Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0520

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,  

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908058040513 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт бүртгэлтэй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж ял эдэлж байгаа, Хотгойд овогт Батнасангийн О /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 болон 23 цагийн үед иргэн Д.Даваачулууны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 91 дүгээр байрны 44 тоот байрыг түрээслэн сууж байхдаа хохирогч Д.Тэд “Энэ манай төрсөн ахын байр бөгөөд хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа гэж 1.800.000 төгрөгийг ээж Г.Бямбасүрэнгийн Хаан банкны 5280008241 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Тухайн байрыг түрээслэхгүй гэдгээ ээжид нь хэлж байсан. Хохирлыг барагдуулна. Миний буруу. Бага насны хүүхэдтэйг минь харгалзан бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1908058040513 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Тийн: “...Би эхнэр, хүүхэдтэйгээ хамт байр түрээслэх гээд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш байр хайсан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “91 дүгээр байр” гэсэн фэйсбүүкийн групп руу ороод “Түрээслэх байр хайж байна” гээд зар бичсэн чинь Б.О гэх хүн “2019 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш сулрах 1 өрөө байр байна, 6 сарын төлбөрийг авч түрээслүүлнэ” гэхээр нь хүлээж байгаад орохоор болсон. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр О 80350899 дугаарын утаснаас залгаад “Байр сулрах гэж байна, чи орохоор бол урьдчилгаа 500.000 төгрөг 5280008241 дугаарын манай ээжийн данс руу хийчих” гэхээр нь би шилжүүлсэн. “Сарын 300.000 төгрөгөөр 6 сарын мөнгийг бөөнд нь авна” гэж ярилцаж тохиролцсон. Орой нь О тухайн байран дээрээ ирээд байрны ордер гэх зургийг утсан дээрээсээ харуулсан. Ордер эзэмшигчийн нэр нь Даваачулуун гэж байсан. О “Энэ манай төрсөн ахын байр, хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа” гэж хэлсэн. Тэгж ярьсных нь дараа би үлдэгдэл 1.300.000 төгрөгөө 5280008241 дугаарын данс руу шилжүүлээд 6 сараар түрээслэхээр болсон. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр О түрээсийн гэрээ гэсэн баримт бичиг авчирч ирээд гэрээ хийсэн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Даваачулуун гэх хүний ээж нь байна гээд үл таних хүн ирээд “Манайх байраа Б.О гэх хүнд түрээслэсэн байсан, сүүлийн нэг сарын түрээсээ өгөөгүй болохоор нь ирлээ” гэх юм яриад ирсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-45/,

Гэрч Б.Дуламсүрэнгийн: “Миний хүү Даваачулуун Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байр, 44 тоотод байрлах 1 өрөө байраа “түрээслэе” гээд зар тавиад удалгүй О гэх хүүхэн ирээд “би эхний сарын түрээсийн мөнгөөр засвар хийгээд оръё” гээд их таалагдсан бололтой байхаар нь cap бүрийн 20-ны дотор 300.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тэрнээс хойш cap бүрийнхээ төлбөрийг алдаг оног төлж байсан. Тэгээд О байрныхаа түрээсийг төлөхгүй таг чиг болчихоор нь намар нэг өдөр байран дээрээ очсон чинь өөр хүмүүс орчихсон байсан. Тэгээд юу болсныг асуухад Тэ гэх залуу “Манайх энэ байрыг түрээслэсэн” гэж байсан. О надад өөр хүнд түрээслэх гэж байгаагаа хэлж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-52/,

Гэрч Д.Даваачулууны: ““Шуурхай зар, Зар мэдээ” сонинд “түрээслүүлнэ” гэсэн зар өгөөд хүмүүст түрээслэж явсаар 2019 оны 3 дугаар сар хүргэсэн. Нэг эмэгтэй утсаар холбогдож байрыг ирж үзээд өөрийгөө “Батнасан овогтой О” гэж танилцуулсан. “Танай байр жаахан заваан байна, би засвар хийе, эхний түрээсийн мөнгөөрөө засаад оръё” гэхээр нь “тэгье” гэсэн. О “Өөрөө байртай болох хүртлээ 3, 4 жилийн хугацаанд түрээслэнэ” гэхээр нь нэг сарын 300.000 төгрөгийг манай ээжийн данс руу хийхээр тохиролцож, гэрээ хийгээд би явсан. Тэгээд 2019 оны 4, 5, 6 дугаар саруудын түрээсийн мөнгийг бүрэн шилжүүлсэн. 7 дугаар сарын мөнгийг 2 хуваагаад, 8 дугаар сарын мөнгийг дутуу өгөхөөр нь би ээж Б.Дуламсүрэнд “Та байран дээр очоод үзээдэхээч” гээд явуулсан чинь “О чинь өөр хүнд түрээслүүлээд явчихсан байна” гэхээр нь байран дээрээ очиход нэг хүүхэдтэй, хоёр залууд О “өөрийн байраа” гэж итгүүлж, гэрээ хийгээд сарын 300.000 төгрөгөөр 6 сарын мөнгө 1.800.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-47/,

Гэрч Г.Бямбасүрэнгийн: “5280008241 гэсэн дугаарын дансыг би ашиглахаа болиод, манай охин О ашиглаж байгаа. О 2019 оны 8 дугаар сарын дундуур Сэлэнгэ суманд гэртээ ирээд охинтойгоо уулзаад явсан. Тэгээд явахдаа О “виза картаа хаячихсан” гэхээр нь би өөрийнхөө картыг өгч явуулсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-51-55/,

Шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Би ээжийнхээ “Хаан банк”-ийн дансны картыг тухайн үед ашиглаж байсан. Манай ээж орлого, зарлага хийгдэж байгаа талаар мэддэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65, 114-115/,

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21-р хороолол, 18082 Баянхошуу гудамж 91 байр, 44 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-40/, шүүгдэгчийн ялын тооцоо /хх-62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-78/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-79/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-92/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-94, 97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-105/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-113/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь хохирогч Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.800.000 төгрөг залилсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 1.800.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О нь иргэн Д.Даваачулууны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 91 дүгээр байр, 44 тоот байрыг түрээслэн сууж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Тэд “Энэ манай төрсөн ахын байр бөгөөд хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа гэж 1.800.000 төгрөгийг өөрийн ашигладаг, бусдын нэр дээрх “Хаан банк”-ны 5280008241 дугаартай дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Тийн “...О залгаад “Байр сулрах гэж байна, чи орохоор бол урьдчилгаа 500.000 төгрөг 5280008241 дугаарын данс руу хийчих” гэхээр нь би 500.000 төгрөг шилжүүлсэн. О хэлэхдээ “Энэ манай төрсөн ахын байр бөгөөд хөдөө байдаг болохоор би түрээслүүлж байгаа юм” гэж хэлсэн. Тэгж ярьсных нь дараа үлдэгдэл 1.300.000 төгрөгөө данс руу шилжүүлээд 6 сараар түрээслэхээр болсон...” гэх мэдүүлэг /хх-45/, гэрч Д.Даваачулууны “...“Нөгөө О чинь өөр хүнд манай байрыг түрээслүүлээд явчихсан байна” гэхээр нь би байран дээрээ очиход О нь өөрийн байр гэж итгүүлж, гэрээ хийгээд 1.800.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-47/, гэрч Б.Дуламсүрэнгийн “...О байрныхаа түрээсийг төлөхгүй таг чиг болчихоор нь намар нэг өдөр байран дээрээ явж очсон чинь өөр хүмүүс орчихсон байсан. Юу болсныг асуухад Тэ гэх залуу “Манайх энэ байрыг түрээслэсэн” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-52/, шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн “Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-64-65, 114-115/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-40/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-92/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Б.Оийн бусдын өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа “өөрийн ахын байр, би түрээслүүлдэг юм” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, итгэл төрүүлж хохирогч Д.Тийг хуурч, 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тэд 1.800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 1.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тэ /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байр, 44 тоотод оршин суух, 88182325, 80397899 холбогдох утастай, РД-УИ96091418/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирол төлөөгүй, хууран мэхлэх аргаар залилсан, гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От 1 жил 7 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хохирлын талаар маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогддог. Бага насны хүүхэдтэйг харж үзнэ үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ялаа эдэлж байгаа, бага насны хүүхэдтэй гэх боловч өөрөө асран хамгаалдаггүй, Булган аймагт эхийнх нь хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хорих ял шийтгэв.

Шүүгдэгч Б.От урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Оийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 12 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 124 дүгээр захирамжаар Б.От 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Харин 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо /хх-62/-д Б.Оийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв /хх-60/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Батнасангийн Оийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1521 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Оийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жил 12 /арван хоёр/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оээс 1.800.000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тэ / холбогдох утастай, РД- /-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оийн эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР