| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0499/Э |
| Дугаар | 0519 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 0519
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808049480341 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт зэвсгийн засварчин мэргэжилтэй гэх, “” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, Боржигон овогт Батчулууны О.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 8 дугаар гудамж, 23 тоотод хохирогч В.Бын сургуульд сурах гэсэн хэрэгцээг нь ашиглан “Хөдөө аж ахуйн сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар түүнийг “ажлын хажуугаар сурч байхад нь диплом гаргуулж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн түүнээс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1.700.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.300.000 төгрөгийг дүү Ө.Жанлавын эзэмшлийн 5721459833 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн буруутай үйлдлээс бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Тухайн үед мөнгөний хэрэг гараад худлаа хэлээд мөнгө авчихсан. Улирлын чанартай ажил хийдэг тул одоогоор ажилгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808049480341 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч В.Бын: “Би 2017 оны орчимд Хамгаалалтын 2 дугаар газар буюу Дотоодын цэргийн 5 дугаар ангид томилогдон ажиллахад Жанлав гэх залуу ажилладаг байсан учир бие биенээ таньдаг болсон. Жанлавтай нэг уулзахад “манай ах “Хөдөө ах ахуйн сургуульд хүн оруулж өгч чадна гэсэн, би орох гэж байгаад больчихсон, чи орох уу” гэж асуусан. Жанлав “манай ах уг сургуульд ороход 3 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж байсан” гэж хэлсэн. Би орохоор болоод Жанлавыг “ахтайгаа яриад өгөөрэй” гээд Жанлавын 5721459833 дугаарын данс руу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1.700.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.300.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш сураггүй байтал 5 сарын эхээр Жанлавын ах гэх О гэдэг хүн над руу залгаад “Хөдөө аж ахуйн сургуульд оруулах худлаа болсон шүү, мөнгөө аваарай” гэсэн. Тэгээд Жанлавтай утсаар ярихад “би мэдэхгүй, ахаас мөнгөө ав, би наад хэрэгт чинь хамаагүй, шүүх, цагдаагаараа яваад мөнгөө ав” гэж хэлж байсан. Түүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын орчимд Жанлав 200.000 төгрөг өгсөн. Түүний ах О нийт 200.000 төгрөг өгсөн санагдаж байна. Түүнээс хойш мөнгөө өгөхгүй алга болчихсон, аль аль нь утсаа авахгүй байсан учир цагдаад хандсан. Харин ах гэх хүнтэй нь уулзаж, ярьж ч байгаагүй, Жанлавт итгээд л мөнгөө шилжүүлчихсэн. Үлдэгдэл 2.600.000 төгрөгийг гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33/,
Гэрч Ө.Жанлавын: “2018 оны 02 дугаар сар орчимд О ахтай таарахад “Хөдөө аж ахуйн сургуульд суралцуулж бакалаврын диплом гаргаж өгөх боломж байна, чи сураад диплом гаргуулах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “одоохондоо мөнгөний боломжгүй байна” гэсэн чинь “тэгвэл өөр диплом гаргуулах хүсэлтэй хүн байвал мэдэж байгаарай” гэж надад хэлсэн. Цуг ажиллаж байсан Б надад өмнө нь “найз нь өөр тийшээ шилжих гэсэн чинь сургууль төгссөн диплом хэрэг болоод байна” гэж ярьж байсан нь санаанд ороод Б луу залгаад “манай О ахад Хөдөө аж ахуйн сургуулийн диплом гаргах боломж байна гэж байна, чи яах юм бэ, сонирхох юм уу” гэж асуусан чинь Б “өө тийм бол би уг сургуулд оръё, механик инженерийн ангид оруулж өгч чадах болов уу асуугаад өгөөрэй” гэхээр нь би О ах руу яриад “манай найз диплом гаргуулна гэж байна, механик инженерийн ангид оруулж өгч чадах болов уу, асуугаад өгөөрэй гэж асуулгаж байна” гэсэн чинь “механик инженерийн ангид оруулж өгч чадна, диплом гаргуулахад 3.000.000 төгрөг болно, мөнгөө шилжүүлчих гээд мөнгийг нь чи дансаараа аваад надад өгчихөөрэй” гэсэн учир би Б луу энэ талаар хэлэхэд Б мөнгөө өгөхөөр болсон. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1.700.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.300.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би Б ахад өгсөн. Тэрнээс хойш Б залгаад “яагаад удаад байна” гээд асуугаад байхаар нь би О ахаас асуусан чинь “цаанаа хүлээгдээд байна” гэж хэлдэг байсан. Тэр талаар би Бт хэлээд явсан. 2018 оны 5 дугаар сарын орчмоос Б уурлаад асуугаад байхаар нь О ахаас асуутал “Хөдөө аж ахуйн сургуульд оруулах боломжгүй болчихлоо, би танай найзын мөнгийг удаахгүй өгчихнө, одоо надад мөнгө байхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би Бт хэлээд О ахын утасны дугаарыг өгөөд “өөртэй нь холбогд” гэж хэлсэн. О ах анх “Хөдөө аж ахуйн сургуульд оруулж өгнө, тэгээд ажлын хажуугаар сурч байхад нь диплом гаргуулж өгөх боломж байна” гэж хэлж байсан. Тэр талаар нь би Бт хэлээд Б уг сургуульд орж суралцаад, диплом гаргуулна гээд мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-42-43/,
Гэрч А.Базарсадын: “Манай сургуульд бүрэн дунд боловсролтой хүн элсэн орох бол заавал элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч, сургуулиас тогтоосон оюутан элсүүлэх журамд заасан босго оноог хангасан хүн орох боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй хүн элсэн орох боломжгүй. Бусад байдлаар мөнгө өгч, танил хүнээр яриулах байдлаар орох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-54/,
Гэрч Б.Доржбилэгийн: “Б.О нь манай хүргэн. 5722018659 дугаарын данс уг нь миний данс юм. О 2017 оны орчимд надаас “та картаа өгч байгаач” гээд авснаас хойш одоог хүртэл уг картыг ашиглаж байгаа. Би 2017 оноос хойш уг дансыг эзэмшээгүй...” гэх мэдүүлэг /хх-58/,
Шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 онд ажилгүй гэртээ байсан. Мөнгөний хэрэг гараад байсан тул түр хүнээс мөнгө авчихаад дараа нь мөнгөтэй болчихоороо буцаагаад өгчихье гэж бодсон. Жанлаваас “ах нь Хөдөө аж ахуйн сургуульд хүн оруулж өгнө, ажлын хажуугаар сурч диплом гаргуулж өгөх боломж байна, чи орох уу ахдаа эхлээд мөнгөө өгчих юм бол болно” гэж хэлсэн. Тэгтэл Жанлав “өөрөө сурах боломжгүй байна, манай найз сургуульд сурна гэж байсан” гэхээр нь “чи найздаа хэлээд асуугаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Жанлав залгаад “манай найз оръё гэж байна, механик инженерийн ангид оруулаад өгч чадах уу” гэж асуухаар нь би “чадна, мөнгийг нь аваад ах руугаа явуулчих, 3.000.000 төгрөг хэрэг болно шүү” гэсэн. Жанлав найздаа хэлээд цувуулаад 3.000.000 төгрөг авсан. Жанлав намайг худал хэлж мөнгө авч байгаа талаар мэдээгүй. Надад мөнгөний хэрэг гараад би худлаа хэлж хүнээс мөнгө аваад дараа нь өгчихье гэж бодсон. Би хүн сургуульд оруулж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-65-67/,
дансны хуулганд үзлэг хийсэн “В.Бын данснаас Ө.Жанлавын данс руу нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Ө.Жанлавын данснаас Б.Оийн данс руу нийт 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн байна” гэх тэмдэглэл, дансны хуулга /хх-80-97/,
Хөдөө аж ахуйн их сургуулийн “В.Б нь тус сургуульд суралцдаг болон төгссөн талаарх оюутны мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх-124/,
Хөдөө аж ахуйн их сургуулийн албан бичиг /хх-135/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-150/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-161-162/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-166-167/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-158, 171/, хохирогч Б.Бын “О 3.000.000 төгрөгийг барагдуулж дууссан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-187/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О нь хохирогч В.Быг “Хөдөө аж ахуйн сургуульд оруулж өгнө, ажлын хажуугаар сурч байхад нь диплом гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1.700.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.300.000 төгрөгийг дүү Ө.Жанлавын эзэмшлийн 5721459833 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 8 дугаар гудамж, 23 тоотод тус тус шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч В.Бын “...Жанлавын ах гэх О гэдэг хүн залгаад “Хөдөө аж ахуйн сургуульд оруулах худлаа болсон шүү, мөнгөө аваарай” гэж хэлсэн. Жанлав нь тухайн үед надад “манай ах Хөдөө аж ахуйн сургуульд хүн оруулж өгч чадна, чи орох уу, 3.000.000 төгрөг өгчих юм бол механик инженерийн ангид оруулаад өгнө гэсэн” гэж байсан. Би өөрийн интернэт банкаар 2 удаа, нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-33/, гэрч Ө.Жанлавын “...О ах “Хөдөө аж ахуйн сургуульд суралцуулж бакалаврын диплом гаргаж өгөх боломж байна, чи сураад диплом гаргуулах уу” гэж асуусан. О ах “тэгвэл өөр диплом гаргуулах хүсэлтэй хүн байвал мэдэж байгаарай” гэж надад хэлсэн. Тэгээд би Б луу залгаад “манай О ахад Хөдөө аж ахуйн сургуулийн диплом гаргах боломж байна гэж байна, чи яах юм бэ, сонирхох уу” гэж асуусан чинь Б “би оръё” гэсэн. О ах “механик инженерийн ангид оруулж өгч чадна, диплом гаргуулахад 3.000.000 төгрөг болно, мөнгөө шилжүүлчих гээд мөнгийг нь чи дансаараа аваад надад өгчихөөрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-42-43/, гэрч А.Базарсадын “Манай сургуульд заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгч, сургуулиас тогтоосон оюутан элсүүлэх журамд заасан босго оноог хангасан хүн элсэн орох боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй хүн элсэн орох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-54/, гэрч Б.Доржбилэгийн “...5722018659 дугаарын данс уг нь миний данс, хүргэн О 2017 оноос хойш ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-58/, шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн “...Мөнгөний хэрэг гараад байсан тул түр хүнээс мөнгө авчихаад дараа нь мөнгөтэй болчихоороо буцаагаад өгчихье гэж бодсон. Тэгээд өөрийн хамаатан Жанлавт худлаа хэлээд мөнгө авчихаад дараа нь буцаагаад өгчихье гэж бодоод Жанлаваас “ах нь Хөдөө аж ахуйн сургуульд хүн оруулж өгнө, уг хүнийг сургуульд орчихоор нь ажлын хажуугаар сурч байхад нь диплом гаргуулж өгөх боломж байна, чи орох уу ахдаа эхлээд мөнгөө өгчих юм бол болно” гэж хэлсэн. Тэгтэл Жанлав “өөрөө сурах боломжгүй байна, манай найз сургуульд сурна гэж байсан” гэж хэлэхээр нь би “чи найздаа хэлээд асуугаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Жанлав найздаа хэлээд цувуулаад 3.000.000 төгрөг авсан. Уг мөнгийг надад бүгдийг нь өгсөн. Жанлав намайг худал хэлж мөнгө авч байгаа талаар мэдээгүй. Надад мөнгөний хэрэг гараад би худлаа хэлж хүнээс мөнгө аваад дараа нь өгчихье гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-65-67/, Хөдөө аж ахуйн их сургуулийн албан бичиг /хх-124/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б.Оийн хохирогч В.Быг “Хөдөө аж ахуйн их сургуульд оруулж өгнө, ажлын хажуугаар сурч байхад нь диплом гаргуулж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч В.Бт 3.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “О 3.000.000 төгрөгийг барагдуулж дууссан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-187-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Сая 1 дүгээр сард 2 ихэр хүүхэдтэй болоод хүүхдүүдээ харж байгаа тул биеэр ял эдлэх боломжгүй тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай гэх, ам бүлийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“Гарден сити” ХХК-д жолооч ажилтай гэх, сарын 1.200.000-1.500.000 төгрөг цалин авдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Оийг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Оийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР