Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0339

 

 

 

 

 

 

 

А.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Дгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр:

“...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Дгоос гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч А.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...А.Д би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн Бага баянд 1977 оноос эцэг эхийн хамт амьдарч 2000 оноос газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албаар уламжлан тус дүүргийн Засаг даргад гаргаж ирсэн.

Улмаар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Ийнхүү газар эзэмших эрх олгохдоо миний хүсэлтээ гаргасан буюу бодит байдал дээр ашиглаж, хашаалсан хэмжээнээс бага хэмжээтэйг олгосон бөгөөд миний хувьд илүү хашаалсан хэсгийг надад ч тэр, бусдад ч тэр олгохгүй юм байна гэж ойлгож ирсэн.

Гэвч 2019 онд Б.М гэх хүн ирж “манай газраас холд” гэсэн шаардлагыг тавьснаар тухайн хүнд газар эзэмших эрх олгосон болохыг мэдэж, давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх “...тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах тухай хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь миний бие 2000 оноос хойш газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албаар уламжлан Засаг даргад гаргаж байсан бөгөөд 2004 оны хүсэлтийг шүүхээс хийсэн үзлэгээр олж тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулахаар удаа дараа албан бичгийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүргүүлж байсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөхөөс зайлсхийж, байхгүй мэтээр хариуг ирүүлдэг байсан.

Мөн иргэн миний газар эзэмших эрхтэй нэгж талбарын хувийн хэргийг хариуцагч байгууллага ирүүлдэггүй. Хувийн хэрэгт газар эзэмшихээр гаргасан хүсэлт, кадастрын зураг гэх баримтууд цаг хугацааны дарааллаар бүгд байгаа. Энэ баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай чухал нотлох баримтууд бөгөөд эдгээрийг цуглуулах боломж, шаардлага шүүхэд бүрэн дүүрэн байсан боловч энэ ажиллагааг хангалттай хийлгүй “нотлогдохгүй байна” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэдгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1.Миний бие энэхүү газрыг 1977 оноос хойш бодитоор эзэмшиж амьдрах хугацаандаа 2000 оноос өөрийн хүч, хөдөлмөр, хөрөнгөөр хашаа барьсан. Мөн 2010 онд байшин барьж, мод тарьсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний хашаа, байшингийн суурь, бохир цэвэр усны худаг, тарьсан мод зэрэг эд хөрөнгийг бусдад шилжүүлэн миний эрх ашгийг зөрчиж байна. Миний бие 40 гаран жил энэ газрыг бодитоор эзэмшиж амьдарч, хамгаалж, хашаалж ирсэн.

2.Миний амьдарч буй хашаанд газрын кадастрын зураг хийлгэсэн иргэд нэг нь ч энэ газар нэг ч өдөр амьдарч, ашиглаж, эзэмшиж байгаагүй бөгөөд зөвхөн цаасан дээр дамжуулан худалдаж мөнгө олох бизнес болгосон байна. СБД-ийн Засаг дарга 2008 оноос 2017 онуудад огт амьдарч эзэмшдэггүй 3 иргэнд дамжуулан газар эзэмших захирамж гаргахдаа бодит байдал газар дээр нэг ч удаа очиж, энэ газрыг эзэмшүүлж ашиглуулж болох эсэх, бусдын амьдарч ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг хянаж нягталж магадлахгүйгээр цаасан дээр шилжүүлж байсан нь бодит байдал дээр олон жил эзэмшиж ашиглаж байгаа миний эрх ашиг сонирхлыг зөрчихийн дээдээр зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсний дагуу хүчингүй болгоогүй байна.

3.Н.Б нь анх миний хашааны зүүн талд 18639337935435 нэгж талбарын дугаартай газар эзэмшиж байсан бөгөөд 2008 онд миний 2000 оноос хойш түрүүлж эзэмших хүсэлтээ өгөөд хүлээж байсан хашаа руу үндэслэлгүйгээр кадастрын зургаа татан оруулж нэгж талбарын дугаараа 18639337928434 болгон өөрчилсөн нь нотлогдож байна. Улмаар Бээс Год, Гоос Мод шилжүүлэн олгосон байх тул миний бие өмнөх хүмүүсийн захиргааны акт хүчингүй болсон гэж ойлгоод одоогийн эзэмшигч М.Мын захиргааны акттай маргаж байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...маргаан бүхий захиргааны акт гарснаар иргэн Б.Гоос Б.Мод шилжиж ирсэн газар эзэмших эрх, уг эрх олгосон шийдвэр хүчингүй болох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Б.Год эрх олгосон захирамж хүчингүй болсон” гэх тайлбар хуульд нийцэхгүй байна” гэжээ.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “...Н.Бээс Б.Год, Б.Гоос Б.Мод тус тус газар эзэмших эрх шилжсэнээр өмнөх захирамжуудын үйлчлэл дуусгавар болсон, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжууд /маргаан бүхий акт/-аар өмнөх захирамжуудыг мөн хүчингүй болгосон” хэмээн тайлбарлаж маргасан боловч анхан шатны шүүх ийнхүү ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргах хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах нэг тусгай шаардлага нь тухайн хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй захиргааны акт байх ёстой. Учир нь эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос бус эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох тухай ойлголт байх боломжгүй.

Нэхэмжлэгч А.Д нь бодит байдал дээр 1977 оноос хойш амьдарч, 2000 оноос хойш эзэмших хүсэлтээ гаргаж байсан газар нь бусдын нэр дээр эзэмших эрхтэй болсон болохыг мэдсэн даруй шүүхэд хандсан. Түүний хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актаар өмнөх Б.Год газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тул уг актын талаар тухайлан маргаагүй болохоо тайлбарласан боловч анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ...А.Д нь иргэн Б.Год газар эзэмших эрх анх үүсгэсэн захиргааны акттай тухайлан маргаагүй” хэмээн дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Угтаа нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын өөрийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг л хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд энэ байдлыг дэлгэрүүлэн тодорхой байдлаар тайлбарласан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн ойлгоогүй буюу тодруулж, тухайн шаардлагад тохирсон дүгнэлтийг холбогдох Газрын тухай хуульд нийцүүлэн хийж, хэргийг хянан шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ашиглаж буй газраа эзэмших хүсэлтээ 2000 оноос хойш дүүргийн Газрын албаар дамжуулан Засаг даргад гаргаж ирсэн бөгөөд анх 2008 онд Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн. Ийнхүү Засаг даргаас газар эзэмшүүлэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгчийн ашиглаж буй хэмжээнээс бага хэмжээтэйг олгосон бөгөөд илүү хашаалсан хэсгийг олгох боломжгүй буюу бусдад эзэмшүүлээгүй гэсэн ойлголттой явж ирсэн. Гэтэл эхэнд эзэмших хүсэлтээ гаргасан иргэнд газар эзэмших эрх олгоогүй хэрнээ түүнээс хойно хүсэлт гаргасан иргэнд тухайн газрыг олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивд үзлэг хийж, нэхэмжлэгч А.Дгийн газар эзэмших хүсэлт гаргасан талаарх нөхцөл байдлыг тодруулсан хэдий ч холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулж чадсангүй.

Тодруулбал нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/169 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журам”-д зааснаар газрын хувийн хэргийг хөтөлдөг. 2008 онд нэхэмжлэгч А.Дд газар эзэмших эрх үүсэхэд ямар баримт бичгийг үндэслэсэн болохыг түүний газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоох боломжтой байсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1/8392, мөн оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1/9085 дугаар албан бичгүүдээр А.Дгийн нэгж талбарын 18639337925412 дугаартай газрын хувийн хэргийг шаардсан хэрнээ тухайн баримтууд ирээгүй байхад шүүх “...А.Д нь 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн газрын албанд хандаж “Санзайд гэрчилгээ авах” тухай хүсэлт гаргасан нь тогтоогдож байх боловч уг хүсэлт нь чухам хаана орших ямар хэмжээний газарт холбогдуулсан хүсэлт болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй” хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 131.3.5-д тус тус зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулснаас хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч А.Дгийн олон жилийн турш хашаалан эзэмшиж байгаа гэх маргаан бүхий газрын гуравдагч этгээд Б.Мын эзэмшил газартай давхцалтай хэсгийг нэхэмжлэлд 150 м орчим гэх боловч үүнийг шүүхээс нарийвчлан тогтоогоогүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн одоогийн байгаа хашааг хэзээ анх барьсан, шатсан байшингийн аль хэсгээр  Б.Мод газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн болох, мөн гуравдагч этгээдийн эзэмшил газрын анхны эзэмшигч Н.Б, дараагийн эзэмшигч Б.Г болон бусад этгээдээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай байна. 

Тухайлбал нэхэмжлэгчийн одоогийн бодитоор хашаалан эзэмшиж буй газрын хэмжээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар А.Дд эзэмшүүлсэн 524 м.кв газраас хэмжээний хувьд ямар байгааг болон байршлын хувьд түүний нэр дээрх нэгж талбарын 18639337925412 тоот газрын кадастрын зургаас хэрхэн зөрүүтэй болохыг тогтоох,

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2000 оноос хойших маргаан бүхий байршил дахь газрын төлөв байдлыг харуулсан сансрын зургийг гаргуулан авч нэхэмжлэгчээс өгсөн фото зурагтай харьцуулан дүгнэх,

   -2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 1839337935435 дугаар 700 м.кв-аар  кадастрын мэдээллийн санд Н.Бийн нэрээр бүртгэгдсэн газар нь дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар түүнд эзэмшүүлсэн 700 м.кв газраас /нэгж талбар 18639337928434/ байршлын хувьд яагаад өөрчлөгдсөн болох, улмаар уг 700 м.кв газрыг 2012 оны 57 дугаар захирамжаар Б.Год шилжүүлсэн боловч газрын гэрээ, гэрчилгээнд газрын хэмжээг багасган 615 м.кв-аар тусган нэгж талбарын 18639337930429 дугаарт бүртгэх болсон үндэслэл шалтгааныг тодруулах, 

-гуравдагч этгээд Б.Мын шүүхэд нотлох баримтаар өгсөн хэлцэл буюу “Иргэн Н.Бээс Б.Год шилжин ирсэн газар өөр эзэмшигчтэй болсон тохиолдолд арын хуудсан дах кадастрын зурган дээр 4-өөр тэмдэглэсэн газрыг иргэн Год шилжүүлэн өгөхийг зөвшөөрөв” гэснийг хэзээ ямар шалтгааны улмаас хийсэн болохыг уг хэлцлыг зөвшөөрсөн гэх одоогийн нэхэмжлэгч А.Д, зөвшөөрөл авсан гэх Б.Г, гэрчээр байлцсан гэх Н.Эрдэнэ нараас тодруулах, 

Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэлийн “…Н.Б нь А.Дгийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа…” гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд Н.Бээс эхлэлтэй одоогийн маргаан бүхий газрын байршил, тухайн үеийн нөхцөл байдлын талаар Н.Бээс тодруулах,

-“…Таны хашаа руу оруулан давхардуулж зураг хийлгэсэн хэсгийг би авахгүй гэж тохиролцоод кадастрын зураг дээр бичиж, надаар гарын үсэг зуруулсан…” гэх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар Б.Гоос тодруулах,  

-маргаан бүхий газарт нэхэмжлэгч хэдэн оноос хойш амьдарч ирсэн талаар, өөр этгээд уг газарт оршин сууж байсан эсэх талаар хорооны Засаг дарга Ш.Б, байгаль хамгаалагч С.Х болон хөрш Г.Д, С.Б, Б.Э, н.Г, Д нараас тодруулах,

-Мын эзэмшил газарт нэхэмжлэгчийн хашаа, шатсан байшингийн сууриас гадна тарьсан мод, бохирын худаг, гэрлийн шон зэрэг хамаарч байгаа эсэхийг шүүхийн үзлэгээр тогтоох, 

-газрын давхцалын хэмжээг тогтоолгосноор гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч А.Дг маргах эрхтэй эсэхийг, түүнчлэн Засаг даргын захирамж, эсхүл тухайн захирамжийг үндэслэж хийсэн газрын кадастрыг мэдээллийн санд зөрүүтэй оруулсны чухам алинаас нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон талаар нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлуулах зэргээр хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж нь зүйтэй. 

Түүнээс нэхэмжлэгчийн эзэмшил газар нь маргаан бүхий газартай хил залгаа байна, Засаг даргын захирамж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан байна, иргэн Б.Мын газар эзэмших эрх түүнд шинээр үүсээгүй буюу бусдаас шилжүүлэн авсан байна, иргэн Б.Год газар эзэмших эрх үүсгэсэн захиргааны акттай маргаагүй байна гэх зэргээр маргааны үйл баримтад өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь хангалтгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН