Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 461

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч ГЭ- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-ийн Э-д холбогдох эрүүгийн 2005009920492 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, .... ХХК-нд менежер, ам бүл ., эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, зүүнбаян уул .... тоотод оршин суудаг, /РД:/ Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Г-ийн Э-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч ГЭ- нь 2020 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” зочид буудлын 4 тоот өрөөнөөс хохирогч Г.Д-ий өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ГЭ-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:  

Эд зүйл хураан авсан “...Хар өнгийн I phone x загварын, 354853095931063 тоот Imei кодтой, гадна талдаа гэргүй, 88081456 тоот дугаар байршуулсан гар утсыг хураан авлаа. Тухайн утасны симний үүрэнд байх 88081456 тоот дугаарыг ГЭ-гаар өөрөөр нь авахуулан ГЭ-д буцаан өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Хар өнгийн I phone х загварын гар утсанд үзлэг хийсэн “...хар өнгийн I phone x загварын, 354853095931063 тоот imei кодтой, гадна талдаа гэргүй, 88081456 тоот дугаар байршуулсан, тухайн гар утас нь 0305000 гэсэн кодоор дэлгэц нь нээгдэж байна. ...ГЭ-гийн хоёр ширхэг зураг байршилтай, гаднаас болон гадагшаа дуудлага хийсэн 40 дуудлага байна, мөн гаднаас ирсэн болон гадагшаа явуулсан нийлсэн 10 мессежнүүд юм гэж хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хар өнгийн I phone х загварын гар утсыг хохирогч Г.Д-ий ээж Т.У-т 2020.03.20-ны өдөр 09 цаг 10 минутад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Хохирогч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 2 дугаар сарын 03-ны оройн 10 цагийн үед Да хүрээ захын ард байх өөрийн найз Г-той уулзаж тэдний гэрт Хар Чингис нэртэй 0,75 литр савалгаатай архийг 4 найзын хамт уусан. Тэдний гэрээс шөнийн 02 цагийн үед гараад такси бариад Э- гэх найзыгаа хүүхдийн зуугаас авсан. Бид хоёр урьд нь чаталж байгаад уулзахаар тохирсон юм аа. Тэгээд бид хоёр уулзаад 03 цагийн үед Төмөр замын ард талд байх “Тэс” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд шөнийн 03 цаг 59 минутанд буудлын тооцоог тухайн буудлын данс руу өөрийн барьж байсан "Ай фоне-экс" загварын утсаар интернет банк ашиглан 35.000 мянган төгрөг шилжүүлсэн тэр үед миний утас байсан. Тэгээд бид хоёр 4 тоот өрөөнд орсон. Буудалд ороод би нэлээн согтсон байсан учраас удалгүй унтаад өгсөн. Тэгээд өглөөний 09 цагийн үед сэрээд утсаа үзэхэд миний утас алга болсон байсан. Тэр үед Э- яваад өгсөн байсан. Би утсаа буудлын өрөөнд хайгаад олоогүй, хүний утас гуйгаад Э- руу залгахад би шөнийн 05 цагийн үед явсан би чиний утсаар яах вэ, би өөрөө "Ай фоне-11" маркын утас барьдаг хүн шүү гэж хэлэхээр нь тухайн үедээ Э-д итгэсэн юм. ...Юнител ХХК-наас 354853095931063 IМЕI дугаартай I Phone маркын гар утсыг Даваасан овогтой Б- /уш99022412/ гэх хүн 2020 дугаар 02 сарын 04-ний өдрөөс эхпэн 88085146 дугаарыг хийж ашигласан гэх мэдээлэл ирсэн. Гэтэл Д.Б- гэх хүний нэр дээрх 88085146 гэх дугаарыг тухайн өдөр надтай хамт “Тэс” буудалд орсон Э- байсан нь тогтоогдсон. ...Миний гар утас эвдрэл гэмтэлгүй байсан гэтэл одоо дэлгэц нь голоороо ягаан туяа гүйчихсэн байна гэж манай ээж болох Т.У- надад хэлсэн юм. Тийм болохоор буцааж бүрэн бүтэн болгох саналтай байна...” /хх-ийн 23-25 тал/

Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр манай хүү Г.Д- нь гэрээсээ 20 цагийн орчим гарч яваад 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирэх дээ I phone загварын гар утсаа хулгайд алдсан байдалтай орж ирсэн. ...Манай хүү уг I Phone x нэртэй гар утсыг анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрө Юнителээс 3.240.000 төгрөгийн худалдан авч байсан юм.. ...утасны үнэлгээ гарахад 2.600.000 төгрөгөөр үнэлсэн, миний хувьд үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, мөн би хүүдээ утсаар хэлэхэд зөвшөөрч байсан...” гэх /хх-ийн 27 тал/,

Гэрч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...88085146 дугаарыг авсаныхаа дараа нээх ашиглаагүй байж байгаад, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажилтнаар ажилладаг ГЭ- гэх эмэгтэйд 2019 оны 11 дүгээр сарын дундуур үеэс эхлэн ашиглуулж байсан юм. ГЭ- ч уг дугаарыг хувьдаа болон ажилдаа ашиглаж байсан. ...ГЭ- анх 2019 оны 10 дугаар сард ажилд орохдоо hovay загварын гар утас барьдаг байсан юм, сүүлд 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Хар өнгийн I Phone х загварын гар утсыг барьж хэрэглэж байгааг харсан мэдсэн юм. Э- бид хоёр бол ажлын холбогдолоор ойр байдаг юм, тухайн гар утсыг хувь лизингээр худалдаж авах талаар надад хэлж байсан. Тэр өдрийн дараачаар удалгүй хар өнгийн I Phone х загварын гар утсыг барьж эхэлсэн, мөн миний 88085146 тоот дугаарыг хийчихсэн ашиглаж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28 тал/

Хөрөнгийн үнэлгээний "Хас үнэлгээ" ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 391 дугаартай “Айфоне экс" загварын гар утсыг 2.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 31 тал/

Яллагдагч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын гадна талаас гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулдаг хүмүүсээс 2.5 литрийн пиво 1 ширхэгийг аваад тэндээсээ Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” зочид буудалд ороод хувааж уугаад хоорондоо маргалдаад Д- унтаад өгчихсөн. Тэгэхээр нь би жаахан сууж байгаад гарахдаа Д-ий хэрэглэж байсан “Ай фоне экс” загварын утсыг авч яваад гэртээ такси барьж ирсэн юм. Түүнээс хойш 3 хоногийн дараа би Д-ий барьж байсан "Айфоне Экс” загварын гар утсанд надтай цуг ажилладаг Б-ий нэр дээр байдаг өөрийнхөө ашиглаж байгаа 88085146 гар утасны дугаарын сим картыг Д-ий гар утсанд хийж ашиглаад цагдаа дээр дуудагдаж ирээд гар утсыг нь буцааж өгсөн юм. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гар утасны дэлгэцний мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч ГЭ-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Т.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Миний дүү Э- нь зан байдлын хувьд илэн далангуй, тусархуу, үг сайн хүлээж авдаг, нийтэч, сэргэлэн хүүхэд юм. ...БЭ- нь одоо бол зуучлалын компанид менежерээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 51 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 52 тал/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 53 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ГЭ-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.  

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч ГЭ- нь 2020 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” зочид буудлын 4 тоот өрөөнөөс хохирогч Г.Д-ий өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч ГЭ- нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч ГЭ-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ГЭ- нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Хохирогчийн гар утсыг “Ашид Б-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.600.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 30 тал/ Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утсыг биед байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн “...хар өнгийн I phone х загварын гар утсыг хохирогч Г.Д-ий ээж Т.У-т 2020.03.20-ны өдөр 09 цаг 10 минутад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

Мөн хохирогч “...миний гар утас эвдрэл гэмтэлгүй байсан, гэтэл одоо дэлгэц нь голоороо ягаан туяа гүйчихсэн байна...” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ГЭ- нь гар утасны дэлгэцний мөнгөнд тооцож 400.000 төгрөг төлсөн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ГЭ- нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.   

Мөн шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ГЭ-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ГЭ-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ГЭ-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-д мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА