Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1068

 

  

    

 

 

 

 

 2020            06        08                                 2020/ШЦТ/1068

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

 улсын яллагч С.Чимэдцэеэ,       

 хохирогч Б.Бямба,

 шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Энхбуйр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0970/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цад холбогдох эрүүгийн 1806 06429 1001 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Д.Ц, Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өмнө нь “Номин Холдинг” ХХК-д худалдагч хийж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 43-669б тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Ц нь

1. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан Өлгийн 14-179 тоотод байрлах иргэн П.Даваадуламын “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохирч, П.Даваадуламаас хүлээн авсан Пос машины орлого, зарлагын картнаас 1,888,610 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан;

2. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн зүүн талын түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж байх үед иргэн Б.Бямбаас итгэмжлэн хариуцуулсан “Жи мобайл”, “Юнител”, “Мобиком”-ын нийт 631,800 төгрөгийн нэгж, иргэн Ц.Болормаагаас итгэмжлэн хариуцуулсан 943,050 төгрөгийн тамхийг тус тус завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч Д.Цын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан Өлгийн” 14-179 тоотод байрлах иргэн П.Даваадуламын “Наран” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохирч, П.Даваадуламаас хүлээн авсан Пос машины орлого, зарлагын картнаас 1,888,610 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн зүүн талын түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж байх үед иргэн Б.Бямбаас итгэмжлэн хариуцуулсан “Жи мобайл”, “Юнител”, “Мобиком”-ын нийт 631,800 төгрөгийн нэгж, иргэн Ц.Болормаагаас итгэмжлэн хариуцуулсан 943,050 төгрөгийн тамхийг тус тус завших гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ц гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цын өгсөн: “...Дэлгүүрийг сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үедээ 2 сая гаруй төгрөгний бараа, пос машин, лангуу зэргийг хүлээн авсан. Тэгээд 2 өдөр ажиллаад хоёр өдрийн орлого 190,000 төгрөг авах гэж АТМ орсон. Даваадулам мөнгө байгаа гэж ерөөсөө хэлээгүй. 1,888,000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сараас хөдөө уурхайд ажиллаж байсан. Хохирол төлбөрт төлөгдсөн мөнгө байхгүй. Манай нөхөр барилга дээр ажиллаж байгаад нуруугаа хугалаад хэвтэрт байгаа...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбын өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гудамжинд явж байтал эр, эм хоёр хүн зөрж өнгөрсөн. Тэгээд над дээр буцаж ирээд “та нэгж зардаг хүн мөн үү” гээд уулзсан. Дэлгүүрийн түрээсийн гэрээ, нөхрийнх иргэний үнэмлэхийг үзүүлсэн. Тэгээд “Жи мобайл”, “Юнител”, “Мобиком”-ын нийт 631,800 төгрөгийн нэгж өгсөн. Мөнгөө авах гэтэл манай нөхөр хороололд дэлгүүр түрээсэлж байгаа, тэр дэлгүүр дээр нэмж нэгж бас авна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь авах гээд очтол охин нь “аав, ээж хоёр аваарт орсон” гэж хэлсэн. Үүнээс хойш 2 жил болж байна. Тийм  учраас Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2015 онд би яг энэ хүнд 595,600 төгрөг залилуулсан байгаа юм. Одоо 130,000 төгрөг дутуу үлдсэн. Тухайн үед энэ хүний нэр Д.Ц биш Цэрэнжаргал гэдэг нэртэй байсан. Иймд өмнөх хохирлын 130,000 төгрөг дээр нэмж 631,800 төгрөг, нийт 761,800 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг[2],

Нэг. Иргэн П.Даваадуламын 1,888,610 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан болохыг нотлох баримтууд;

3. Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл[3],

4. Хохирогч П.Даваадуламын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр миний  “Шуурхай зар” сонинд байрлуулсан дэлгүүр түрээслэх зарын дагуу Дамдиндорж овогтой Д.Ц гэх 32 настай, эмэгтэй нөхрийн хамтаар манай дэлгүүрийг 2,600,000 төгрөгийн барааны хамтаар сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон түрээслэх болсон. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би дэлгүүрийн пос машинд 10 сая төгрөг уншуулан 05 дугаар сарын 29-ний өдөр орлого орохоор нь авна гэж бодоод орхисон байсан боловч 29-ний 16 цагийн үед манай пос машины картнаас нийт 1,888,610 төгрөгийн зарлага 5 удаагийн гүйлгээгээр гарсан болохыг банкин дээр очиж дансаа шалгахдаа мэдсэн. Дансаа шалгах болсон учир нь Д.Ц над руу залгаж түрээс болон барааны мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгье, кредит картны лимит хэтэрсэн байна, үлдсэн мөнгийг 2-3 хоногийн дараа өгье гэхээр нь бидэнд анх банкнаас зээл авч төлбөр өгнө гэснийг нь санаж пос машины картанд мөнгө хийж үлдээснээ санаад хардан дансаа шалгахад мөнгө алдагдсан байсан...” гэх мэдүүлэг[4],

5. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Капитал” банкин дахь 2110015014 дугаартай депозит дансны хуулга[5];

Хоёр. Иргэн Б.Бямбаас итгэмжлэн хариуцуулсан “Жи мобайл”, “Юнител”,

“Мобиком”-ын нийт 631,800 төгрөгийн нэгжийг завшсан

болохыг нотлох баримтууд;

6. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл[6],

7. Хохирогч Б.Бямбын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны салбар орохоор явж байх үед нэг зүс таних эмэгтэй надтай уулзаад “та нэгж зараад яваад байдаг хүн мөн үү? би энд нэг ТҮЦ түрээслэн ажиллуулж байгаа юмаа надад нэгж өгч заруулж болно шүү дээ” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйтэй танилцаад 7 хоногт 1 удаа тооцоогоо хийж байхаар тохироод Мобикомын 95147609 дугаарт 100,600 төгрөгний нэгж, Юнителийн 86139540 дугаарт 69,200 нэгж зарах эрхтэй өгөөд картаар 180,000 төгрөгний нэгж нийт 349,800 төгрөгний нэгж өгсөн юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Юнителийн 104,000 нэгж, Мобикомын 50,000 төгрөгний нэгж нэмж өгсөн. Ингээд нийт 503,800 төгрөгний нэгж өгсөн юм. Тэгээд дараа 7 хоног нь буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ирж тооцоо хийхэд 297,000 төгрөг надад өгч тооцоо нийлээд бусад нэгж нь буюу 206800 төгрөгний нэгж зарагдаагүй үлдсэн байсныг би бүртгээд дээр нь нэмж Юнителийн утсанд 2018 оны 06 дугаар сарын 11 -ний өдөр 104,000 төгрөгний нэгж, картаар 119,000 төгрөгний нэгж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгний нэгж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгний нэгж хийгээд нийт 631,800 төгрөгний нэгжний мөнгө авах ёстой болж байгаа юм. Эрдэнэцэцэг овогтой Цэрэнжаргал ЗЮ85012001 дугаарын бичиг баримттай хүн байсан юм. ...Би 2018 оны 11 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж эргэн тодруулахад н.Хонгорзул гэх байцаагч таны юмыг авсан хүн Цэрэнжаргал биш Д.Ц гэдэг хүн байна гээд Д.Цын паспортыг надад харуулаад энэ мөн үү гэж хэлсэн. Надаас нэгж авсан хүн мөн байсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч М.Энхтуяагийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Ц болон Оюун-Эрдэнэ гэх хүмүүсийг танина. Би 2-3 жилийн өмнө “Шуурхай зар” гэх зарын газарт Кино үйлдвэрт ТҮЦ түрээслүүлнэ гэсэн зарыг тавьж байсан. Тус зарын дагуу Д.Ц гэх хүүхэн над руу яриад манай ТҮЦ-ний байршлыг асуухаар нь би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар Их сургуулийн зүүн өнцөгт байршилтай гэхэд тэр эмэгтэй эгчээ ТҮЦ-ийг чинь түрээслэе эхний ээлжинд урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь 06 дугаар сарын 01-нд өгье гэж хэлээд надаас ТҮЦ-ний түлхүүр авч байсан. Тэгээд миний мөнгийг өгөхгүй байхаар нь би өөрийн ТҮЦ-дээ очиж үзэхээр Д.Ц нь ерөөсөө байдаггүй бөгөөд хаашаа явсан талаар асуухад бараа материал авахаар явсан гэх мэтээр ярьдаг байсан намайг ТҮЦ рүү орохоор Д.Цын нөхөр Оюун-Эрдэнэ эсвэл түүний охин гэх нэг охин сууж байдаг байсан. Тэр хүмүүс надад сүүлд 100,000 төгрөг нэмж өгсөн боловч үлдэгдэл 200,000 төгрөгийг өгөөгүй. Түүнээс хойш 06 дугаар сарын 17-ны өдөр би ТҮЦ рүү ороход охин нь байсан ба ээж чинь хаана байна гэж асуухад тэр охин “ээж өчигдөр орой хүнд зодуулсан гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би “ээж аав хоёроо утсаа ав гэж хэлээрэй” гээд явсан. Түүнээс хойш 2,3 хоног утсаар нь залгасан боловч утсаа авдаггүй байсан. Тэгээд байж байтал нэг өвөө над руу залгаад “танай ТҮЦ-ний цонх хагархай байна яаралтай хүрээд ир” гэхээр нь би яваад очиход манай ТҮЦ-ний цонх хагархай, онгорхой байдалтай байсан. Тэр өвөө нь Д.Ц гэх хүүхэнд нэгж зарсан тэр нэгжний мөнгөө авахаар ирсэн боловч цонх нь хагархай байсан тул над руу залгасан гэсэн. Би тэр өвөөгөөс та миний дугаарыг хаанаас, хэрхэн, яаж олсон талаар асуухад Д.Ц нь тэр өвөөгөөс нэгж худалдаж авахдаа тэр өвөөд бид нарын байгуулсан түрээсийн гэрээг харуулж байгаад нэгж авсан байсан..” гэх мэдүүлэг[8],

9. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явүулсан тэмдэглэл, гэрэл зураг: “...Таньж олуулах ажиллагааг явуулж М.Энхтуяа гэх хүнд 1-ээс 4 хүртэл дугаарласан эмэгтэй хүмүүсийн цээж зургийг үзүүлэв. ..М.Энхтуяа нь 2 болон 4 дугаараар дугаарласан зургийг харж эргэлзэж байх бөгөөд Д.Ц нь жижиг биетэй, шар царайтай эмэгтэй байсан гээд 4 дугаараар дугаарласан зургийг зааж байх бөгөөд ямар шалтгааны улмаас тус зургийг зааж байгаа талаар асуухад би Д.Ц гэх хүүхэнтэй 2-3 удаа уулзаж байсан, энэ эмэгтэй мөн байна гэж зааж байв...” гэх тэмдэглэл[9],

10. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...1,2,3,4 гэсэн дугаартай зургуудыг үзүүлэхэд хохирогч Б.Бямба нь 2 дугаараар дугаарласан зургийг шууд зааж байх бөгөөд ямар шалтгааны улмаас тус зургийг зааж байгаа талаар асуухад би Д.Ц гэх хүнд урьд өмнө нь залилуулж байсан. Тус зурган дээр байгаа эмэгтэй нь надад байгаа зурагтай лавлагаан дээр байсан эмэгтэй мөн байна. Энэ хүн намайг залилсан Д.Ц мөн байна гэж зааж байв...” гэх тэмдэглэл[10],

Гурав. Ц.Болормаагаас итгэмжлэн хариуцуулсан 943,050 төгрөгийн тамхийг завшсан болохыг нотлох баримтууд;

11. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл”[11],

12. Хохирогч Ц.Болормаагийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг хүнсний ТҮЦ-д Цэрэнжаргал гэж хүнд 201,000 төгрөгийн тамхи, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 742,050 төгрөгийн тамхи заруулахаар падаан бичиж өгсөн бөгөөд дараа нь тооцоо хийхээр очиход Цэрэнжаргал нь уг ТҮЦ-ээ түрээслэхээ больчихсон байсан. Цэрэнжаргалтай өмнө нь хэд хэдэн удаа тамхи хүлээлгэн өгч цаг тухай бүрт нь тооцоо нийлж мөнгө төгрөгөө авч байсан болохоор итгэж найдаад нийт 943,050 төгрөгийн тамхи заруулахаар өгсөн юм” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч Ш.Алтанхуягийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Ц.Болормаа нь тамхи бөөний үнээр аваад хүмүүст зардаг юм. Тэгээд хэд хэдэн удаа өгөлцөж авалцсаны дараа 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 201,000 төгрөгийн бараа болох тамхи аваад орой нь 642,050 төгрөгийн бараа авахад би хүү болох А.Анхбаяртай хамт явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сургуулийн зүүн урд байрлах ТҮЦ нь өөр хүн ажиллуулж байсан. Тэгээд гайхаад ажиллаж байсан хүнээс эзнийх нь /96601097/ дугаарыг авч асуухад Цэрэнжаргал манай ТҮЦ-ийн цонхыг хагалаад явсан байсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг[13],

14. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримтын хуулбар[14],

15. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа” явуулсан тэмдэглэл, гэрэл зураг” гэх тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Цын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цаас 3,463,460 /гурван сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулан,

1) Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 14-179 тоот хаягтай, РД:РМ87050408 дугаартай, хохирогч П.Даваадуламд 1,888,610 /нэг сая найман зуун наян найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг;

2) Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-4 тоотын хажуу өрөөнд оршин суух хаягтай, РД:ЧР59121619 дугаартай, хохирогч Б.Бямбад 631,800 /зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун/ төгрөгийг;

3) Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202-68 тоотод оршин суух хаягтай, РД:ПЭ75102401 дугаартай, хохирогч Ц.Болормаад 943,050 /есөн зуун дөчин гурван мянга тавин/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Цад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Цад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Д.Цад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сараар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Д.Цыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 445 дугаар нээлттэй хорих ангид хорьж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон нийт 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сар хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Цад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Цыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 445 дугаар нээлттэй хорих ангид хорьж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон нийт 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цаас 3,463,460 /гурван сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулан,

1) Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 14-179 тоот хаягтай, РД:РМ87050408 дугаартай, хохирогч П.Даваадуламд 1,888,610 /нэг сая найман зуун наян найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг;

2) Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11-4 тоотын хажуу өрөөнд оршин суух хаягтай, РД:ЧР59121619 дугаартай, хохирогч Б.Бямбад 631,800 /зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун/ төгрөгийг;

3) Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202-68 тоотод оршин суух хаягтай, РД:ПЭ75102401 дугаартай, хохирогч Ц.Болормаад 943,050 /есөн зуун дөчин гурван мянга тавин/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Цад авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 120-123 дугаар тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 130-135 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал

[6] 2 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[7] 2 дугаар хавтаст хэргийн 22-23, 65 дугаар тал

[8] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал

[9] 2 дугаар хавтаст хэргийн 71-73 дугаар тал

[10] 2 дугаар хавтаст хэргийн 79-83 дугаар тал

[11] 1 дүгээр хавтатс хэргийн 9 дүгээр тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал

[15] 1 дүгээр хавтст хэргийн 55-62 дугаар тал