| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0059/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 58
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч, хохирогч: Г.Т,
Өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч, хохирогч: Д.Б,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Д-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Г-ийн Т нарт холбогдох 2028000600040 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн................................... төрсөн, эрэгтэй, ..... настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ................................, ..................... гэх газарт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овгийн Д-ийн Б, регистрийн дугаар .................,
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн ............................ төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч бармен мэргэжилтэй, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар ........................................ гэх газарт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овгийн Г-ийн Т, регистрийн дугаар ..........,
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар ........................................... тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт эхнэр Г.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар ................................................. тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт нөхөр Д.Бн баруун нүд рүү өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Б, Г.Т нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч Д.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүгдэгч, хохирогч Г.Т шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр Тын эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 11-р хуудас/
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт өөрийн нөхөр Бгийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 13-р хуудас/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой би эхнэртэйгээ бас манай найз А, эхнэр М нартай хамт Баяндалай сум руу очиж Б, Т нарыг аймаг руу авч ирсэн. Аймагт ирээд орой 18 цаг өнгөрөөгөөд тэд нар шууд манайд буусан. Тэгээд А, М нар гэр лүүгээ явсан. Тэгээд бид нар байж байтал манай найз Д гэдэг залуу ирсэн. Тэгээд бид нар нийлж 2 шил архи, 1 ширхэг том пиво хувааж ууцгаасан. Тэгж байгаад Д согтоод унтчихсан. Манай эхнэр, Б, Т бид нар шөнө 01 цагийн үед унтах гэж байсан чинь Б, Т хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэгсэн чинь Б би явлаа гээд гарчихаад эргэж орж ирсэн. Ттай маргалдаад байх шиг болсон. Тэгж байгаад Б, Тыг 1 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Т чи явж чадахгүй бол би явлаа гээд гутлаа өмссөн. Тэгснээ гэрийн зүүн хойд талд сууж байсан Бгийн нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд Т шууд гараад явчихсан. Тэгсэн чинь Бгийн баруун талын нүднээс цус гоожоод байна гэхээр нь харсан чинь баруун нүднээс нь цус гоожсон байхаар нь би эмнэлэг рүү утсаар ярьсан. Эмнэлэг нь цагдаад мэдэгдээд хамт ирээрэй гэж хэлсэн. Тэгж байтал Т гаднаас орж ирээд түргэн, цагдаа хоёрыг би өөрөө дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой манай найзууд болох Б, Т нар хөдөөнөөс ирж байна цас ихтэй байгаа болохоор мотоцикльтой явж болохгүй байна, Баяндалай сумаас ирээд аваач гэхээр нь нөхөр бид хоёр найзынхаа машинаар явж тэднийг авч ирсэн. Баяндалайгаас ирэх замдаа 1 шил 0,75 грамм архи, 1 ширхэг 2,5 литрийн савлагаатай пивыг Баянмөнх, Б, Т бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд гэрт ирээд нэмж 2 шил архи, 1 том пиво хувааж ууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн үед л байх Т, Б нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тухайн үед тэгж байгаад Б нь Тын нүүр лүү хөлөөрөө тийрчихсэн. Тэгж байсан чинь Т чи яахаараа намайг өшиглөж зоддог юм гэж үглэж сууж байгаад гутлаа өмссөн. Тэгэхээр нь би явах гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн чинь Т гэнэт Бгийн нүүр үү нэг удаа өшиглөчихөөд гараад явчихсан. Тэгж байсан чинь Б Б-ийг ус хутгаад өгөөч миний нүднээс цус гарчихлаа гэхээр нь харсан чинь баруун нүднээс нь цус гарч байсан. Тэгсэн Т гаднаас орж ирээд би эмнэлэг, цагдаа дуудсан байгаа гэж хэлээд миний буруу гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 21 цагийн үед байх би Зүүнсайханд айлд байж байтал манай найз Б утсаар яриад би хөдөөнөөс ирсэн Баянмөнхийнд хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь Баянмөнх, эхнэртэйгээ, Б, Т нар архи уугаад сууцгааж байсан. Тэгэхэд би өмнө нь архи уучихсан байсан болохоор тэд нартай нийлж 1 шил архи хувааж ууж байгаад сүүлдээ согтож тасраад унтсан байсан нэг сэргэхэд Баянмөнх, эхнэртэйгээ сэрүүн байж байсан. Тэгсэн чинь Баянмөнх нь сая Т, Бгийн нүдийг өшиглөөд гэмтээчихсэн гээд байж байсан. Тэгээд би босоогүй эргээд унтсан. /хх-ийн 21-22-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №158 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Бгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, алимны шарх, салст, уураглаг, судаслаг бүрхүүл болон шилэнцрийн гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба уг гэмтлийн улмаас баруун нүдний хараа бүрэн алдагджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №159 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Тын биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, зүүн эгэм орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүүний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 53-54-р хуудас/
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. /хх-ийн 56-57-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 34-48-р хуудас/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 84-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 76-78-р хуудас/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79-80-р хуудас/
Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82-р хуудас/
Г.Тын эцэг, эхийн тодорхойлолт /хх-ийн 113-р хуудас/
Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 114-125-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хх-ийн 110-112-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-21 тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт эхнэр Г.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтуугаар Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-21 тоотод оршин суух иргэн А.Б-ийн гэрт нөхөр Д.Бн баруун нүд рүү өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №159 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Тын биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, зүүн эгэм орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, эрүүний зулгаралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/ гэснээр,
Мөн шүүгдэгч Г.Тын үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №158 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Д.Бгийн биед баруун нүдний зовхины цус хуралт, алимны шарх, салст, уураглаг, судаслаг бүрхүүл болон шилэнцрийн гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба уг гэмтлийн улмаас баруун нүдний хараа бүрэн алдагджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Тын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Г.Т нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.611.440 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх ба хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч Г.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т, Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдал нь: ........................................... зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Тын хувийн байдал нь : .................. зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1-т анх удаа гэм хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно гэж заасан байдаг. Г.Т нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага шалгах хуудсаар тогтоогдож байна. Мөн энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болоод бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно гэж заасан. Д.Бгийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан учирсан хор уршиг болох эмнэлгийн зардлыг өөрийн санаачилгаар төлж барагдуулсан. Мөн өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн зэрэг байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. Г.Т нь бага насны 3 хүүхэдтэй, Д.Б, Г.Т нар нь 3 бага насны хүүхдийг асарч хүмүүжүүлдэг. Д.Б өөрөө дангаараа 3 хүүхдээ асарч харж чадахгүй, эхнэрийнхээ туслалцаатай 3 хүүхдээ асарна, бага хүүхэд тархины идээт мэнэнгит гэсэн оноштой гэж мэдүүлдэг. Бага хүүхэд нь 1 нас 6 сартай байнгын хараа хяналтад байдаг учир хорих ял эдлэх боломжгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү? гэх дүгнэлт гаргав.
Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бага насны 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Т нь хохирогч Д.Бд 1.611.440 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Д-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овгийн Г-ийн Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Т нь хохирогч Д.Бд 1.611.440 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА