нь болно яаралтай мөнгөө хий, бүртгэл дуусах гээд байна гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 710,000 төгрөгийг өөрийн *** тоот дансанд авсан. Тэгээд сургалтын төлбөрийг чинь хөнгөллөө чи одоо 100,000 төгрөг шилжүүл гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Д- өөрийн үеэл дүүгээ аврагчийн ангид оруулах гэсэн юм гэхээр нь төлбөр нь 1,500,000 төгрөг байдаг юм гэтэл  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би Д-гээс нийт 1,310,000 төгрөг авсан. Би энэ хүмүүсээс нийт 3,220,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр Төв аймгийн шүүхээр орсон хэргийн хохирлыг барагдуулсан. Өмгөөлөгчөөр орсон Энхтуяад 1,500,000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь үрээд дуусгасан. Би энэ хэргүүдийг ганцаараа үйлдсэн надтай хамтран гэмт хэрэг хийсэн хүн байхгүй.

2019 оны 10 дугаар сард өөрийн найз болох А-ын *** дугаарын утас руу нь залгаад Онцгой байдалд орон нэг хүн олоод өгөөч гэхэд найз нь эргээд яръя гэсэн. Тэгээд орой М- гэх хүн *** дугаарын утсаар залгаад би А-ын яриулсан хүн байна намайг сургуульд оруулж өгөх чадах юм уу гэхээр нь чадна 700,000 төгрөгөөр оруулж өгье 130,000 төгрөг аранзны мөнгө байгаа юм гэхэд би тасалж хийе гэхээр нь өөрийн Хаан банкны *** дансны дугаараа өгсөн. Тэр дороо миний данс руу 250,000 төгрөг орж ирсэн. Тэр өдрөө удалгүй бас 250,000 төгрөг М-ээс шилжиж ирсэн. Хэд хоногийн дараа М- над руу залгаад аранзны мөнгө 130,000 төгрөг хийчихлээ шүү гэж хэлэхэд миний данс руу 130,000 төгрөг шилжин ирсэн. Би хэд хоногийн дараа М- рүү залгаад надад мөнгөний хэрэг гараад байна 30,000 төгрөг зээлээч гэхэд нь зөвшөөрөөд миний данс руу 30,000 төгрөгийг явуулсан.  Дараа 15,000 төгрөг зээлчих гэж хэлээд мөн шилжүүлж авсан. Би М-ээс авсан нийт мөнгөө өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 87-89, 7хх-ийн 39-40 дүгээр хуудас);

- “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна миний хийсэн гэмт үйлдэл мөн учраас хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг  (4хх-ийн 214-215 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 45 дугаар хуудас), Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2хх-ийн 101 дүгээр хуудас), Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 119 дугаартай тогтоол (6хх-ийн 221 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.М нь өөрийгөө “Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг” хэмээн танилцуулж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг, “сургуульд оруулна, ажилд оруулна” хэмээн худал амлаж байгаа нь хуурсан шинжийг тус тус хангаж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид шинээр хуульчилсан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онцлон хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн хувийн хэрэгцээ болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг хонжоо олох үндсэн хэрэгсэл болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч М.М-ийн хувьд “залилах” гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 2 жил 2 сар гаруйн хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн хийгээд хэвшмэл маягтай үйлдлээр байнга үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг Улаанбаатар хотод байр түрээслэн амьдрах болон хоол хүнсний зардалд зарцуулж, зарим хэсгийг өмнөх хохирлоо төлөх байдлаар өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд ашиглаж, бусад хэсгийг найз нөхөдтэйгөө наргиж цэнгэн өөрийн хүсэл таашаалаар үрэн таран хийсэн байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд шүүгдэгч М.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэр хэмжээний талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.М-ийг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М- нь нийт 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэхдээ бусдад нийт 28,686,200 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Т.О, Б.С нарын хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч М.М-ээс нийт 25,961,200 (хорин таван сая есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан хохирогч Д.Н-д 4,285,000 төгрөг, хохирогч Б.О-д 2,540,000 төгрөг, хохирогч Б.У-т 2,195,000 төгрөг, хохирогч О.Б-т 3,235,000 төгрөг, хохирогч М.Т-т 1,310,000 төгрөг, хохирогч М.М-д 600,000 төгрөг, хохирогч Б.Д-д 1,410,000 төгрөг, хохирогч Ц.Г-т 1,648,000 төгрөг, хохирогч Д.Д-д 815,000 төгрөг, хохирогч Д.Ц-т 1,185,000 төгрөг, хохирогч Р.Э-д 2,500,000 төгрөг, хохирогч Б.О-ад 1,573,200 төгрөг, хохирогч Б.Насан-жаргалд 770,000 төгрөг, хохирогч Б.Б-д 1,450,000 төгрөг, хохирогч Р.М-т 80,000 төгрөг, хохирогч О.Э-д 365,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 5 сарын хорих ял оногдуулах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 5 сар хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Нэр бүхий хохирогч нарт 25,961,200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Шүүгдэгч нь 419 хоног цагдан хоригдсон, үүнийг эдлэх ялаас хасаж тооцох, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...М- нь 1996 онд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 21 настай байсан. Хэдийгээр насанд хүрсэн боловч төлөвшөөгүй, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож ухамсарлах чадваргүй насандаа гэмт хэрэгт өртсөн байна. Тухайн мөнгийг өөрийн гэр ахуйд зарцуулаагүй харин өсвөр насны хөнгөмсөг занд хөтлөгдөж найз нөхдийнхөө хүрээнд зарцуулсан гэдгээ мэдүүлсэн.  Уг зүйл анги нь 5-12 жилийн хорих ялтай хүнд зүйл анги юм. Миний үйлчлүүлэгч М- нь хүнд амьдралтай, бага насны нэг хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд түүний ээж нь элэгний хорт хавдартай, бие нь хүндэрсэн байгаа. Иймд шүүгдэгчийн 3 настай охины хувь заяаг бодолцож ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон асуудал байх хэдий ч дундах үйлдэлдээ Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр шийтгүүлсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдэлсэн хугацааг хасагдуулан үлдсэн хугацааг хорих ял дээр нэмж тооцож өгнө үү...” гэв.

Шүүх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч М.М-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон хоригдохгүйгээр хэргээ шалгуулах, эцэслэн шийдвэрлүүлэх боломж олгосон боловч тэрээр 2019 оны 10 дугаар сарын 02-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд, 2019 оны 10 дугаар сарын 22-оос 30-ны хооронд Сонгинохайрхан дүүрэгт 2 удаагийн үйлдлээр дахин залилах гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироосон байх тул хэргийн энэхүү нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдалд харгалзан үзэх нь зүйтэй. 

Улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж үзээд анхан шатны шүүх шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд шүүгдэгч М.М- нь тэссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан 230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь тухайн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдалд тохирохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан нэг төрлийн ял болох хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг долоон жилээр тогтоож, тэрээр анх удаа хорих ял шийтгүүлснийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч М.М- нь нийт 418 (дөрвөн зуун арван найм) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-т зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг долоон жилээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон нийт 418 (дөрвөн зуун арван найм) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ээс нийт 25,961,200 (хорин таван сая есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуу) төгрөг гаргуулан хохирогч Д.Н-д 4,285,000 төгрөг, хохирогч Б.О-д 2,540,000 төгрөг, хохирогч Б.У-т 2,195,000 төгрөг, хохирогч О.Б-т 3,235,000 төгрөг, хохирогч М.Т-т 1,310,000 төгрөг, хохирогч М.М-д 600,000 төгрөг, хохирогч Б.Д-д 1,410,000 төгрөг, хохирогч Ц.Г-т 1,648,000 төгрөг, хохирогч Д.Д-д 815,000 төгрөг, хохирогч Д.Ц-т 1,185,000 төгрөг, хохирогч Р.Э-д 2,500,000 төгрөг, хохирогч Б.О-ад 1,573,200 төгрөг, хохирогч Б.Насан-жаргалд 770,000 төгрөг, хохирогч Б.Б-д 1,450,000 төгрөг, хохирогч Р.М-т 80,000 төгрөг, хохирогч О.Э-д 365,000 төгрөгийг тус тус олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.М-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.М-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА

                                

             ШҮҮГЧ                                       Б.ДАШДОНДОВ

 

                                                                М.МӨНХБААТАР