| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2017/0000/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 16
-д холбогдох хэргийн талаар
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Д.Ариунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Г-д холбогдох 201507000113 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1967 онд төрсөн, 50 настай, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Г нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэн Э-ийн 15 000 000 төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г-н эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхийг дурдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэтрүүлэхийг дурдаж, Хэрэгт хураагдаж ирсэн улаан ягаан өнгийн толгойн хэсгийг дамнасан 5 ширхэг цагаан од, нэг ширхэг хар өнгийн од мэт хонхорхойтой хөөрөгний толгойг хохирогч З.Энэбишид буцаан олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э-н нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй зэргийг дурдаж, Энэ хэрэгт Г нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдөөгүй, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г давж заалдах гомдолдоо: Би Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэн Э-ийн халтар манан хөөргийг хулгайлж 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас тогтоогдохгүй байна. Уг хөөргийг миний бие хулгайлж аваагүй тул надад ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Г гэдэг хүн хохирогчийн хөөргийг хулгай хийж авсан гэж байгаа. Г хаана хэзээ энэ хүний хөөргийг авсан нь тогтоогдоогүй байгаа. Хулгайн гэмт хэрэг гэж нууц далд аргаар хүний эд зүйл авахыг хэлнэ. Гэтэл хохирогчийн хөөргийг хаанаас Г авсан нь тогтоогдохгүй байгаа. Гэрт нь очсон цагдаа нар хэлдэг очоод хаалгыг нь цохиход онгойлгоогүй цонхыг нь цохиход Г орон дээрээ хэвтэж байсан хөөрөг нь байна уу гэж асуухад эхлээд толгой сэгсэрсэн гэдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч шөнө 2 цагдаа очоод хаалгыг нь цохисныг мэдээгүй. Шөнө 2 цагдаа очоод асуухад миний ажлын цепэнд байгаа гэж хэллээ гээд. Г-г очихоос өмнө хэсгийн 2 цагдаа ажил дээр нь очоод цепийг нь онгойлгоод үзсэн байдаг. Тэгэхэд бол хөөрөг байгаагүй. Мөн хохирогч нь цагдаагийн эрүүлжүүлэх байранд ороход хамт орсон хүнийх нь бүх хувцасыг тайлаад шалгаад оруулсан байдаг. Гэтэл хохирогчийн хувцасыг нь ч тайлаагүй шалгаж оруулаагүй байдаг. Яагаад адилхан 2 хүн орж байхад нэгийн шалгаагүй юм бэ гэхээр хүчрэгдээгүй юмаа гэдэг. Мөн хохирогч өөрөө цагдаа нарыг анх очиход зугтаад явсан байгаа. Та тэр хугацаандаа хаана байж байгаад эргээд цагдаа дээр очсон юм бэ? гэхээр эмнэлгийн урд талд сууж байгаад мотоциклио авах гээд цагдаагийн байрны үүдэн дээр очсон гэдэг. Тэгэхээр хохирогч нь 2 цагдаагаас зугтаад хаагуур явж байгаад цагдаа дээр очсоныг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй бол сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож гомдолыг нь хангаж өгөөч гэсэн дүгнэлт оруулж байна. Мөн тухайн хөөргийг Г авсан гэдэг нь тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр хөөрөг нь хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Хавтаст хэрэгт хөөрөгний зураг байгаа. Тухайн зургийг хэн хаанаас хэзээ авсан нь тодорхой бус байгаа. Хохирогчид хэдэн төгрөгний хохирол учирсан нь тодорхой бус байгаа. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г-г цагаатгаж өгнө үү гэв.
Хохирогч Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г гэдэг хүн одоогоос 2-3 жилийн өмнө нутгийн золгуутанд явахдаа гуйгаад аваад явсан. Өмнө нь очиж авах гэтэл аймагт байгаа гэсэн. Дараа нь 05 дугаар сарын 25-нд очиж уулзахад үдээс хойш ирж ав гэсэн. Тэгээд 6 цагийн үед очиж авсан. Тамхилсан. Тэгээд надад архи өгсөн. Ах нэг тамхилчих гэхээр нь тамхилсан. Тэгээд миний хөөргийг дахиж өгөөгүй. Шар толгойт, Э гэж гэрч нар байгаа. Миний хөөрөг алга байна гэхэд цагдаа нар чиний хөөрөг Г байгаа гэж байна. Гэрт нь орж уулзлаа гэсэн. Миний хөөргийг Г гэдэг хүн авсан. Би гомдолтой байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрч тухайн үеийн Хөхморьт сумын цагдаа Б-н мэдүүлэг байдаг. Шар толгой, Э, Э нар Г-ын гэрийн үүднээс баригдаад цагдаад ирсэн байдаг. Миний дөчин сая төгрөгний үнэтэй хөөрөг алга байна гэхээр нь хэсгийн төлөөлөгч буцаад Г-нд ирдэг хаалгыг нь цохиход онгойлгоогүй цонхыг нь цохиход Г орон дээрээ хэвтэж байсан Э-ийн хөөрөг нь байна уу гэж асуухад эхлээд толгой сэгсэрээд надаа байгаа ажлын сепэнд байгаа гэж хэлээд цагдаа нарыг явуулсан байдаг. Энэ нь гэрч Б-ын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хөөргөө зарахаар Завхан аймаг руу явуулж байсан зургаа буцааж авсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр арван таван сая төгрөгөөр үнэлэгдсэн, Г гэдэг хүн одоогоос 2-3 жилийн өмнө нутгийн золгуутанд явахдаа гуйгаад аваад явсан өмнө нь очиж авах гэтэл аймагт байгаа гэсэн дараа нь 05 дугаар сарын 25-нд очиж уулзахад үдээш хойш ирж ав гэсэн тэгээд 6 цагийн үед очиж авахад нь дахин дахин тамхилсан байдаг. Тэгээд энэ хүний хөөрөгний даалин нь өвөрт нь байж байдаг. Гэтэл хөөрөг нь байхгүй байсан. Тэгэхээр хаягдах ямар ч үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Г нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Э-н халтар манан хөөргийг хулгайлж түүнд 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байна.
Энэ нь хохирогч Э-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Миний хөөргийг 2015 оны 03 сарын 26-нд хот руу нутгийн золгуутанд аваад явъя гэхээр нь өгч явуулсан. Гэртээ очоод 3 хоногийн дараа хөөргийг чинь 150 төлөгөөр авъя гэсэн. Тэгэхээр нь би өгөхгүй, хөөргөө авъя гэсэн. Тэгээд 05 дугаар сарын 25-ны өдөр хөөргөө авах гэж ажил дээр нь очиход надтай миний хөөргөөр тамхилсан. Тэгснээ Г хөөргөө надад сар бариулаач гэсэн. Би малаа зараад 8 дугаар сард ав гэж хэлсэн. Гантулга намайг 11 цаг 30 минутад манайд хүрээд ир гэсэн. 12 цагийн үед Г-нд очсон чинь нэг шил сархад архи задалж өгсөн. Г гарч яваад 2 цагийн дараа ирсэн. Намайг ганцаараа ууж чаддаггүй юм байна гээд хам уусан. Би Х гэдэг найзыгаа дуудаад бид 3 хамт уусан. Тэгээд айлд очиж тогтлож байгаад ирээд хөөргөө авъя гэсэн чинь “Ажил дээр өрөөнд байгаа. Би авч ирээд байж байя. Та хоёр ирэхдээ архитай ирээрэй гэсэн. Тэгээд Х бид хоёр бензин аваад 1 шил тэргүүн архи аваад Г-нд очоод тойруулаад байж байхад Г миний хөөргийг өгсөн. Тэгээд би Г, Х хоёртой хөөрөглөсөн. Архи дуусахад Г дахиад 1 архи уумаар байна гэхэд нь Х бид хоёр мөнгөө нийлүүлж “Ерөөл” архи авсан. Тэгээд уугаад дуусах гэж байхад Г дахиад хөөрөглө гэхээр нь би хөөрөглөсөн. Тэгэхэд хүн хаалга цохьсон. Г өөрөө хаалга нээж өгөхөд Э орж ирээд чи миний базыг халдаг хэн юм бэ гээд Г руу дайрч маргасан. Тэгээд Э-ын авчирсан пивийг хувааж уугаад үүдэн дээр нь гараад ирэхэд цагдаа барьж аваад явсан. Тэгээд очоод үзэхэд хөөрөг байхгүй. Даалин байсан. Хөөргө алга байна гэхэд цагдаа явж ирээд “Хөөрөг чинь Г-д байгаа гэж байна. Сейфэн дотор байгаа гэж байна” гэж хэлсэн. Миний хөөрөг энэ хүнээс гарцаа байхгүй. Би зараад өг гэж хэлээгүй. Уг хөөрөг нь надад 5 үе дамжиж ирсэн хөөрөг. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтасны 29-30 дугаар хуудас/
Гэрч Ш-н мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э намайг дуудаад Г-нд орсон чинь нэг шил архи задалчихсан байсан. Тэр архийг хувааж уучихаад бид хоёр гараад явсан. 18 цаг өнгөрч байхад Г, Э-ийг ирж хөөргөө ав гэсэн. Бид хоёр хөдөө явах замдаа Г-ын гэрт очиж Э хөөргөө аваад хөөрөглөж байсан. Г, Э-д ахиад нэг шил архи задалж өгсөн. Тэгээд тэрийг ууж дуусаад, дахиад нэг шил архи мөнгө нийлүүлж авч ууцгаасан. Сүүлийн архинаас 2 хуруу архи үлдсэн байхад гаднаас Э нэг пиво барьж орж ирсэн. Тэгсэн Г, Э-ийг нэг хөөрөглөөтөх гэж байсан. Г, Э хоёр маргалдаад больцгоосон. Тэгээд тарах гээд гараад ирэхэд цагдаа нар ирчихсэн мотоцикл хурааж авсан.
Анх хөөргөө солилцоод Э, Г-ын жижиг хөөргийг өгч өөрийн халтар манан хөөргөө даалиндаа хийгээд өвөртөлсөн юм.
Дараа нь Энэбиш Гантулга бид гурав сууж байхад Г, Эн-ээс “Ганц хөөрөглөөтөхий” гэж хэлж аваад буцааж өгөөгүй юм. Яг Э, Г-д хөөргөө өгч байхад Э гаднаас орж ирсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 36, 109 дүгээр хуудас/
Гэрч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Г-ын үүдэнд Э, Э барьцалдаад маргаад байгаа бололтой байхаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр очсон. Э-ыг Т цагдаагийн купонруу авч явсан. Г энэ үед гэрийнхээ урд талын цэцэрлэгт явж байгаа харагдсан. Ш, Э хоёр мотоциклоо үлдээгээд яваад өгсөн. Би Э, Ш, Э нарын мотоциклийг ээлжлэн унаж аваачсан. 30 орчим минутын дараа Э мотоциклоо авна гэж том том дуугараад хаалга үүд рүү өшиглөөд байхаар нь гарыг нь ард нь гавлаад Эрүүлжүүлэх байранд хувцастай нь оруулсан. 22 цагийн үед Энэбиш 40 сая төгрөгийн хөөрөг байхгүй байна. Г-с хөөргөө сая авсан гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгч Т бид хоёр Г-нд шууд очсон. Цонхыг нь цохиход хаалгаа тайлж өгсөн. Э-ийн 40 сая төгрөгийн үнэтэй хөөрөг хаана байна гэхэд “Надад үлдээсэн байгаа. Миний ажлын өрөөний сейфэнд байгаа” гэж хэлэхээр нь бид хоёр санаа амраад ирсэн. Тэгээд Э-д хөөрөг чинь Г-ын сейфэнд байгаа юм байна гэж хэлээд саатуулахаас гаргаж явуулсан. Өглөө 08 цагийн үед Э орж ирээд Г хөөрөг аваагүй гэж байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /Хэргийн 1 дүгээр хавтасны 106, 231-233 дугаар хуудас/, Шүрэн толгойтой халтар манан хөөргийг 15 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г болон түүний өмгөөлөгч Г хөөргийг аваагүй гэж мэтгэлцэж байгаа нь гэрч Ш: “Э, Г бид гурав сууж байхад Г, Э-с “Ганц хөөрөглөөтөхий” гэж хэлж аваад буцааж өгөөгүй юм. Яг Э, Г-д хөөргөө өгч байхад Э гаднаас орж ирсэн. Г, Э хоёр маргалдаад больцгоосон” гэсэн эргэлзээгүй, тодорхой мэдүүлгээр няцаагдаж байна.
Г нь хохирогч Э-ийн согтуурсан байдлыг далимдуулан хөөргийг аваад буцааж өгөөгүй үйлдэл нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өөрөөр хэлбэл уг хөөргийг авсан үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж итгэж өөртөө авсан шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Г гэдэг хүн хөөргийг нь авсан эсэх, хөөргөө тэр айлд дахиад үлдээсэн эсэх, цагдаатай маргалдаад хаагуур явж байгаад ирсэн зэрэгээ мэдэгдэхгүй байна гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч тухайн үед болсон үйл явдлын талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн хэмжээнд ярьсан нь гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байгааг дурьдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч саатуулах байранд байхдаа “Г-с хөөргөө сая авсан.” гэж хэлсэн байна гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хохирогч тухайн үед хөөрөг нь байхгүй байгааг хэрхэн илэрхийлсэн талаарх гэрч Д-ын мэдүүлэгт дам тусгагдсан мэдээлэл бөгөөд энэ нь хохирогч хөөргөө Г-ас авсан болохыг нотлохгүй байна.
Тиймээс Г-ын дээрх үйлдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас 15 000 000 төгрөгийн хохирол учирсан өөрөөр хэлбэл алдагдсан хөөрөг нь толгойн хамт 15 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч уг хөөрөгний толгой олдсон бөгөөд толгой нь ямар үнэтэй, бөгс буюу хөөрөг нь тусдаа ямар үнэтэй болох нь тогтоогдоогүй энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохооргүй байна. Хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу өөрийн хөөрөгний толгойн үнийг хасч тооцон үлдсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г нь бусдын эд хөрөнгө хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.
Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тус тус заажээ.
Г-ын үйлдсэн 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар Г-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн зэргээр уг хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч Г-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ч.ЭНХТӨР