Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 44

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р баг, Гандангийн 4-5 тоотод оршин суух Хар үхэрт овогт Цэрэнгийн Цэрэндоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1956 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1972-1998 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчин, тоо бүртгэгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1972 оны 08-р сарын 25-аас 1975 оны 07-р сарыг хүртэл, 1978 оны 08-р сарын 01-ээс 1979 оны 06-р сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хар үхэрт овогт Цэрэнгийн Цэрэндорж нь 1972 оны 07-р сарын 25-аас 1975 оны 05-р сарын 18-ыг хүртэл, 1978 оны 08-р сарын 01-ээс 1980 оны 06-р сарын 10-ыг  хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 04-р сарын 21-ний өдрийн 99/15 тоот цалингийн лавлагаа /1972 оны 09-р сарын 01-ээс 1980 оны 06-р сарын 10-ыг хүртэлх хугацааны цалингийн бичилт бүхий/, 1972 оны 07-р сарын 25-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /Ц.Цэрэндоржийн 1972-1980 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бичилт бүхий/, гэрч Н.Гончигийн шүүхэд өгсөн: “Ц.Цэрэндорж нь 1972-1980 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1975 онд цэрэгт яваад 1978 оны 06-р сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн мал маллаж байсан. /үхэр суурь/. Тэр үед насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай л бол ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүн гэж байгаагүй. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор Ц.Цэрэндоржийн  ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1961-1997 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд тракторчин, дизельчнээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Довдондоржийн шүүхэд өгсөн: “Намайг 1974 онд Эрдэнэцагаан суманд очиход Ц.Цэрэндорж нь үхрийн 5-р бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Тэрээр 1975 онд цэрэгт явж, 1978 онд цэргээс халагдаж ирээд миний ахалж ажиллаж байсан хадлангийн салаанд тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Ц.Цэрэндорж нь 1972-1980 онуудад малчин, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Тэр үед ажилгүй хүн гэж байгаагүй, хөдөлмөрийн чадвартай л бол бүх хүн ажил хөдөлмөр эрхэлдэг үе байлаа. Тухайн баг, бригадад ажилгүй хүн байлгавал бараг хариуцлага тооцно, арга хэмжээ авна, заавал ажилтай байлга гэдэг хатуу дүрэмтэй байсан. Ц.Цэрэндоржтой нэг нутаг усанд, нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор Ц.Цэрэндоржийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1974-1994 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн тэжээл үйлдвэрлэлийн бригадын дарга, ерөнхий инженер, нэгдлийн дарга, компанын захирлаар ажиллаж байсан. Ер нь бол Эрдэнэцагаан суманд 20 жил ажил алба хашиж байсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хар үхэрт овогт Цэрэнгийн Цэрэндорж нь 1972 оны 07-р сарын 25-аас 1975 оны 05-р сарын 18-ыг хүртэл, 1978 оны 08-р сарын 01-ээс 1980 оны 06-р сарын 10-ыг  хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Ц.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хар үхэрт овогт Цэрэнгийн Цэрэндорж нь 1972 оны 07-р сарын 25-аас 1975 оны 05-р сарын 18-ыг хүртэл, 1978 оны 08-р сарын 01-ээс 1980 оны 06-р сарын 10-ыг  хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Ц.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА