| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0032/и |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 32
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2-р хороо, 12-р хэсэг, сэлбийн 2-8 тоотод оршин суух Д.Майнтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багт оршин суух С.Гандөлгөөнд холбогдох дээлний үнэ 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Майнтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Гандөлгөөн нь 2015 оны 07-р сард нэг бүр нь 125000 төгрөгний үнэтэй 2 ширхэг дээл оёулж авсан. 1 жил 5 сар гаруй хугацаа болоход дээлний үнэ хөлсөө төлөөгүй. Удаа дараа нэхсэн боловч төлөөгүй. Иймд С.Гандөлгөөнөөс 2 ширхэг дээлний үнэ 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Гандөлгөөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Майнтуяагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2015 оны 07-р сард нэг бүр нь 125000 төгрөгний үнэтэй 2 ширхэг дээлийг Майнтуяа эгчээр оёулж авсан. Нэхэмжлэлийн шаардлага 250000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Майнтуяа нь 2 ширхэг дээлний үнэ 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багт оршин суух С.Гандөлгөөнөөс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Гандөлгөөн нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Майнтуяагийн 250000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8150 төгрөгний тал хувь 4075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 4075 төгрөгийг хариуцагч С.Гандөлгөөнөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Майнтуяад олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Майнтуяагийн 2 ширхэг дээлний үнэ 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Гандөлгөөн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Майнтуяагийн 250000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8150 төгрөгний тал хувь 4075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 4075 төгрөгийг хариуцагч С.Гандөлгөөнөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Майнтуяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА