| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0043/и |
| Дугаар | 43 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 43
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Орхон аймгийн Эрдэнэт хотын Уурхайчин багийн 3-16-50 тоотод оршин суух Дарьганга овогт Зундуйн Бадамгаравын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Бадамгарав шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981-1984 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1981-1984 онуудад Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дарьганга овогт Зундуйн Бадамгарав нь 1981 оны 07-р сарын 27-оос 1984 оны 08-р сарын 02-ыг хүртэл Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 12-ны өдрийн 9/15 тоот цалингийн лавлагаа, /З.Бадамгаравын Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсан 1981-1985 онуудын цалингийн бичилт бүхий/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтийн хуулбар /Илгээлт № 81043 Зундуй овогтой Бадамгарав. Сүхбаатар аймгийн НААҮГ-т ажиллах илгээлт олгов/ гэжээ. Сүхбаатар аймгийн НААҮГ-ын харъяа ахуй үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 08-р сарын 04-ний өдрийн 96 тоот тушаалын хуулбар /10 жилийн сургуулиас хуваарилагдан ирсэн З.Бадамгарав нарыг оёдолчноор ажилуулах тухай/, Сүхбаатар аймгийн НААҮГ-ын харъяа ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 08-р сарын 01-ний өдрийн 118 тоот тушаалын хуулбар /З.Бадамгарав нь сургуульд суралцах болсон тул 1984 оны 08-р сарын 01-ээс ажлаас чөлөөлсөн тухай/, гэрч Д.Бямбаагийн шүүхэд өгсөн: “З.Бадамгарав нь 1981-1984 онуудад Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын оёдлын 1 дүгээр тасагт оёдолчноор ажиллаж байсан. Тухайн үед МХЗЭ-ийн Төв Хорооноос сайн ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж сургуульд явуулдаг байсан. З.Бадамгарав нь тухайн үед сайн ажилласан гээд МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтээр сургуульд явж байсан. Тухайн үед би өөрөө оёдлын 1 дүгээр бригадад оёдолчин, бригадын даргаар ажиллаж байсан. Бид нэг бригадад, нэг тасагт хамт ажиллаж байсан болохоор З.Бадамгаравын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1969-1990 онуудад Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын оёдлын 1 дүгээр тасагт оёдолчин, бригадын даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Долгорын шүүхэд өгсөн: “З.Бадамгарав нь 1981-1984 онуудад Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын оёдлын 1 дүгээр тасагт оёдолчноор ажиллаж байсан. Оёдлын 1 дүгээр бригадын тасгийн дарга нь Бямбаа гэдэг хүн байсан. Ер нь бол НААҮ нь үйлчилгээ нь олон тасагтай байсан. З.Бадамгарав нь оёдолчноор ажиллаж байгаад сургуульд явсан. Бид нэг бригадад, нэг тасагт хамт ажиллаж байсан болохоор З.Бадамгаравын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1982-1993 онуудад Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын оёдлын 1 дүгээр тасагт оёдолчноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Дарьганга овогт Зундуйн Бадамгарав нь 1981 оны 07-р сарын 27-оос 1984 оны 08-р сарын 02-ыг хүртэл Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч З.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дарьганга овогт Зундуйн Бадамгарав нь 1981 оны 07-р сарын 27-оос 1984 оны 08-р сарын 02-ыг хүртэл Сүхбаатар аймгийн НААҮГ-т оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч З.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА