Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1080

 

    

 

 

 

 

 

    2020        06         09                                  2020/ШЦТ/1080

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

 хохирогч У.Шижиртуяа,               

 шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 2006 00000 0895 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.У, Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэй, Тавилгын үйлдвэрт менежер ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 12-254 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто машины зогсоол дээр иргэн У.Шижиртуяаг үсдэж, нүүрэн тус газарт нь маажин, өшиглөн эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч Б.Угийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.У нь 2020 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто машины зогсоол дээр иргэн У.Шижиртуяаг үсдэж, нүүрэн тус газарт нь маажин, өшиглөн эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.У гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

                                       ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Шижиртуяа мэдүүлэхдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтын хувьд би гэмтэл авсныхаа дараа ажилдаа явж чадаагүй. Тэгээд ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Хэрэг гардаг орой ажлынхаа 2 эгчтэй хамт явж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явж байхад Б.Утай хамт явж байсан хүмүүс намайг “бүдүүн” гээд янз бүрээр доромжлоод байсан. Тэгэхэд Б.У над дээр ирээд “манай найзууд угаасаа ийм. Бид нарыг уучлаарай” гэж хэлээд гал асуусан. Тэгээд хүнтэй юм яриад цаана байж байхад шууд ирээд намайг өшиглөсөн. Тэгээд бид 2 барьцалдаад муудалцсан гэв.” гэжээ[1].

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ[2].

3. Гэрч Б.Бадамсэдийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой ажпаа тараад миний машинтай Сансарбаяр, Бадамсүрэн, Шижиртуяа, бид нар яваад Сансарбаярыг цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо автобусны буудал дээр буулгасан. Тэгээд бид гурав явж байхад Сансарбаяр гар утсаа машинд орхисон байхаар нь бид нар Цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар болж авто машины зогсоол дээр зогсож байгаад Сансарбаярт гар утсыг нь өгсөн. Тэгэхэд цэцэрлэгт хүрээлэн дотор хэсэг машинтай хүмүүс бүжиглээд байхаар нь хүрээлэн рүү Шижиртуяа ороод алхаж байгаад буцаад машин руугаа явж байхад машиныхаа хажууд пиво ууж байсан хэсэг залуучууд бид хоёрыг “ал, гичий” гэх мэтээр хэл амаар доромжпоод байсан. Тэгэхэд Шижиртуяа нь хариу үйлдэл үзүүлж хэрэлдсэн. Тэгэхэд цаанаас нэг залуу хэрүүл хийгээд байхаар нь маргалдаж байхад нэг туранхай эмэгтэй ирээд “бид нар архи уусан байна аа” гээд уучлал гуйсан. Тэгэхээр нь би буцаад машин руугаа орох гэж байхад нэг залуу хэрүүл хийгээд байхаар нь очих гээд алхаж байхад хажуугаар нэг охин гүйж очоод Шижиртуяагийн үснээс зулгаагаад эхлэхээр нь би буцаж очоод салгах гэхэд тухайн охин үснээс нь зулгаагаад тавихгүй байсан. Шижиртуяагийн зүүн нүд, зүүн хацар нь майжигдсан, гэдэс рүү нь олон өшиглөсөн шороо болсон байсан” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Бадамсүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой ажлаа тараад Бадамсэдийн машинтай Сансарбаяр, Шижиртуяа бид нар хамт явж байгаад Сансарбаярыг цэцэрлэгт хүрээлэнгийн автобусны буудал дээр буулгасан. Гэтэл Сансарбаяр гар утсаа орхисон байна гэхээр нь бид нар цэцэрлэг хүрээлэнд дахин уулзахаар болсон. Тэгээд цэцэрлэг хүрээлэн рүү Шижиртуяа, Бадамсэд нар орсон. Хэсэг хугацааны дараа машины хажууд хүмүүс орилоод байхаар нь би явж очиход Бадамсэд, Шижиртуяа нар ирж байсан ба энэ охидууд бид хоёрыг “бүдүүн авгай” гэх мэтээр хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Гэтэл цаанаас нэг туранхай эмэгтэй гүйж ирээд Шижиртуяаг үсдэж аваад толгойг нь доошоо дарсан. Тэгэхэд цаанаас нэг залуу гүйж ирээд “хайраа үснээс нь зулгаахаа боль оо” гэж байсан. Тухайн охин Шижиртуяагийн үснээс нь зулгаагаад тавихгүй болохоор би дүүгийн гар утаснаас Цагдаад дуудлага өгөхөд тухайн залуучууд зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч А.Бүдхандын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой найзуудын хамт цэцэрлэг хүрээлэн орж хоёр пиво уусан. Б.У бид хоёр машинаасаа холдоод ярилцаад зогсож байхад хажуугаар өнгөрсөн хоёр эмэгтэйн нэг нь надаас гал асуусан. Би халаасаа уудалж үзэхэд гал байхгүй байхаар нь “надад гал байхгүй байна” гэж хэлсэн чинь нэг намхан эмэгтэй нь “гичий чинь” гэж хэлсэн. Миний уур хүрээд машин руугаа явсан. Б.У тэр хоёр эмэгтэйтэй ярилцаад үлдсэн” гэх мэдүүлэг[5],

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №4398 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...У.Шижиртуяагийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний дотор булан хэсэг, зүүн  хацрын зулгаралт, зулайн хуйхны  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлйн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэх дүгнэлт[6],

7. Хохирогч У.Шижиртуяагийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажлынхаа 2 эгчтэй хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр хүнтэй уулзах гээд явж байсан чинь 2 автомашинтай 7-8 хүүхдүүд чанга чанга хөгжим тавиад архи уугаад байгаа бололтой бид гурвыг хажуугаар нь гарах төдийд “бүдүүн авгай нараа, бүдүүн гичий нараа” гэх мэтээр доромжлоод байсан. Машинд нэг нь үлдсэн болохоор бид хоёр цааш явж хүнтэй уулзаж утсыг нь өгөөд буцаад машин дээрээ очихоор явж байхад нөгөө хүүхдүүд бүр доромжлоод эхэлсэн.  Бид хоёр ч тийм их ойр очоогүй хэдэн метрийн цаана байсан. Тэгсэн нэг охин машинаас бууж ирээд намайг ямар ч үгийн зөрөөгүй үсдэж, маажаад өшиглөж эхэлсэн. Тэгээд надтай цуг явсан нэг эгч цагдаа дуудсан чинь зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Угийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч У.Шижиртуяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

                                  Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Уд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Уд анхааруулав.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Еншүбү овогт Болормаагийн Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Угийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч У.Шижиртуяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Уд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 18 дугаар тал