Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхтуяа |
Хэргийн индекс | 114/2017/0032/З/ |
Дугаар | 05 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2017/0032/3/
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах, “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж,
Ц.Чулуунцэцэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С-” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Манай компани 2016 оны 06 дугаар сард зарлагдсан газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ялагч болсны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан сумын 14 дүгээр баг, 5700 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болсон. Ингээд газрын гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулан, барилга барих зөвшөөрөл, бусадтай гэрээ хэлцэл хийж байх явцад Засаг дарга С.Насанбат нь өмнөх Засаг даргын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж хүчингүй болгосныг мэдэгдлээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хуульд нийцээгүй буюу илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Засаг дарга дээрх захирамжаараа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” асуудлыг шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, ...-ийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсгүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн тохиолдлуудыг тодорхой заасан. Гэтэл манай компани нь дээрх хуулийн заалтуудад дурдагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил гаргаагүй, ийм үндэслэл бүрдээгүй байсан.
Хэрэв Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон байх учиртай.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Засаг дарга шийдвэрлэж буй асуудлаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” гэж захирамждаа тодорхойлсон боловч хууль хэрэглэхдээ үндэслэсэн хуулийн заалтын агуулга нь шийдвэрлэж буй асуудлынхаа хууль зүйн үндэслэлтэйгээ зөрчилдөөнтэй. Аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй байх ёстой.
Үндэслэсэн хуулийн заалтуудын хувьд “албан тушаалтан гаргасан шийдвэрээ ...хуульд нийцээгүй, ..хууль бус, ...илт хууль бус гэж үзвэл шийдвэрээ өөрөө хүчингүй болгож болно” гэсэн хууль зүйн агуулгатай заалтуудыг хэрэглэсэн боловч “Захирамжлах нь” хэсгийн 1-д дурдагдсан нөхцөл байдлууд нь хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар тодорхой заагаагүй, ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймээс маргаан бүхий захиргааны актын улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөгдөж,төрийн байгууллагаас зарласан шалгаруулалтад ялсан төслөө хэрэгжүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах, төсөл хэрэгжүүлэх замаар ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, үүнээс үүдсэн багагүй хэмжээний эдийн засгийн алдагдал, хохирол хүлээхээр байна.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн “С-” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болгохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж, Ц.Чулуунцэцэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/272 дугаар захирамжаар Дархан сумын 14 дүгээр баг, Дархан 50 цогцолборын ард албан байр, үйлчилгээний зориулалтаар 5700 м.кв газрыг “С-” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дор дурдсан заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Журмын 3 дугаар зүйлийн:
3.1.1.үйлдвэрийн болон дэд бүтцийн барилга байгууламж барих газар;
3.1.2.хог хаягдал дахин боловсруулах, хүнд үйлдвэр барих газар;
3.1.3.үйлдвэрлэл технологийн парк байгуулах газар;
3.1.4.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих газар;
3.1.5.нийтийн зориулалттай орон сууцны хороолол барих газар;
3.1.6.хуульд заасан бусад газар – төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар заасан байхад дээрх компанид үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн нь уг журмыг зөрчсөн болно.
Журмын 6 дугаар зүйлийн 6.1.1-т Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх гэж заасныг огт биелүүлээгүй.
6.1.2-т Тухайн газар дээр барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг гаргуулах гэсэн заалтыг биелүүлээгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд дутуу байна.
Журмын 7 дугаар зүйлийн 7.1.Төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ, 7.1.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, 7.1.2.аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ гэж заасныг зөрчиж, төсөл сонгон шалгаруулалтыг анх мэдээлснээс хойш 10 хоногийн дараа зохион байгуулсан байна.
2016 оны 6 дугаар арын 23-ны өдөр www.dakhan.gazar.gov.mn болон www.facebook.com/dakhan.landoffice цахим хуудсанд 6 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын мэдээ сонины №141 (419) дугаарын 12-р нүүрт, 6 дугаар сарын 24-ний дөрийн Дарханы мэдээ сонины 16/06 дугаарын 8-р нүүрт тус тус зарлан мэдээлжээ. Энэ нь олон нийтэд нээлттэйгээр биш бусад оролцогчдыг төсөл сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгоогүй байна.
Журмын 9.16-д Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагчид танилцуулан дүнг нийтэд зарлана гэж заасан. Гэтэл ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг аймгийн Засаг даргад 3 хоногт багтаан танилцуулсан боловч нийтэд зарлаагүй. Журмын 10 дугаар зүйлд Төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах гэж заасан байхад дээрх байгууллагатай ялагчийн гэрээ байгуулаагүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг зөрчин Дархан сумын Засаг даргын саналыг авалгүйгээр аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар төрийн албан хаагч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нарыг оролцуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлөх болон бусад чиглэлээр гаргасан захирамжуудын хууль, эрх зүйн үндэслэлийг нягтлан шалгаж зөрчил дутагдлуудыг илрүүлэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг танилцуулан, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар орон нутгийн хэвлэл мэдлээллийн байгууллагаар мэдээлэл хийн хууль эрх зүйн үндэслэлгүйгээр иргэдэд газар олгогдсон шийдвэрүүдийг хүчингүй болгох талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдээлж, байгууллагын мэдээллийн самбарт тус тус байршуулсан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016.10.26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, Газрын тухай хууль болон бусад дүрэм журмын дагуу олгогдоогүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Дээрх зөрчил дутагдал гарсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг журамласан бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Гэтэл “С-” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин дээрх журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “С-” ХХК-д эзэмшүүлсэн газар нь дуудлага худалдаанд оруулах зориулалттай газар бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг тус журамд зааснаар 1.000.000/1.0 сая/-5.000.000.000 /таван тэр бум/ төгрөг хүртэл хэмжээгээр тогтоосон байхад Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар “С-” ХХК-д дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр газар эзэмшүүлсэн нь улсын болон орон нутгийн төсөвт багагүй хэмжээний хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой байна. Хэрэв дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн бол Дархан-Уул аймгийн төвийн сум болох Дархан суманд дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрээр бодоход “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” 1-р бүсэд 2.0, “С-” ХХК-д олгосон 5700 м.кв газар нь газрын төлбөрийн бүсэд хамаарагдана. Дуудлага худалдааны анхны үнийг тооцвол ДХАҮ=3000 төг /м.кв x 2.0 x 5700 м.кв= 342 000 000 төгрөг болж болох байсан.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж хуульчилсан. Гэтэл “С-” ХХК-д олгосон тус газар нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 10 дугаар тогтоолд тусгагдаагүй, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж хуульчилжээ. Гэтэл тус газар нь Наран трейд ХХК-ийн газартай давхцаж байсныг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжаар хүчингүй болгож тус газрын маргаан шийдвэрлэгдээгүй байхад “С-” ХХК-д олгосон нь хууль бус шийдвэр юм.
“С-” ХХК-д Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дахь заалтыг тус тус зөрчиж хууль бусаар газар олгосон нь Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан тушаалтанд албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохыг хориглосон заалтыг зөрчсөн байна.
Иймд Засаг даргын 2016.11.29-ний өдрийн А/440 дугаартай захирамж буюу захиргааны акт нь ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан 7 шинжийн аль нэгийг агуулаагүй, нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан маргаан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй хэмээн үзэж байгаа бол А/440 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь ЗЕХ-ийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулж байгаа болохыг нотлох шаардлагатай байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжаар хууль зөрчиж гаргасан захирамжийн дагуу үүссэн нэхэмжлэгч “С-” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь заалтыг үндэслэх шаардлагагүй бөгөөд хуулийн дагуу Засаг даргад олгосон заалтыг баримталж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт зааснаар “ ...хуульд хүчингүй болгохоор заасан” байх тул эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлахдаа:- Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгоё гэж ойлгосон боловч тайлбараас нь сонсохоор хууль бус захирамжийг хүчингүй болгох гэж яриад байна. Ийм нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус захиргааны актын агуулгыг гаргаж байна гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т 1-14 төрлөөр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагыг тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан илт хууль бус болохыг тогтоолгох гэж ойлгосон боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хууль бус захирамжийг хүчингүй болгох гээд байх шиг байна. Нэхэмжлэл болон түүнтэй холбоотой шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нь өөр агуулгыг илэрхийлээд байна. Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хамаарахгүй болгох гээд байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирамжтай танилцсан байдаг үүнээс харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой боловч энэ хугацаандаа гомдлыг гаргаагүй. Гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасан илт хууль бус захиргааны актад гомдол гаргахад хугацаа тоолдоггүй гэдэг талаас нь нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Маргаан бүхийн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэлийн аль нэгийг зааж тайлбар өгөх ёстой.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар хянагдаж байгаа Засаг даргын А/440 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлан өөрийн хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А/440 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль үндэслэлд хамаарч илт хууль бус захиргааны акт болохыг зааж өгч чадахгүй байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан үндэслэлийг хэлж байгаа бол утга агуулгын илэрхий алдаатай гэж хэн ч харсан ойлгомжтой алдааг хэлдэг. Харин Засаг даргын А/440 дүгээр захирамжийг гаргахдаа нийт 21 аж ахуйн нэгж, нэг иргэний газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн юм. Захирамжид заасан бүх заалтыг “С-” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгоход хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газрын гэрчилгээг хүчингүй болгох 6 үндэслэлийг заагаагүй учраас илт хууль бус захиргааны акт, иргэн хуулийн этгээд эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж тайлбарлаад байна.
Засаг даргын А/272 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай гэж А/440 дүгээр захирамжид заасан байгаа юм. Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дугаар зүйлд зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжийг гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Дархан-Уул аймгийн Засаг дарга А/272 дугаар захирамжийг гаргахдаа маш олон хуулийн заалт зөрчсөн байгаа талаар тайлбар өгч байна. Засаг даргын А/272 дугаар захирамж нь хууль зөрчиж гарсан учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дугаар зүйлийг баримталж өөрийн гаргасан захирамж нь хуулийн олон олон заалт зөрчсөн байна гэж үзэж А/440 дүгээр захирамжийг гаргасан юм. Хууль зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох Засаг даргын эрхийг 61.1-д зааж өгсөн байдаг юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа захиргааны актыг илт хууль бус болохын тогтоолгох гэсэн мөртлөө маргаан бүхий захиргааны акт гэж тайлбар өгөөд байгаа зөрчилдөөд байна.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд шилжиж ойлгоно. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д дээд шатны Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ гэсэн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “С-” ХХК-ийн захирал өөрөө А/440 дүгээр захирамжийг гардаж авсан байдаг. Гэтэл үүнээс даруй жилийн дараа 2017 оны 05 дугаар сард гомдол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн гомдол гаргах тухай заалтыг зөрчиж байна. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын гэрчилгээ хүчингүй болсон бол 10 хоногийн дотор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүлйийн 40.3-д зааснаар эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах талаар зааж өгсөн. Энэ хугацааг тооцох юм бол гомдол гаргаж эрхээ хамгаалуулах хугацаа өнгөрсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдол гаргах өөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг нь тогтоогдоно. Нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус захиргааны актын үндэслэл дээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа мөртлөө хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах талаар тайлбар өгч байгаа юм. Засаг даргын А/440 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт биш. Иймд “С-” ХХК-ийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэв.
Гуравдагч этгээд “Наран трейд” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 14 тоот захирамжаар манай компанийг “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулахаар захирамж гаргасан байна.
Маргаан бүхий газартай холбоотой асуудлаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай гарсан байна. Мөн дээрх газар нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 376 тоот захирамжтай 2 жилийн хугацаатай гэрээ, гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад түр хугацаанд томилогдож ажилласан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 тоот захирамжаар хууль бусаар өөр этгээдэд шилжүүлснийг манай тал шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн билээ.
Иймээс дээрх захиргааны хэргийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул бид гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцохоос татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг үндэслэн 1 иргэн, 21 хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн “газар эзэмших эрхийн гэрчилгээг” хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн хавсралтын 10 дугаарт нэхэмжлэгч “С-” ХХК-д эзэмшүүлсэн үйлчилгээ албан байрны зориулалтаар 5700 м2 газрын эзэмшүүлсэн “эрхийн гэрчилгээг” хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар Засаг дарга нь захирамж гаргах, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээтэй байна.
Нэхэмжлэгч “С-” ХХК-д төсөл сонгон шалгаруулах журмаар маргаан бүхий 5700 м.кв газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар эзэмшүүлсэн болох нь газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэглэл, төсөл сонгон шалгаруулалтыг дүгнэн нэгтгэсэн хуудас, комиссын гишүүдийн төсөл сонгон шалгарлуулалтыг дүгнэсэн дүгнэх хуудас, “С-” ХХК-ийн ирүүлсэн төсөл, “С-” ХХК-ийн 000319887 дугаар бүхий аж ахуйн нэгэж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “С-” ХХК-д газар эзэмшүүлсэн төсөл сонгон шалгаруулалт нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам” зөрчсөн, газрын дуудлага худалдаа явуулах журмаар газар эзэмшүүлэх газарт төсөл сонгон шалгаруулалтаар олгосон учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж нэмэгдүүлэн тайлбарлаж байх бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулаагүй, зохион байгуулаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутган, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан газар эзэмшигчийнхээ үүргийг биелүүлээгүй үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхээ Засаг дарга буруу хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтаар “С-” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан комиссын шийдвэрт гомдол гараагүй, төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлт нь хүчин төгөлдөр болсон, энэ хэргийн гуравдагч этгээдээр татагдсан “Наран трейд” ХХК-ийн эзэмшиж байсан 1000 м.кв газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжаар газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул тухайн үед газрын давхцал байгаагүй буюу бусад газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд “төсөл сонгон шалгаруулалтын талаар гомдол гараагүй, хүчин төгөлдөр” гэсэн тайлбар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 тоот “маргаан бүхий газрын байршилд дахин газар эзэмшүүлэх ажиллагаа хийгдээгүй” гэсэн албан бичиг зэргээр төсөл сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна. Хэрэв газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол газар эзэмшигчийн газар эзэмших үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, ...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэж зааснаар Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байна.
Мөн захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасныг баримталсан байх ба хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр дээрх хуулийн заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” тул 47.3-д зааснаар илт хууль бусд тооцсон гэж тайлбарлаж байна. Гэвч хуулийн 47.1.7-д заасан нөхцөл нь газар эзэмшигч, ашиглагчаас бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үүрэг ногдуулсан байхыг шаардах бөгөөд Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамж нь газар эзэмшигч нарт эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “С-” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дээрх захиргааны акт гарсантай холбогдуулан өмнөх Засаг даргын гаргасан 2016 оны А/272 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 – 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаж, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч “С-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.
Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “Наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн “Наран трейд” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Наран трейд” ХХК нь1000 м.кв газрыг эзэмших эрх нь хадгалагдсан байна. Нэхэмжлэгч “С-” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшиж буй 5700 м.кв газар эзэмших газартай гуравдагч этгээд “Наран трейд” ХХК-ийн 1000 м.кв газар давхцал үүсч байгаа тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь газрын давхцлын талаар жичдээ маргаан үүсгэн шийдвэрлүүлэх эрхтэй болно. Харин дээрх давхцал үүссэн газар нь Дархан сумын 14,16 дугаар багуудын хилийн заагийн зураг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “С-” ХХК-д газар олгосон анхны кадастрын зургаар Дархан сумын 16 дугаар багт байрладаг болох нь нотлогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэх тайлбарын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ...илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С-” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “С-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР