Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох  тухай    

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Дөрвөлжийн 5-5 тоотод оршин суух Ц.Чимэдбалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Дөрвөлжийн 5-4 тоотод оршин суух Г.Сумъяад холбогдох зээлийн 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чимэдбал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Сумъяа нь 2015 оны 05-р сарын 17-ны өдөр наймааны бараанд явах гэсэн мөнгө дутаад байна, хүүтэй мөнгө зээлье гээд 600000 төгрөгөөр 2 удаа зээлсэн. Тухайн үед мөнгө зээлэхдээ сарын 15 хувийн хүү төлнө, зээлсэн мөнгөө удаахгүй өгнө гэж амалж итгүүлсэн тул би 1200000 төгрөг зээлүүлсэн боловч зээлсэн мөнгөө төлөөгүй. Иймд Г.Сумъяагаас 1200000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чимэдбал нь Г.Сумъяад холбогдуулан 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Чимэдбал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Чимэдбалын 1200000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгний тал хувь 16675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 16675 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Чимэдбалд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Чимэдбал нь Г.Сумъяад холбогдуулан 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чимэдбалын 1200000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгний тал хувь 16675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 16675 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Чимэдбалд олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА