Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/161

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-д холбогдох эрүүгийн 2021000000156 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ......................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...... овогт Б. /РД: ................../

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт амьдран суух иргэн З.*******ын гэрт архидан согтуурах үедээ хохирогч Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн гуяны гадна дээд хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай 3 найз гэрт ирээд бид нар архи уусан. Тэгээд Г агсам тавиад, хэл амаар доромжлоод пийшинг маань өшиглөхөөр нь голомтыг маань доромжлоод байх шиг санагдаад айлгах гээд хутгалсан. Би хохиролд 500.000 төгрөгийг өгсөн...гэв.

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим би өөрийн найз *******гийн хамт Гурванзагал сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар Б-н гэрт очсон юм. Б бол З.*******ын хоньчин. Б-н гэрт ******* бид хоёр очихдоо 2 том пиво, 1 шил архитай очсон ба 19 цагаас эхэлж архиа ууж шөнө 23 цагийн орчим ууж дууссан. Тухайн үед Б би шоронд байхдаа овгор байсан гээд томроод байхаар нь би уурлаад Б-тай муудалцаж маргалдсан. Маргалдаж байх явцад Б миний зүүн гуяыг хутгалсан бөгөөд гуя маань халуу дүүгэх шиг болсон. ...тэгээд би ухаан балартсан...******* намайг сэрээгээд чиний зүүн хөлнөөс цус алдаж байна эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд *******, Сүхбат хоёр намайг Гурванзагал сумын эмнэлэгт хүргэж өгсөн. ...эмчилгээ хийлгэсэн зардал, гаднаас эм тариа худалдаж авч хэрэглэсэн зардал гэж нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна. ...Б...цалингаа урьдчилж аваад миний хохирлын мөнгийг маань төлж барагдуулахаар надтай тохиролцсон. Тийм учраас би одоо Б-д гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 9-11 тал/

Гэрч Б.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б ах, Г ах, ******* бид дөрөв юм ярилцаж суусан юм. Г ах Б ах руу шоронд байхдаа чи юу байсан юм гэж дайраад байхад нь Б ах би шоронд байхдаа овгор байсан гэсэн чинь Г ах уурлаад зуух савж өшиглөөд байсан. Тухайн үед ******* гэрээс хонио харна гээд гарсан. Б ах Г ах хоёр маргалдаад байхаар нь би гэрээс гараад бие засчихаад ороод ирсэн чинь Г ахын хөлнөөс цус гарсан байхаар нь *******ийг дуудаад Г ахын машинд суулгаад сум руу явж эмчид үзүүлсэн...” гэжээ. /хх-ийн 16-18 тал/

 

Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим Г ах мотоциклтой халамцуу ирээд манайд хоол идэж байгаад ах нь зүүн тийшээ найз дээрээ очлоо гээд би бас зүүн тийшээ очиж хурагтай хонио авна гээд манайхаас Г ах, Сүхбат бид гурав миний эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай малчин Б ахынд ирсэн. Г ах 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, 2 литр 500 граммын “Сэнгүр” нэртэй пиво гаргаж ирэхээр нь Б ах Г ах хоёр юм яриад суусан. Сүхбат бид хоёр нээх их уугаагүй. Тэгээд би 02 цагийн орчим Б ахын гэрээс гараад хургатай хонио ачих гээд гараад зогсож байтал Сүхбат намайг дуудахаар нь гэрт орсон чинь Г ахын зүүн хөлний гуян тус газраас цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 23-25 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 310 тоот дүгнэлтэд:

1. Г-ийн биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31 тал/

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/

- Эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6 тал/

- Эмчийн үзлэгийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 27-28 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29 тал/

- Б-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 36-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 11 см, нийт 25 см урттай, хар өнгийн бариултай, их биений зүүн талд “Хортиця” гэсэн бичиглэлтэй хутга 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ....... овогт Б нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт амьдрах иргэн З.*******ын гэрт согтуурсан үедээ хохирогч Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн гуяны гадна дээд хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г, гэрч Б.Сүхбат, Ч.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эмчийн үзлэгийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 310 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Г-т бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Б-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 11 см, нийт 25 см урттай, хар өнгийн бариултай, их биений зүүн талд “Хортиця” гэсэн бичиглэлтэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 11 см, нийт 25 см урттай, хар өнгийн бариултай, их биений зүүн талд “Хортиця” гэсэн бичиглэлтэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-н ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ