Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 471

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Хохирогч Э.Л,

Шүүгдэгч Ц.Г , түүний өмгөөлөгч Т.Э /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 30-26/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н Г-д холбогдох эрүүгийн 2005011870537 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...”  жүжигчин ажилтай, ам бүл 6 аав, ээж, ах, 2 дүүгийн хамт .... аймаг ...... сум 4 дүгээр баг Хэрх сүүл толгой 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн Жаргалант 0 дүгээр гудамжны 0 тоотод түр оршин суудаг  /РД:/ урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Г,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Г  нь 2020 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 7 дугаар гудамжны нийтийн байрны гадаа хохирогч Э.Л-н хамар тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед ажил тараад хамаатныхаа ах болох Л-той уулзаад хоол идчихээд машинтай нь гадуур явж байгаад гэрийнхээ урд 00 цаг өнгөрч байхад буугаад гэрийнхээ хашаа руу орсон. Хашаа руу ороход гэр рүү ордог шатан дээр 1 эрэгтэй суучихсан, 1 эрэгтэй нь зогсчихсон байсан. Шат нарийнхан учраас багтахгүй би гэр рүүгээ оръё гээд шатанд дээр сууж байсан залууд хэлсэн. Тэгсэн тэр залуу зам тавьж өгөх гэж байгаа юм шиг босохоор нь би зөрөөд орох гэтэл шууд миний хамар руу духаараа мөргөсөн. Намайг мөргөдөг залуу намайг замдаад баруун шанаа руу хэд хэд удаа цохисон. ...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны шөнө гэмтлийн эмнэлэг ороод толгойны зураг авхуулаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөн ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлсэн. ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд хавдраа буулгаад дахиад хүрээд ирсэн гэсэн. Тэгээд хавдраа буулгаад очтол хамрын мэс засалд орох юм байна. Манайх 2.800.000 төгрөгөөр хагалгаа хийдэг гэсэн. 7 хоног хэвтүүлж эмчилнэ гэсэн. ...Би нэг өдрийн 500.000-600.000 төгрөгийн цалин авдаг. Мөн эмнэлгээр явж үзүүлэхэд 100.000 орчим төгрөгийн таксины зардал гарсан. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20, 21-22 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тус үйл явдал 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө болсон. Хэрэг явдал болсон өдрөөс хойш 10 хоногийн дараа хагалгаанд орсон. Хамар засах хагалгааны зардал 2.500.000 төгрөг болсон. Хохирлын баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөгөө нойл орсон залууг Г шатаар дээш гаргахгүй хэрэлдээд байсан. ...Би тэр залуугаас уучлалт гуйчихаад 2 найздаа боль гэж хэлж байхад нөгөө залуу байр руугаа орсон байсан. Би удахгүй унтах гээд байр руугаа орсон хойгуур орилолдоод байсан. Би тэгээд эргэж ирэхэд Гарьдхүү тэр залуу 2 хоорондоо барьцалдаж тэр залуугийн хамарнаас цус гарчихсан байсан. Харин И шатны доор зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

            Гэрч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёрыг сууж байхад нэг эрэгтэй хүн ирээд зөрчихье гэсэн. Г тэр эрэгтэй наана байж бай гээд зөрүүлж хажуугаараа гаргаагүй. Тэгээд Гарьдхүү тэр эрэгтэйгийн нүүрэн тус газар нь духаараа 1 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Үеэл ах Лодонсамбуу ...намайг унтаж байтал пижигнээд ороод ирсэн. Орж ирэнгүүтээ хаалгаа түгжээд ус зөөдөг хувинд цусаа гоожуулаад сууж байсан. ...Шатан дээр 3 залуу суучихаад зай тавьж өгөхгүй, оруулахгүй байсан. Тэгээд босч ирээд шууд мөргөчихлөө гэж хэлсэн. ...Хамраас нь маш их цус гарсан, хамрын яс нь далийчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн 4044 дугаартай “...Э.Л-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шинжээч Г.Х-н “...Л-н биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлээс өөр гэмтэл тогтоогдоогүй. Өвдөг гэмтсэн талаар тусгагдаагүй, зовиур шаналгаа илрээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн “...Уг бичлэг нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулийн 7 дугаар гудамжны 136а тоот хашаанд байрлах нийтийн байрны гадна талын шатны хэсгийг харуулсан камерны бичлэг байх ба цааш тоглуулахад шатан дээр малгайтай цайвар өнгийн гадуур хувцастай эрэгтэй доошоо суусан, уг эрэгтэйгийн баруун гар талд саарал өнгийн малгайтай эрэгтэй зогсох ба хашааны үүдний хэсгээс цайвар өнгийн гадуур хувцас өмссөн эрэгтэй ирж шатан дээр сууж байгаа эрэгтэйгийн зүүн гар талд ирж зогсов. Бичлэгийн 27 секундэнд шатан дээр сууж байсан малгайтай цайвар өнгийн хувцастай эрэгтэй босоод зүүн гар талд зогсож байсан залуугийн нүүрэн тус газар толгойгоороо 1 удаа мөргөв. Саарал өнгийн малгайтай эрэгтэй гаднаас орж ирсэн эрэгтэйгийн зүүн гар талын тохой орчмоос барьсан байв. Бичлэгийн 44 секундэнд баруун гараараа уг залуугийн баруун шанаан тус газар 1 удаа цохиж уг хоёр эрэгтэй баруун зүүн гараа зөрүүлэн тэврэлдэн зогсоход саарал өнгийн малгайтай эрэгтэй уг хоёр эрэгтэйгийн зүүн гар талд гарч зогсов. Энэ үед нийтийн байрнаас цайвар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй гарч ирэн шатаар бууж малгайтай цайвар өнгийн гадуур хувцастай эрэгтэйгийн ард очиж зогсов. Бичлэгийн 01 минут 26 секундэнд хашааны үүдний хэсгээс орж ирсэн эрэгтэй шатаар өгсөн гүйж нийтийн байрны хаалгаар оров... гэх тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Шүүгдэгч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр ажил хийх гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хотод ирсэн. Би ажилд ортлоо найз Э-н хөлсөлж амьдардаг нийтийн байранд түр хугацаагаар амьдарч байсан юм. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Говь-Алтай аймаг руу Аптайн хүдэр уурхайд ажилд орох гээд 30-ны өдөр явах байсан юм. Тэгээд хөдөө явахаас өмнө манай найз И 19 цаг өнгөрч байхад манайд ирсэн. И-г манайд ирэхэд Б, Э, Э-н найз охин бид дөрөв гэртээ байсан. И бид хоёр 20 цагийн үед дэлгүүр яваад 0,75 граммын 1 шил Хараа нэртэй архи аваад буцаж гэртээ ирээд тэр архинаас Б 2-3 хундагаа архи уусан. Жижиг архины хундага байсан. И бид хоёр үлдсэн архийг ууж дуусгаад дахиж 0,75 граммын 1 шил архи авсан. Б, Э хоёр өглөө ажилтай гээд архи уугаагүй. И бид хоёр л архи уусан. Авчирсан архиа И бид хоёр ууж дуусгаад тамхи татах гэж гарсан. Тэгээд шатан дээр тамхилаад сууж байхад нэг ах ирсэн. Тэр ах дээшээ гарчих уу гээд надаас асуусан, дээшээ гарахдаа хөлөөрөө миний зүүн мөр лүү шүргээд гарсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ гээд босч ирээд маргалдсан. Яг юу гэж маргалдсанаа сайн санахгүй байна. Маргалдаж байгаад би тэр хүний хамар луу 1 удаа духаараа мөргөсөн. Тэгсэн тэр хүн гэр лүүгээ орсон. Тэгээд И бид хоёр өрөөндөө ороод байж байтал цагдаа ирсэн. Тэр ахтай намайг маргалдаж байхад И бид хоёрыг хараад зогсож байсан. Зодоон цохион болоогүй, би 1 удаа л мөргөсөн, тэр ах намайг зөрүүлээд цохиогүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчид учирсан зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 46-47 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 9-11 тал/ зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Ц.Г  нь хохирогч Э.Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г 14 нас хүртлээ хурдан морь унадаг байсан, 4 дүгээр ангиасаа эхлээд жудо бөхөөр хичээллэдэг, их олон шагналтай хүүхэд. Төлөв даруу зантай, их дөлгөөн хүүхэд. 2018 оноос эхлээд морин циркт үзүүлбэр үзүүлээд Бүгд найрамдах Хятад ард улс руу 3 удаа явж тоглолт хийсэн. ...Ар гэртэй анхаарал халамж сайн, тусархуу зантай хүүхэд. Элдэв муухай зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 59-60 тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын бүрэнд дунд сургуулийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.И Ц.Г  нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байх ба прокурор Б.И-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.                                                                                   

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Ц.Г , хохирогч Э.Л нар нь үл ялих зүйлээс буюу шатаар дээш гарахдаа хөлөөрөө зүүн мөр рүү шүргэсэн гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч Ц.Г  нь хохирогч Э.Л-н няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Ц.Г г хохирогч Э.Л-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 4044 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 9-11 дэх талд 2.904.950 төгрөгийн баримт гарган өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г  нь 2.904.950 төгрөгний хохирол төлбөрөөс 500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г гээс 2.404.950 төгрөг гаргуулж, хохирогч Э.Л-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилгаагүй зэргийг харгалзаж, шүүгдэгч Ц.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдэлд нийцнэ гэж шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Г д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Г д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г гээс 2.404.950 /хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Л-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск-г хавтаст хэрэгт хадгалаж, шүүгдэгч Ц.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА