Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 33

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багт оршин суух Т.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн МСҮТ-д багш ажилтай Х.Гэрэлмаад холбогдох 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэболор шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2005-2009 онуудад ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд санхүү менежментийн ангид суралцаж төгссөн боловч төгсөлтийн үеэр сургуульдаа төлбөрийн тооцоотой байсан учир ромбо, дипломоо авч чадаагүй. Гэтэл 2013 оны 11-р сард ангийн багш Хүрлээ овогтой Гэрэлмаа нь төлбөрийн мөнгөө шилжүүлчих, манай сургууль татан буугдсан тул дипломоо авч чадаагүй хүүхдүүдийн дипломыг багш нь хариуцаж Улаанбаатар хотын ШУТИС руу холбогдож авч өгч байгаа гэхээр нь 2013 оны 11-р сарын 14-ний өдөр төлбөрийн үлдэгдэл болох 670000 төгрөгийг Х.Гэрэлмаа багш руу шилжүүлсэн. Үүнээс хойш удахгүй диплом чинь ирнэ гэсээр хичнээн сар, жил өнгөрч байна. Очиж уулзахаар дүнгийн хуудас, дипломын хуулбар хуурамчаар гаргаж харуулчихаад өнгөрөөдөг байсан нь тодорхой болж, өнгөрсөн жилээс шилжүүлсэн мөнгөө буцааж авахаар болж, мөнгөө бага багаар цувуулж авсан. Үлдэгдэл 360000 төгрөгийг өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа ч авахгүй, худал ярьсаар өдийг хүрлээ. Иймд Х.Гэрэлмаагаас 360000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Х.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Эрдэнэболорын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т.Эрдэнэболор нь 2005-2008 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Сүхбаатар аймгийн салбар дахь Технологийн сургуульд Санхүүгийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. Энэ хугацаанд төлөх оюутны сургалтын төлбөрийг анги удирдсан багш нар нь хариуцаж авах чиглэл өгсөн. Энэ дагуу Т.Эрдэнэболороос сургалтын төлбөрийг шаардаж авч байсан боловч ШУТИС-ийн Сүхбаатар аймгийн салбар дахь Технологийн сургууль татан буугдаж ромбо, диплом авах боломжгүй болсон. Би Т.Эрдэнэболорт 310000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 360000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэболор нь 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөгийг хариуцагч Х.Гэрэлмаагаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Гэрэлмаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэболорын 360000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 11450 төгрөгний тал хувь 5725 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 5725 төгрөгийг хариуцагч Х.Гэрэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Т.Эрдэнэболорт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Т.Эрдэнэболорын 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Гэрэлмаа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэболорын 360000 төгрөгний улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 11450 төгрөгний тал хувь 5725 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 5725 төгрөгийг хариуцагч Х.Гэрэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Т.Эрдэнэболорт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА